Categories
мэдээ нийгэм

Гал түймрийн аюулд бага насны хүүхдүүд илүү өртжээ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын өвлийн амралт эхлэсэн энэ үед бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр орхихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас эцэг эх асран хамгаалагчдад анхаарууллаа. Өнгөрч буй онд гал түймрийн ослын улмаас амиа алдсан хүүхдийн тоо эрс нэмэгджээ. Онцгой байдлын ерөнхий газарт ирсэн мэдээллээр улсын хэмжээнд нийт 4377 удаагийн объектын гал түймэр бүртгэгдэж, үүнд 34 хүн түлэгдэж гэмтсэнээс арав гаруй нь хүүхэд байжээ. Мөн 50 хүн нас барсаны 12 нь бага насны хүүхэд байсан аж.

Иймд өчигдөр Нийслэлийн онцгой байдлын ерөнхий газраас ахуйн гал түймэр хамгийн их гардаг Баянзүрх дүүрэгт үзүүлэх сургалт зохион байгуулж, гэр хорооллын айлуудаар хяналт, шалтгалт явуулж эхэлжээ. Пийшингийн буруу галлагаа, хэт галлах, үнс нурмаа ил задгай асгах, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, шугам сүлжээний ашиглалт, угсралтын буруу холболт зэрэг үйлдлээс гал авалцах, угаартах цаашлаад амиа алдах, эд хогшил, гэр оронгүй болох тохиолдол их гардаг аж. Нийт ард иргэдийг зуухаа буруу галлахгүй байх, цахилгаан хэрэглэлийнхээ шугамын холболтыг мэргэжлийн хүмүүсээр зөв холбуулах, цогтой үнс, нурмаа ил задгай асгахгүй байх, бага насны хүүхдийг ганцааранг орхихгүй, цоожлож үлдээхгүй байхыг сэрэмжлүүлсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *