Categories
мэдээ цаг-үе

​Байгаль хамгаалах үйлсэд амиа зориулсан Т.Лхагвасүмбэрэл агсны ангийнхан

“Ирвэс хамгаалах сан”-гийн биологич, ирвэс судлаач Т.Лхагвасүмбэрэлийн дурсгалыг хүндэтгэх ажиллагаа уржигдар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд болсон. Энэ үеэр БОНХАЖЯ-ны сайд Н.Батцэрэг “Талийгаачтай уулзаж үзээгүй ч түүний ажилч хичээнгүй, хүнлэг энэрэнгүй, төлөв даруу зан чанар, мэргэжилдээ эзэн болсон байгальд элэгтэй нэгэн байсныг ойр дотнынхноос нь сонсож мэдлээ. Түүний эхлүүлсэн их үйлсийг үргэлжлүүлэх болно” хэмээн мэдэгдсэн. Ганц талийгч гэлтгүй их сургуулийн нэг ангийн хамт олон нь байгаль орчныг судалж, зэрлэг амьтдыг хамгаалах их үйлсэд өөрсдийн үнэтэй хувь нэмрийг оруулсаар байгаа шинэ үеийнхэн гэдгийг Монголын байгаль орчны иргэний зөвлөл болон “Ирвэс хамгаалах сан”-гийн төлөөлөгчид энэ үеэр өөр хоорондоо ярилцаж байсан юм. Тиймээс МУИС-ийн Биологийн сургуулийн төгсөгчдийг энэ удаагийн “Нэг анги” буландаа оруулахаар шийдсэн юм.

Их сургуулиа 60 гаруй хүүхэд төгссөн болохоор хамгийн багадаа хоёр хүүхэд тутмын нэг нь ирэх байх гэж тооцон болзсон газраа очвол ширээний ард дөрөв тавхан хүн сууж байлаа. “Танай ангийнхан чинь цагаа баримталдаггүй улс юм аа даа. Тэглээ ч замын түгжрэл, бөглөрөл ихтэй учраас хэсэг хугацаанд бусдыгаа хүлээх нь дээ” гэвэл “ангиараа уулзалдана гэдгээ фэйсбүүк дэх группдээ өчигдөрхөн бичсэн. Ихэнх нь хөдөө гадаа судалгаа шинжилгээний ажлаар явцгаачихаж. Бүр нэлээн олон хүүхэд хөдөө орон нутагтаа мэргэжлээрээ суурин ажиллаж байгаа. Улсын болон нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагад ажилладаг хүүхдүүд жилийн эцсийн тайлантай болохоор завгүй гэсэн. Гадаадад докторын зэргээ хамгаалахаар суралцаж байгаа тав зургаан ч хүүхэд бий. Уг нь манайхан чинь хүн хүлээлгэдэг хүнд сурталтнууд биш. Уулзах товоо ганц хоногийн өмнө зарласан болохоор бид хэд л ирлээ” хэмээн өндөр бор залуу хэлтэл хажууд нь сууж байсан тайрмал үстэй бүсгүй “Манайхны ажлын онцлог гэх үү дээ.

Байнга л сургалт судалгаа хийхээр хөдөөгүүр явдаг. Ямар сайндаа 2010 онд сургуулиа төгссөнийхөө дараа манайхнаас тав зургаан хүүхэд хурим найраа хийгээд, ангийнхныгаа урьсан ч тав зургаахан хүүхэд очсон гэсэн. Би л гэхэд говиор судалгааны ажилд явж байгаад нэг ч хуриманд очиж чадаагүй. Бидэнд тухайн үед хоёр гурван сарын өмнөөс хэлж захиад байсан юм шүү дээ” гээд хэсэг дуугүй сууцгаав. Тэгтэл өнөөх бүсгүй “Одоо нэгэнт бидний ажлын онцлог юм хойно цөөхүүлээ цуглалаа гээд гуниглаад яах билээ. Цөөхүүлээ хэдий ч олуулаа юм шиг инээж хөгжин, яриа хөөрөө дэлгэж чаддаг биз дээ” гэвэл бусдынх нь нүд сэргэн “Үнэхээр тийм шүү” гэцгээн ширээндээ дөхөн сууцгаалаа.

Тэд нэг, хоёрдугаар дамжаандаа ерөнхий эрдмийн хичээлээ хамтдаа судалсан бол гуравдугаар дамжаанаасаа микробиологи, амьтан, ургамал, генетик, биохими, биофизик зэрэг чиглэлээр дагнан суралцахаар болж, тав зургаан бүлэгт хуваагдсан аж. Ангийнхныхаа уулзалт дээр ирсэн хүмүүс бүгд амьтан болон ургамал судлалын бүлгийнхэн байсан юм. Б.Лянхуа “Бусад бүлгийнхнээ бодвол манай амьтан, ургамал судлалынхан хоорондоо илүү дотно байсан. Яагаад гэвэл хоёрдугаар дамжаандаа манай хоёр бүлгийнхэн цугтаа хөдөө хээрээр олон хоногоор судалгаа, шинжилгээний ажил хийж байсан юм. Тэгээд ч бидний судлах амьд биетүүд нэг дор байдаг нь ч үүнд нөлөөлсөн байх. Ургамал байгаа газарт мал амьтан байна. Мал амьтан амьдарч буй газарт ургамал ногоо бий. Хичээл дээрээ бол нэгнийхээ зүс нэрийг мэдэхээс хэтрэхгүй нэг ангийнхан хөдөө 20 хоног дадлагаар явахдаа жинхэнэ найзууд болоод ирнэ шүү дээ. Басхүү хөгтэй хөөртэй явдлууд олон болдог байж билээ. Зуны дадлага гэсэн чинь нэг хөгтэй явдал санаанд орчихлоо” гэвэл “Үнэхээр тийм шүү. Тэгээд ярь л даа” гэцгээн бусад нь түүний зүг анхаарлаа хандуулав. Тэрбээр “Нэгдүгээр дамжаагаа төгсөөд дархан цаазат Богд уулын Шажин хурахад 20 хоног дадлага хийсэн дээ. Ихэнх нь гэрээсээ удаан хугацаагаар гарч үзээгүй учраас хөдөө хээр олон хоногоор явах талаар ямар ч төсөөлөлгүй. Би ямар судалгаа шинжилгээ хийж, юу судлахаас илүүтэй 20 хоног усанд орохгүй яаж байна даа гэдэгт санаа зовж байсан” гэвэл бусад нь нир хийтэл инээлдэв. Үргэлжлүүлэн “Очсон өдрийнхөө маргаашнаас өглөөний 06 цагт шүглийн дуунаар босч эхэлсэн. Шүгэл гурван удаа дуугарахаас өмнө урьтаж бүгд гадаа жагсах ёстой. Эхний хэд хоногт өглөө эрт сэрж, жагсах гэж хөглөж өгсөн. Ихэнх нь нойрмоглоод, өрөөсөн оймстойгоо, зарим нь бүр гутал, цамцгүй жагсаалд зогсох бол энүүхэнд. Бүр удаад гарч ирэхгүй бол н.Жамсран багш таягаараа майхан руу цохиод “Хурдан гарч жагс” гэнэ. Тэгж тэгж нэг юм цуглаж аваад гүйнэ дээ. Хоёр гурван ч автобусны буудлын дайны газарт байх өнчин модыг тойрч ирнэ. Эхний өдөр гүйгээд маргааш нь хамаг бие хөндүүрлээд гүйж чадахгүй шинжтэй болчихгүй юу. Тэгэнгүүт ангийнхаа дөрөв таван охинтой цуг замдаа нэг гүвээний ард нуугдаж үлдээд, ангийнхнаа буцаад гүйж ирэнгүүт дагаад гүйчихсэн. Амьхандаа багш ямар дагаад гүйж байгаа юм биш, юугаа мэдэхэв гэж бодтол харин ч замдаа үлдсэн охидын нэрийг дуудаж гаргаж ирснээ дахиад гүйлгэдэг байгаа. Хажуухан дахь гүвээн дээрээс багш дурандаад зогсож байсан юм байна лээ л дээ. Тэрнээс хойш багшийгаа дахиж “хулхидаагүй” дээ” гэв.

Ингэж гүйснийхээ дараа өглөөнийхөө цайг уучихаад 08 цагт дадлагаа эхэлдэг байж. Өдөрт дунджаар 10-15 км хад асга, ой модоор алхаж судалгаа хийх шавьж хорхойгоо түүдэг байж. Энэ талаар С.Одончимэг “Нэгдүгээр дамжаагаа төгсөөд анхлан хөдөө яваад, амьтны дадлагын хичээл дээр жижиг хар хорхой, аалз, элдэв шавьжийг гараараа түүнэ шүү дээ. Эхэндээ айгаад түүх нь бүү хэл гар хүрч ч чадахгүй тул хөвгүүдээрээ түүлгэсэн. Хорхойгоо хүнээр түүлгэлээ ч судалгаа шинжилгээгээ зайлшгүй өөрөө хийх ёстой болохоор аргагүйн эрхэнд гар хүрч байгаа юм. Аалзны биеийн бүтцийг нарийвчлан судлах гээд гар дээрээ тавих ч өөрийн эрхгүй бие арзагануулна шүү дээ. Орилж, хашгичаад, сандарч чичрээд л бөөн юм болдог байсан. Нэгэнт энэ мэргэжилдээ дуртай учраас судалж буй жижиг биетээ зайлшгүй өөрийн гараар судалж, мэдэх ёстой гэсэн шаардлагыг дагахаас өөр гарцгүй. Долоо хоногийн дараа бол хөвгүүдээсээ өрсөж өнөөх шавьж, хорхойг бээлий ч өмсөлгүй түүдэг болсон доо” гэсэн юм. Үүнийг сонссон ангийнхан дотроос нь П.Батдэлгэр өндөлзөж ирснээ “Нээрээ хар хорхой гэснээс бас нэг хөгтэй явдал санаанд орчихлоо. Зуныхаа дадлагаар явахдаа ангийнхаа Ж.Мөнх-Эрдэнэтэй хамт нэг майханд орсон юм. Тэгсэн өнөөх маань үхрийн баасанд үүрлэдэг хар хорхойг судлахаар болчихдог байгаа. Тэгсэн гурил зуурдаг цагаан түмпэнгээ барьж гарснаа төд удалгүй дүүртэл хар хорхой түүгээд ороод ирчихсэн. Тэгтэл охид хоолоо идээрэй гэнгүүт өнөөхөө тэр чигт нь орхиж гарч явчихаад эргээд иртэл өнөөх савнаасаа хальж гараад, хувцас хунар, дэвтэр ном, шуудайтай боорцогт хүртэл орчихсон байж билээ. Тэр үнэр танар гэж ёстой ярих юм биш. Ядаж байхад Мөнхөө маань хорхойнууд гараад зугтчихна гэж санаа нь зовсон юм байлгүй, гарахдаа майхныхаа хаалгыг түгжчихээд гарчихсаныг ч хэлэх үү. Хоёулаа эхнэр нөхөр шиг хэрэлдээд, хамаг хувцсаа угаагаад, хөнжил гудсаа гаргаж гөвж билээ. Бүр шуудайтай боорцогныхоо дээгүүрх хэсгээс идэлгүй хаясан. Бас тэр үеэр анх удаа дадлагад явж байгаа учраас хоол ундаа дутуу дулимаг бэлдчихэж. Дадлагаас буухын өмнөх өдөр будаанаас өөр идэх юмгүй болчихвоо. Тэгсэн ангийн нэг охин ганцхан лаазалсан үхрийн мах гаргаж. Түүгээрээ 50-иад хүний будаатай шөл хийсэн гээд бод доо. Усаа буцалгаж байгаад нэлээд олон шанага будаа, өнөөх ганц лааз үхрийн махаа жижиглэж байгаад л хийсэн. Угтаа бол усанд чанасан будаа л даа. Тэр хийсэн үхрийн мах нь хаанаа ч хүрэх билээ. Гэхдээ л сайхан амттай байсан даа” гэсэн юм.

Монгол оронд хүний хөл хүрээгүй, судлагдаагүй дагшин газар ихтэй учраас гадныхан манайд ирж судалгаа их хийдэг болсон талаар өөр хоорондоо ярилцав. Ч.Мөнгөнсар “Наад зах нь Япон, Солонгос, Хятад зэрэг орноос өөрсдийн тарьж байгаа ургамал, тэжээж буй амьтныхаа анхны төрөл буюу байгаль дээрээ хэрхэн аж төрдөг, хэрхэн ургаж төлждөг болохыг судлах гэж ирдэг. Учир нь манайх шиг онгон зэлүүд, ариун дагшнаараа үлдсэн газар нутаг тун ховор. Эрс тэрс уур амьсгалд зохицсон ургамал, амьтны генийн онцлогийг бас их сонирхдог. Бид үүнийгээ дангаар судалъя гэсэн ч тоног төхөөрөмжгүй тул гадныхантай хамтрахаас өөр аргагүй болдог. Энгийнээр бол манай биологчдод ур чадвар нь байдаг бол гадаадын мэргэжилтнүүдэд тоног төхөөрөмж нь байдаг” гэсэн юм.

Гуравдугаар дамжаанд оронгуут ургамал болон амьтан судлалын бүлэгт тус бүр зургаа, долоон хүүхэд хуваарилагдан оржээ. Мэдээж өөрсдийнхөө хүсэлтээр. “Ирвэс хамгаалах сан”-гийн биологич, ирвэс судлаач Т.Лхагвасүмбэрэл агсан амьтан судлалын бүлгийг сонгосон байна. Тэрбээр сургууль төгссөнийхөө дараахан буюу 2010 онд “Ирвэс хамгаалах сан”-гийн өндөр босгыг давж мэргэжилтэн нь болжээ. “Талийгч оюутан байхын шударга хүүхэд байсан. Зарим оюутнууд 70 авчихаад 80 хувьд хүргэх гэж уйлах шахам гуйгаад, багш нараас дүн гуйдаг байсан бол талийгч маань 65 авчихаад “Миний мэдлэг чадвар энэ түвшинд байгаа юм байна. Энэ багшаас би дараагийн улиралд 90 хувь гэсэн үнэлгээг гуйж биш гуядаж авна аа” гэдэгсэн. Тэгээд л яах аргагүй тэр дүнгээ авдаг байсан даа” гэцгээн өөр хоорондоо ярьцгаав. Б.Янжмаа “Хоёр жилийн өмнө магистрын дипломын ажлаа бүр англиар биччихсэн байсан. Ийм тохиолдол тун ховор шүү дээ. Урьдчилсан хамгаалалтдаа ирээгүй. Сүүлд сонсоход МУИС-ийн хажууд дээрэмдүүлж, зодуулсан сурагтай байсан. Өнгөрсөн жил бас магистрын хамгаалалтдаа орох гэж байгаад Хөвсгөлд хутгалуулчихсан байсан гэж сонссон. Магистрын зэргээ хамгаалж чадаагүй ч гэсэн бидний хувьд бол талийгч доктор юм шүү дээ. Хийсэн судалгаа, эхлүүлсэн шинжилгээ нь магистр бүү хэл докторын хэмжээнийх байхгүй юу” гэсэнд бусад нь “Үнэхээр тийм шүү. Яах аргагүй байгаль орчин, тэр дундаа амьтан хамгаалах үйлсэд чин сэтгэл, төрсөн биеэ хүртэл зориулсан хүн шүү” гээд нэгэн зэрэг босоцгоон, дуугүй хэсэг зогсов. Үүнийхээ дараагаар тэд өмнөх шигээ инээж хөхрөлгүй, албаны шахуу үгсээр хоорондоо ярилцаж хэсэгхэн сууснаа тарцгаасан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *