Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-оос Сонгуулийн хуулийн тухай нийтлэлийг уншаарай

“Өдрийн
сонин”-ы даваа гаригийн шинэ дугаар нийтлэгдлээ. Үндэсний эрх чөлөөний
хувьсгалын удирдагч VIII Богд Жавзундамба хутагтын лавринд саатсан тэмдэглэлийг
өнөөдрийн дугаарын тэргүүн нүүрэнд онцоллоо. Тэртээ 1911 онд монголчууд 220
жилийн Манжийн дарлалаас чөлөөлөгдөн, тусгаар тогтнолоо баталсан билээ. Мөн оны
арванхоёрдугаар сарын 29-нд Богд Жавзундамба хутагтыг шашин төрийг хослон
баригч хаанаар өргөмжлөн, дэлхийн улс орнуудад албан ёсоор тусгаар тогтнолоо
тунхаглан зарласан. Эл түүхэн өдрийг улс орон даяар тэмдэглэн бүх нийтээр
амардаг болоод хэдэн жилийг ардаа үдэж байна. Тэмдэглэлт ойн өдөр маргааш
тохиож буйтай холбогдуулан бид ийнхүү Богд хааны өвлийн ордонд саатан, даваа
гариг болгон гардаг “Танайд өнжье” булангаа бэлтгэсэн юм. Богд хааны ахуй амьдрал,
ордон музейтэй танилцсан “Танайд өнжье” булангийн үргэлжлэлийг арванхоёр,
арвангуравдугаар нүүрнээс уншаарай.

Улс төрийн мэдээ мэдээллийг голчлон хүргэдэг хоёрдугаар нүүрэнд УИХ-ын гишүүн,
хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаатай хийсэн ярилцлага нийтлэгдлээ. Өнгөрсөн
долоо хоногт баталсан Сонгуулийн тухай хуулийн төсөл, ирэх 2016 оны сонгуулийн
эргэн тойрон мэдээ мэдээлэл, санал тоолох хар машины маргаан гээд
сонгуультай холбоотой асуудлаар түүнтэй ярилцжээ.

Харин гуравдугаар нүүрт “Сонгуулийн бусад хуулиуд
хүчингүй болж, нэгдсэн нэг хуультай болж батлагдлаа” нийтлэл хэвлэгдлээ.
Өнгөрсөн баасан гаригийн чуулганаар УИХ-ын сонгуулийн хуулийг батласан. Гурван
ч төсөл явж байснаас УИХ-ын гишүүн Р.Бурмаа нарын өргөн барьсан Сонгуулийн
хуульд суурилан Су.Батболд нарын хуулийн гол санааг тусгаж, О.Баасанхүү нарын
өргөн барьсан хуулийн төслийн нэгтгэж оруулснаар ажлын хэсэг дээр нэлээд
хэлэлцсэний эцэст, хуралдаанд оролцсон 60 гишүүний 52 нь дэмжсэнээр
Сонгуулийн хууль батлагдсан юм. Сонгуулийн тогтолцоо өмнөх сонгуулийнхтай адил
48/28 гэсэн холимог хувилбар хэвээр байхаар болсон. Энэ мэтчилэн шинээр
батлагдсан сонгуулийн хуулийн эргэн тойрон дахь сонин хачин мэдээллийг нийтлэлч
Д.Мөнгөндалайгийн эл нийтлэлээс хүлээн авч уншаарай.
Мөн хоёр болон тавдугаар нүүрт МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
Ж.Мөнхбаттай хийсэн ярилцлагыг нийтэлсэн байна. Сонгуулийн шинэ баталсан хуульд
МАН ямар байр суурьтай байгаа болон бусад асуудлаар түүнтэй ярилцжээ.
“Өдрий сонин” нийгэмд хүндтэй байр суурь эзэлсэн хүмүүсийн сонирхолтой
лекцүүдийг сорчлон нийтэлдэг билээ. Өнгөрсөн бямба гаригт Эрдэнэ зуу хийдийн
хамба лам Х.Баасансүрэнгийн “Зүрхийг тань дайлъя” лекц “UB palace”-т
болсон. Хүний амьдралын зовлон, жаргал, хүсэл шунал гэгч юу болох, хүн
яавал жаргалтай амьдарч чадах талаар сургасан, сонирхолтой жишээгээр дүүрэн
түүний лекцийг манай сонины наймдугаар нүүрнээс уншаарай.
“Хөгжлийн банкийг шалгах нь, хурай хурай гэх үү бас” нийтлэлийг арваннэгдүгээр
нүүрнээс унших боломжтой. Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаас эхлүүлээд захирал,
газар, хэлтсийн дарга нарыг Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн
шал¬гаж эхэлсэн тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногт шуугиан тарьсан. МАН-ын
залуучуудын шахалтаар Хөгжлийн банкныхны удирдлагуудыг шалгахаар болж байгаа
тухай мэдээлэл бий. МАН-ын залуус сошиал ерөнцөд энэ тухай мэдээллийг
онцолж, “Хөгжлийн банкныхны захирлаас авахуулаад газар, хэлтсийн дарга нарт
эрүүгийн хэрэг үүсгэж шалгахаар болжээ, хурай хурай” гэж жиргэжээ. МАН-ын
залуусын энэхүү ёс суртахуунгүй үйлдлийг эл нийтлэлд хэрхэн шүүмжилснийг
арваннэгдүгээр нүүрнээс унших боломжтой.
УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн долоо хоногт “Буянт-Ухаа 2” орон сууцны
цогцолборын нээлтэд оролцохдоо олны анхаарлыг татсан нэг мэдэгдэл хийлээ. Орон
сууцны найман хувийн зээлийн хүүг одоогийнхоос ч багасгах боломж байгаа гэсэн
УИХ-ын даргын үг Цэцийн шийдвэрээс болж байрны зээлэнд орох үгүйгээ мэдэхээ
больсон хүмүүсийн анхаарлыг татсан юм. Байрны метр квадратыг нь 1.2 саяар
үнэлбэл байрны зээлийн хүүг дөрвөн хувь болгох боломжтой ажээ. Энэ талаарх
мэдээллийг сонирхож байвал арваннаймдугаар нүүрийг сөхөөрэй.
Монголын удирдагчдын нэг Юмжаагийн Цэдэнбал агсны бие хамгаалагч, эмчээр
ажиллаж байсан Л.Нанзад комиссартай хийсэн сонирхолтой ярилцлага арванесдүгээр
нүүрт хэвлэгдсэн байна.
Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээллийг манай сонины шинэ долоо хоногийн
дугаараас унших боломжтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *