Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын тусгаар тогтнол ба 1911 оны хувьсгал

Өнөөдөр Үндэсний эрх чөлөөний өдөр. 104 жилийн өмнөх энэ өдөр манай улс бүрэн утгаараа тусгаар тогтносноо дэлхий дахинд албан ёсоор зарлаж байлаа. Тэмдэглэлт уг өдрийг угтаж түүхийн шинжлэх ухааны доктор, Төрийн соёрхолт түүхч О.Батсайхан Иргэний танхимд “Монголын тусгаар тогтнол ба Богд хаан” сэдэвт илтгэл тавьсан юм.

ТУСГААР ТОГТНОЛОО СЭРГЭЭЖ, ТӨР УЛСАА ЭМХЛЭН БАЙГУУЛАВ

1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр монголчууд манж гүрний эрхшээлээс салж 200 гаруй жилийн дараа бие даан тусгаар тогтносноо дэлхий дахинд албан ёсоор тунхаглан зарласан. Мөн өдрийн морин цагт өлзий учрал бүрдсэн бурханы шашны тэргүүн Богдыг Монгол Улсын эзэн хаанд өргөмжлөх төрийн их ёслолд Монголын хан, ван, гүн зэрэг ноёд, лам хувраг, хүрээнд сууж байсан гадаадынхан зэрэг олон хүн оролцжээ. Ноёдоосоо эгэл ардаа хүртэл магнай тэнийтэл баярласан эл түүхэн баярт үйл явдал өглөөнөөс орой нар шингэх хүртэл үргэлжилж, ёслолд оролцсон хийгээд сэтгэл санаа нэгтэй монголчууд цэнгэлийн манлай эдэлсэн байдаг. Богд гэгээн Монгол Улсын эзэн хаанаар өргөмжлөгдөөд буулгасан анхны зарлигаараа Монгол Улсын Засгийн газрыг таван яамтай эмхлэн байгуулжээ. Улмаар тулгар төр байгуулах хэрэгт үнэнхүү сэтгэлээр зүтгэсэн Да лам Г.Цэрэнчимэд, Чин ван М.Ханддорж, гүн Намсрай, бэйс Гомбосүрэн, түшээ гүн Чагдаржав нарыг яамдын сайдаар тохоон тавьж, 60-70 настан бүрт гурван лан, 80-90 настан бүрт зургаан лан, 90-100 настанд есөн лангийн хишиг хүртээжээ..

Мөн шоронд хоригдсон бүх хоригдлыг сулласан байна. Ийнхүү эзэн Чингисийн байгуулсан Их Монголын гал голомт сэргэж, Ази тивд Монгол Улсын шинэ түүх эхэлжээ. Энэ өдрөөс хойш Богд хааны зарлигаар монголчууд үндэсний хувцас өмсөж, харийн бүх зүйлийг хэрэггүй гэж үзэв. Монголын төрийн тамга, төрийн бүхий л зүйлс заавал монгол бичгээр бичигдэхийг зарлигдсан байна. Богд хааны тамганд зөвхөн монгол бичиг хэрэглэхийн зэрэгцээ хааны хувцас, төрийн түшмэдийн өмссөн зүүсэн бүхэн монгол байхыг зарлиг буулгажээ. Түүнчлэн алтан ургийн хэлхээ тасраагүй явж ирснийг түүх шастирт бич хэмээн зарлиг буулгав. Богдын зарлигаар бүтээсэн ноёдын уг шастир Эзэн Чингисээс ХХ зууны хориод он хүртэл хэдэн үе дамжин ирснийг шастирт буулгаж үлдээжээ.

БОГД ХААН

VIII Богд Жавзундамба тавхан настайдаа эцэг эх, ах дүүсийн хамт Хүрээнд иpснээс хойш түүний бүхий л амьдpал Монголын түүхтэй нягт холбогдсон юм. Богдыг багаас нь төвд, монгол хэл бичиг, шашин болон дорно дахины ёс заншилд шавдуулан сургаж, монгол язгууртны жишгээр өсгөжээ. Тэрээр бага наснаасаа л хүүхдүүдтэй тоглон, монгол айлд хонож өнжин, монгол ахуй зан заншил дунд идээшин өссөн бөгөөд багадаа унаж байсан ямааны эмээл нь эдүгээ Богд хааны музейд хадгалагдсаар буй. Богд багадаа ээжтэйгээ хоёул аж төрдөг ядмагхан амьдралтай Мөрлэгцэг хэмээх хүүтэй ихэд дотно үерхэн, ядуу амьдралд нь тус дэм үзүүлэн өвөлдөө гэрийг нь давхарлуулан дулаалж өгч, Ганданд байшин бариулж байсан гэдэг. Эрийн цээнд хүрсэн хойноо ч Богд бага насны нөхөрлөлөө дурсан, найзыгаа бүхий л талаар дэмжиж байсан ч Мөрлөгцэг тусыг усаар хариулах гээч болж байсан гэдэг. Богд гэгээн нэлээд чөлөөт үзэл бодолтой, хэн нэгнээс хараат бус амьдрал зохион, бие даан шийдвэр гаргах чадвартай гэгээнтэн-залуу язгууртан болон төлөвшиж, залуу насандаа орос, хятад болон бусад гадаадын худалдаачдын авчирсан үнэт зүйлсээс гар татахгүй авч, сүүлдээ Европ, Америкт дөнгөж худалдаанд гарсан машин, мотоцикль хүртэл хэд хэдийг авчран Монголын хээр талд хурдлуулж байжээ. Түүний энэ байдлыг зарим талаар хэтэрхий үрэлгэн зан гаргаж байна, ёс бус хүмүүст уруу татагдах вий хэмээн багш нар нь сэрэмжлэн монгол эхнэртэй болгохоор идэвхтэй оролдож байсан байдаг. Богд Сэцэн хан аймгийн Жонон ван Цогбадрахын хошууны Цэндийн охин Дондогдуламыг хатнаар өргөмжлүүлсэн байна. Богд гэгээн Дондогдуламтай сууснаас хойш үрэлгэн зангаа орхиж, бүхий л сэтгэл зүрхээ Монгол дахь бурханы шашны хөгжил хийгээд монголчуудын үндэсний тэмцлийн төлөөх үйлсэд зориулах болсон байна.

Богд хаан хэд хэдэн хүүхдийг үрчлэн авч өсгөн бойжуулсны дотор Монгол Улсын төрийн дуулал зохиосон, алдарт хөгжмийн зохиолч Л.Мөрдорж, Монгол Улсын Ерөнхий сайд байсан М.Энхсайханы эхнэр Шүрэнцэцэгийн аав Эрэнжав нар багтаж байв. VIII Богд Монголд шарын шашныг тэргүүлж байсан Богдуудаас ганцаараа гавж цолтой хүн байсан бөгөөд гавжийн дамжаа барихын тулд тус бүр 700 гаруй хуудас таван дэвтэр номыг цээжилж байжээ. Төвд гаралтай байсан ч Богд гэгээнтэн Монгол Улсын шашны тэргүүний хувиар ч, энэ л нутагт өсч торнин ээнэгшин дассан хувь хүний хувиар ч Монгол Улсын тусгаар тогтнох үйл явцад жинтэй хувь нэмэр оруулсан гавьяатан юм. 1911 оны долдугаар сард ноёдын нууц зөвлөгөөн Богд гэгээний “Цаг болов” хэмээн зарлигдсан ёсоор болжээ. Тус зөвлөгөөнөөс Түр засгийн газрыг нууцаар байгуулж, Орос улсаас тусламж эрэх төлөөлөгчид явуулах, цэрэг, зэвсэг, мөнгө санхүү бэлдэх зэрэг олон ажлыг төлөвлөж, Орос явах элчид Чин ван Ханддорж, да лам Цэрэнчимэд, түшмэл Хайсан нарыг томилжээ. Энэ үеийн бүхий л асуудлыг зохицуулж, үндэсний тэмцэл өрнүүлэхэд Богд гэгээнтэй хамгийн ойр байж, хамтарсан ноёд нь Сайн ноён Намнансүрэн, Түшээ гүн Чагдаржав хоёр байлаа. 1911 оны аравдугаар сарын 21-нд Хүрээнд ирсэн Добданов В.Котвичид бичсэн захидалдаа Монголын улс төрийн байдлын тухай “Халхын амьдралын ирээдүйн бүх боломж ганцхан Богд хааны гарт байна” хэмээж байлаа.

МОНГОЛ ОВОГТНОО НЭГТГЭХИЙН ТӨЛӨӨ

Богд Жавзундамба хутагт хаан сэpгээн мандуулсан Монголын төpийн тусгааp тогтнолдоо нийт монголчуудыг хамpуулахыг зоpьж, хааны зарлигаар дотоод, гадаад олон монгол нэгдэж, нэгэн улс гэрээ төвхнүүлэхийг уриалахад Өмнөд Монголын 49 хошууны 38 нь Монгол Улсад дагаар орохоо илэрхийлсэн байдаг. Магсар хурцын бичсэнээр тусгаар тогтнолоо тунхаглан зарласан Монгол Улсад дагаар орохоор илэрхийлсэн Өмнөд монгол, барга, урианхай гээд олон монголчуудын хошууны тоо 100 давсан буй. Богдын засгийн газарт Өмнөд Монголын Удай ноён, Хайсан гүн, Баргын Манлай ван Дамдинсүрэн, гүн Цэнд нарын олон хүн дэд сайд хүртэл алба хашиж байсан байдаг.

ГАДААДЫНХАН БОГДЫН ТУХАЙ

Богд эзэн хаан лугаа уулзсан Оросын Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч И.Я.Коростовец түүнийг “эзэн хаан” хэмээн нэрлэж, бүхий л асуудлаар өөрийн гэсэн үзэл бодолтой болохыг нэг бус удаа илэрхийлсэн байдаг. Тухайлбал, 1912 онд Орос, Монголын хооронд Найрамдлын гэрээ байгуулахад Богд хаан Засгийн газрын гишүүддээ Орос улстай найрамдал тогтоох учиртай талаар бүр тодорхой үүрэг өгч, уг гэрээнд гарын үсэг зурахыг зарлигдсан байдаг. Богд хаан Оросын эзэн хаан, Японы эзэн хаанд өөрийн нэрээр захидал хүргүүлж, Монгол Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэхжүүлэх хийгээд Өмнөд Монголчуудын талаар санаа зовниж буйгаа илэрхийлсэн байдаг.

Шашны тэргүүн, төр улсын эзэн хаан гээд бодвол эгэл хүний амьдралаас арай өөр ордны тодорхой ёс дэглэмтэй орчинд өсч торнисон Богд бээр бүхий л монголчуудын хүндлэлийг хүлээсэн нэгэн байв. Түүнтэй уулзах нь бүү хэл дүрийг нь харахад ч сүлд хийморь сэргэнэ хэмээн монголчууд сүслэн дээдэлж байсан юм. Богдын ордны ёс дэглэм бол маш нарийн зохион байгуулалттай байсан бөгөөд түүнд айлтгах, түүнтэй уулзах нарийн дэг жаяг олон жилийн турш мөрдөгдөж байв. Богдын ордонд суух ноёд, сайд нарын суудал, төрийн болон лам хүмүүсийн өмсөх хувцас хүртэл тодорхой дараалалтай, хэлбэр дүрстэй байхаар хуульчилсан байдаг. Богдын ордны гадаа “буруу үг хэлэв” гээд албан тушаалаасаа огцорсон түшмэл хүртэл байжээ. Богд гэгээн маш ухаантай, номтой хүн байсан бөгөөд ойр, холын ирээдүйг харж, зөгнөсөн, зүүдээрээ илэрхийлсэн нь нэг бус билээ. Тийм л нэгэн баримтыг Богдын нярав байсан Дамдин хэмээхээс бүр хүзүүндээ түлхүүрийг нь зүүж нууж байсан авдраас нь авч ил болгосон юм. Энэ бол Богдын нууц лүндэн гэсэн нэртэй байжээ.

Тухайн үедээ Богд хаанд төрийн бүх сайд, ноёд, бүр Ардын намын дарга цэрэг хүртэл өчиж мөргөдөг байсан нь нууц биш. Богд эзэн хааны хувийн амьдралын талаар “архи уудаг”, “авгай эргүүдэг” ч гэх юм уу иймэрхүү сөрөг мэдээлэл тархаж, коммунизмын үзэл суртлаар бүтээсэн кино, уран зохиол олон хүний тархийг угаасан юм. Энэ бол шулуухан хэлбэл, шашныг үгүй хийхэд чиглэсэн үзэл суртал байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *