Categories
мэдээ цаг-үе

Оюунбадамын Сундуй: Миний аз жаргалын нууц бол хүүхдийн гэгээн ертөнц юм

О.Сундуй, зохиолч Д.Урианхайн хамт

Оны шилдэг бүтээлд олгодог “Алтан-Өд”-ийн гурван удаагийн эзэн, Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт хүүхдийн зохиолч О.Сундуйтай уулзаж ярилцлаа. Түүнийг “Зуны нар мөхөөлдсөнд дуртай”, “Зочин”, “Хүүхэлдэйн чинээ ээж”, “Аймаар том нохой”, “Нисдэг хулгана Чинүүхэй ба Алимаа охин” зэрэг зохиол бүтээлээр нь уншигч хүүхдүүд анддаггүй юм. Тэрээр 1980 оноос “Оюунтүлхүүр”, “Тоншуул” сэтгүүлд шүлгүүдээ хэвлүүлэх болсноос хойших гуч шахам жилийн хугацаанд 20 гаруй өгүүллэг, туужийн ном хэвлүүлээд байна. 1992 онд анхны тайз дэлгэцийн бүтээл “Долоон хожгор, нэг можгор” дуулалт жүжиг нь нийтийн хүртээл болсон бол “Шарга даага” кино нь нэр хүндтэй шагнал хүртэж байсан билээ.

-Оны шилдгийн шилдэг хүүхдийн зохиолч гэсэн хүндэт шагналын эзэн болсонд баяр хүргэе. Хаанаас ийм том шагнал хүртэв дээ?

-Хүүхдийн зохиолч, хүүхдийн номын зураач, хөгжмийн зохиолч нарын эвлэлдэн нэгдсэн “Эвт үзэг” гэсэн уран бүтээлийн байгууллага байдаг. Нийт гуч гаруй гишүүнтэй байгууллага л даа. Энэ байгууллагаас оныхоо шилдэг уран бүтээлчийг шалгаруулж байхаар тогтсон юм. Тэгсэн анхны шагналын эзэн болчихлоо. Ах нь маш их баяртай байна даа.

-Та улирч буй онд уран бүтээлийн олз омог арвинтай л байж дээ?

-Би зургадугаар сард өгүүллэгийн “Шарга даага”, шүлгийн “Шүлэгч хүүхдүүд” гэсэн номууд гаргасан. Мөн “Мир” хэвлэлийн газартай хамтран “Миний тоглоомууд” гэсэн шүлгийн ном хэвлүүлсэн. Хөгжмийн зохиолч А.Балжиннямтай хамтран “Бид эх орондоо хайртай” ном, цомгийг бяцхан уншигчдадаа өргөн барилаа. Хөгжмийн зохиолч Алтангэрэлтэй хамтран “Олз” хүүхдийн дуулалт жүжгийг туурвисан. СУИС-ийн багш, найруулагч Тунгалагтай хамтран “Хамгийн хөөрхөн охин” хүүхдийн жүжгийг сургуулиудад тоглосон. Нисэхийн сургуульд нээлтээ хийсэн. Чингэлтэй дүүргийн Соёлын ордны захиалгаар “Өнчин ботгоны дууль” дуулалт жүжиг бичиж өглөө. Удахгүй тайзнаа амилна.

-Аргагүй л шилдгийн шилдэг зохиолч болохоор хөдөлмөрлөжээ?

-Хүүхдийн зохиолын гол төрөлд дуу ордог юм. Хөгжмийн зохиолч Батболд, Амарбаяр, Цэвээнсүрэн, Балжинням нартай олон дуу хийсэн байна. Урдах уран бүтээлээ хийгээд явж байхад урмын ташуур хэрэгтэй л байдаг юм байна. Тэрнээс уран бүтээлчид хоорондоо уралдана ч гэж юу байх вэ. Гол уралдуулдаг, дүгнэдэг шүүгчид чинь уншигчид л байдаг юм шүү дээ. Мэргэжлийн, гал тогооны нөхөд маань шалгаруулаад шагнахаар бас их сайхан санагдаж байна. Уран бүтээлчид тэгтлээ нэг их хэлхэлдээд, уулзаад байхаа больчихсон энэ үед хүүхдийн уран бүтээлчид бид Хүүхдийн номын ордонд байнга уулзаж учирч, уран бүтээлийн урам зоригийг нэгнээсээ байнга авч байдаг юм.

-Хүүхдийн зохиолын төрлөөр бичдэг шавь нартай болж байна уу?

-Хүүхдийн уран зохиолд орж ирж байгаа шавь нар мэр сэр байнаа. Тухайлж нэрлэх юм бол Д.Энхтуяа, Т.Энхтуяа, Аззаяа нар байна. Хүүхдийн уран зохиол гэдэг гол дүр нь хүүхэд байхаас гадна хүүхдэд тохиолдсон явдлууд байх учиртай. Уншигчид маань хүмүүжлийн талаасаа, эх хэл хэрэглээний талаасаа төлөвшөөгүй байдаг учраас сайн зохиол өргөн барихын төлөө маш шургуу хөдөлмөрлөх хэрэгтэй байдаг. Бидэнд байгаа нийтлэг нэгэн дутагдал нь хүүхдээсээ жаахан холдчихжээ. Өнгөрөгч нэг жилийн хугацаанд би гэрээрээ уран бүтээлээ хийж суулаа. Номуудаа гаргаж нэлээд олон сургуулиар явлаа. БСШУЯ-наас зохиодог “Ном” хөтөлбөрийн хүрээнд ч бяцхан уншигчидтайгаа багагүй уулзлаа. “Сургууль дээр юу тохиолддог вэ” гэсэн зохион бичлэгийг сурагчдаар бичүүлж шалгаруулсан. Хүүхдийн жаргал, зовлон бас их тохиолддог юм байна.

Нэрт зохиолч гэргийн хамт

-Таны өгүүллэгээр бүтсэн “Шарга даага” кино ямар санагддаг вэ?

-Сайхан байлгүй яахав. Зохиол байх нэг өөр. Тэрийг кино зохиол болгож хувиргаад, дэлгэцийн бүтээл болгоно гэдэг илүү гайхалтай. Үнэхээр дэлгэцийн бүтээлийн хүнд хүрэх хүч чадал гэдэг агуу юм.

-Таны төрсөн нутаг Төв аймгийн Угтаалцайдамд зураг авалтыг нь хийсэн байгаа. Киног үзээд хүүхэд насны сайхан дурсамжууд хөвөрсөн болов уу?

-Угтаал сум маань цай буцлахын зуур л давхиад очмоор ойрхон байна. Тэгсэн мөртлөө юу юугүй очоод байхгүй юм. Зун намартаа очсон. Нутагтаа очих сайхаан. Энэ их зав чөлөөгүй нийгмээс хөндийрч багын сайхан диваажиндаа очих ямар ч амар амгалан юм. Миний төрсөн нутаг ямар ч сайхан юм. Дэргэд нь байхдаа тэр сайхныг тэгж нарийн мэдэрдэггүй юм шиг санагдсан. Өнөө Гүррагчаа баатар сансарт нисэж ирээд “Миний дэлхий чинь яасан гоё, ямар ч жижигхэн юм бэ дээ” гэж дуу алдсан байдаг шүү дээ. Тэрэн шиг дэлгэцнээс хараад би ямар сайхан нутагт төрж, өсөө вэ хэмээн бодож, эх нутгаа хайрлах хайр бялхаж байлаа.

-“Шарга даага” киноны өгүүллэгийг та хэзээ бичсэн юм бэ?

-2008 онд “Эх нутаг” нэртэйгээр бичиж байлаа. Энд сонирхуулахад миний бага охин нэг удаа төрсний гэрчилгээгээ үзэж байснаа “Би Улаанбаатарт төрсөн байхад Төв аймгийн Угтаалцайдам гээд биччихэж” хэмээн их л гайхсан байртай асуусан юм. Тэр үед би охиндоо Угтаалцайдамд аав ээж нь ажиллаж амьдарч байхад “Чи ирсэн юм. Харин эхээс мэндлэхдээ Улаанбаатар хотод төрсөн. Тэгэхээр миний охины төрсөн газар Улаанбаатар, эх нутаг Угтаал юм” гэдгийг тайлбарласан. Эндээс үүдээд “Эх нутаг” нэртэй жижигхэн өгүүллэгээ бичиж байлаа. Хожим ийнхүү уран бүтээлчдийн санаагаар дэлгэрээд кино болсон. Ер нь нутагтаа очоод унаа тэрэгнээс буугаад эргэн тойрноо харан алхаж явах үнэхээр жаргалтай. Багын найз нартайгаа уулзана. Нэлээд хэдэн зохиолынхоо санааг алхаж яваад олсон болохоор би “Алхах зуур” гэж нэг ном бичиж эхлээд байна. Энэ номынхоо онч мэргэн үгийн хэсгээс сая “Утга зохиол, урлаг” сониныхоо ойд зориулсан уралдаанд өгсөн.

-Та өөрийгөө аз жаргалтай хүн гэж боддог уу?

-Хүнд нутагтаа очиж амар амгаланг мэдрэх, сайн сайхан амьдрах, сайн хань байх гээд аз жаргалын олон хэмжүүр бий. Надтай уулзсан нэг хүн “Чи дандаа л инээж явах юм. Аз жаргалтай хүн юм аа” гэж байсан. Би хүүхдийн ертөнцтэй ойрхон байдаг уран бүтээлч. Хүүхдүүд гэдэг чинь гэгээн ертөнц. Тэдэнтэйгээ уулзаад, зохиол бүтээлээ уншиж өгөөд явж байхад надад үнэндээ жаргалтай байдаг. Тэгэхээр тэр хүний гайхах нь ч аргагүй юм гэж бодсон. Миний шүлгүүд чинь хүүхдийн наргиантай явдлаас сэдэвлэсэн байдаг. Бага насны гэгээн дурсамжаараа бичсэн бүтээлээ бодоод явж байхад ч сэтгэл сайхан байдаг. Хүн юугаараа баян байна түүндээ л сэтгэл ханаж байвал болно биз дээ хө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *