Categories
мэдээ цаг-үе

Ё.Отгонбаяр: Хуулийг Монгол Улсын хэнбугай ч биелүүлэх л ёстой

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяртай ярилцлаа.

Сүүлийн үед сонгуулийн хуулийн өөрчлөлтийн талаар намын бүлгүүд ихээхэн маргалдаж, зөвшилцөж байна. Энэ хуулийг хэлэлцэх хугацаа нь дуусах дөхчихөөд байхад ингэж шийдэх нь зөв үү?

-Сонгуулийн хуулийг өөрчлөх ёстой юу гэвэл ёстой. Энэ УИХ-ыг тааруухан хүмүүсээр бүрдүүлсэн гээд олон түмэн багагүй шүүмжлэх юм. Ингэж бүрдсэн нь ёстой нөгөө залуусын хошигнодгоор “Энэ мөрдөж буй сонгуулийн хууль, иргэн таны сонголтын гавьяа” гэмээр. Тэгэхээр арай дөмөгхөн УИХ-ыг бүрдүүлнэ гэвэл одоогийн сонгуулийн хуулийн алдаануудаа засч залруулж байж л тийм парламентыг бүрдүүлнэ. Бүр өнгөрсөн оны төгсгөлөөр Ч.Сайханбилэгийн Засгийн газарт хамтрах санамж бичгийг байгуулахдаа сонгуулийн хуулийг өөрчилнө, санал хураах машины хяналтын тооллогыг хийнэ, орон нутгийн сонгуулийг намын жагсаалтгүй болгоно гэх мэтийн тохиролцоонуудыг хийсэн. Найман сар хамтарч байх хугацаандаа энэ хуулиа тэгээд зөвшилцөөд гаргачихгүй яасан юм гэвэл энэ хуулийн ажлын хэсгийг ахалж байсан Р.Бурмаа сайдаас л асуух болно. Асуудал нь Бурмаадаа ч байгаагүй юм байна гэдэг нь одоо л харагдаж байна. Нөгөө санамж бичгээсээ АН ухраад дахин бөөн маргаан, зөвшилцөөн явж, хуулийн хугацаандаа шахагдаж, гаднаа жагсаалтай, дотроо хэрүүлтэйхэн л хэлэлцэхэд хүрч байна даа. Гэхдээ хүнд хэцүү ч зөвшилцөөд шийдэх гээд үзэж буй нь сайн хэрэг.

Тэгээд хуулийн өөрчлөлтөд таны бодож хүсч байсан зүйлс тусгагдах нь уу?

-Манай намын бүлэг нэлээд хэдэн тодорхой санал дэвшүүлсэн л дээ. Зөвшилцөөн л юм чинь бүгд тусгагдахгүй нь ойлгомжтой. Би жилдээ хоёр удаа аймгийнхаа бүх сумдаар тойрч иргэдийн санал бодлыг сонсдог. Сонгогчдын дахин дахин тавьж буй асуудал нь хар машинд хяналтын тооллого хийлгэх, намын жагсаалтыг болиулах, мөнгөний сонгууль хийлгэхгүй байх. Манай аймгийн нэг суманд гэхэд 25 жил нэр дэвшээд сонгогдоогүй нөхөр жагсаалтаар сонгогдчихоод дарга хийгээд явж байна. Ингэхлээр энэ жагсаалт чинь иргэн бидний сонгох эрхийг үгүйсгээд байна гэж шүүмжлээд байх юм даа.Мөн төрийн ажил хийж үзээгүй, нам дагаад хийсч байсан нөхөд жагсаалтаар сонгогдчихоод орон нутгийн ажлыг нурааж байна гэж шүүмжилж байгааг бодууштай хэрэг мөн гэж санагдаж байна. Одоо тэгээд сонгуулийн хуулийн өөрчлөлтөө баталж байхад төрийн албан хаагч ажлаасаа түдгэлзэх хугацаа нь дуусч байдаг. Түдгэлзэх үү, яахав гээд бөөн эргэлзээ. Гэхдээ цөөн өөрчлөлтөө оруулаад ч болтугай хуулийг яаралтай батлах хэрэгтэй байна даа.

Сөрөг хүчний зүгээс асуудлыг баримт нотолгоотой гаргаж тавьдаг цөөхөн гишүүдийн нэг нь та харагддаг. Өнгөрсөн дөрвөн жилийн парламентын үйл ажиллагааг ямар байна гэж дүгнэх вэ?

-Энэ дүгнэлтийг би ч биш, иргэд л сонгуулиар өгдөг эд л дээ. Энэ хугацаа дөхөж байна. Хувь гишүүний хувьд сэтгэл дундуур байдаг. Гурван жил хагасын хугацааны гурван жилийг нь талцаж, улстөржиж, намчирхаж өнгөрөөлөө. Энэ хооронд эдийн засаг элгээрээ мөлхөж, төгрөг шалд хүртлээ унаж, иргэдийн амьжиргаа эрс хүндрээд байна. Мэдээж хэрэг эрх баригчид үүний хариуцлагыг хүлээж таарна. Арай “Одоо ёстой та нарыг жинхэнээсээ хүн шиг амьдруулж, улс шиг хөгжүүлнэ” гэж сонгуульд орохгүй байлгүй дээ. Хамгийн гол нь энэ их талцлын цаана асуудлыг шийдэх боломжууд алдагдаад байх юм. Ороод ирсэн асуудлаа сөрөг хүчний шүүмжлэлийг сонсоод засах юмаа засаад явчих улс төрийн төлөвшил эрх баригчдад дутаад байна. Парламентын гол утга учир нь энэ шүү дээ. Гэтэл энэ утга учраа алдсанаас хүнд таалагдсан юм ярьдаг нь нэр хүнд нь өсдөг юм шиг болчихоод байна. Цаана нь асуудал нь хохироод үлдэх тохиолдол цөөнгүй.

Сонгууль дөхөөд ирэхээр намуудын санхүүжилтийн асуудал маш их яригддаг. Намын гишүүд хандив мөнгө өгдөг иймэрхүү асуудал тодорхой болсон. Дээрээс нь төрийн албанд ажиллаж байгаа намын гишүүдийг сонгуулийн мөнгө босгож ир гэдэг зүйл олон жилийн өмнөөс байсан. Гаалийн Х.Баатарын асуудал дээр тухайн үед бодитой зүйлийг хэлж, нуудаг тэр асуудлыг ил гаргаж ирсэн хүн та гэвэл хүлээн зөвшөөрөх үү?

-Хандивын асуудлыг хуулиар сонгуулийн үед л зохицуулдаг. Бусад цагт зохицуулалт байхгүй. Ер нь үнэнийг хэлэхэд улс төрийн нам үйл ажиллагаа явуулахад их мөнгө хэрэгтэй. Зөвхөн хэвлэл мэдээллийн зардал гэхэд л асар их мөнгө шүү дээ. Хэрэв санхүүжилтийг нь зөв зүйтэй болгоё гэвэл эдгээр зардлуудыг нь давхар зохицуулах хэрэгтэй. Зарах үүдийг нь задгай хаячихаад орох үүдийг нь хаачихвал тооноор л мөнгөө авна. Иймээс намын санхүүжилтийн асуудлаар намын хуульд өөрчлөлт оруулахдаа хэвлэл, мэдээллийн хуулиас эхлээд олон хуулийг хөндөх хэрэгтэй болно. Гаалийн Х.Баатарын асуудлын хувьд бол шүүхээс тайлбар өгөх хүсэлтэд л би тайлбар өгсөн. Хуулийг Монгол Улсын хэнбугай ч биелүүлэх л ёстой. Олон удаа цуварч өгсөн хандивыг нь нийлүүлээд тодорхойлолт өгсөн чинь баахан мөнгө нэг зэрэг авчихсан юм шиг л улстөржүүлээд явчихсан шүү дээ. Чиний 10 жил гар утасныхаа үйлчилгээнд төлсөн төлбөрийг нийлүүлээд энэ нөхөр гар утасныхаа төлбөрт таван сая төгрөг төлдөг юм байна гээд байвал шударга уу.

Одоо ер нь намуудын санхүүжилтийн асуудал ямар байх шиг байна. Г.Шийлэгдамбыг намынхаа санхүүжилтийг босгож байгаад асуудалд орлоо гэж ярьж байна. Та ер нь намуудын санхүүжилтийн асуудлыг яаж шийдэх нь зүйтэй гэж боддог вэ. Мөнгө хэрэгтэй нь үнэн. Гэвч энэ асуудлыг шийдээгүйгээс намын гишүүд төрийн албыг ашиглаж мөнгө босгох явдал байгаад байх шиг?

-Г.Шийлэгдамбын асуудлыг би мэдэхгүй. Хуулийн байгууллагууд нь тайлбараа өгнө биз. Би таамгаар яримааргүй байна. Яг одоо намын санхүүгийн асуудал хариуцсан албан тушаал хашихгүй байгаа болохоор тодорхой хэлж чадахгүй байна. Намын санхүүжилтийн асуудлыг шийдэхдээ орлого, зарлага хоёрыг нь цэгцлээд шийдчихвэл зүгээр гэж би түрүүн танд хэллээ шүү дээ. Тэгээд дансаа ёстой шилэн байлгахыг шахаж, шаардаж болно. Төрийн албаны хувьд ийм асуудлыг шалгаж тогтоодог хуулийн байгууллагууд нь байна.

Төрийн алба гэснээс таныг УИХ-ын гишүүн болсноос эхлээд тантай холбоотой нууц данс, таны эхнэрийн данс гэсэн яриа гарсан. Эхлээд ам.долларын данс гэж байснаа сүүлдээ төгрөг болсон. Энэ хугацаанд та дуугараагүй. Тухайн үед хэрэг шалгагдаж байгаа гээд дуугарахгүй байсан байж болно. Харин Ё.Отгонбаяртай холбоотой асуудал байхгүй гэдгийг чуулганы танхимд прокурорын албан тушаалтан мэдэгдсэн. Одоо ямар учиртай, юу болсон талаар тайлбарлаж ярих болоогүй юу. Хэрэв хэлмэгдсэн бол алдаа гаргасан албан тушаалтантай хариуцлага тооцох асуудлыг хөндөхгүй юм уу?

-Хэрэг гээд яригдаж байх үед шалгагдаж буй хэргийн тухай олон нийтэд мэдээлэхгүй байх ёстой гэсэн хуулийн заалтыг мөрдөж, дуугараагүй. Шалгаг, дуусаг гэж бодож байсан. 300 сая ам.доллар надад байтугай, энэ улсад байхгүй юм чинь гэж итгэл төгс байсан. Одоо нэгэнт прокурорын албан тушаалтан надтай холбоотой ямар нэгэн хэрэг байхгүй, эхнэрийн гэх хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй тул хэрэгсэхгүй болсон гэдгийг улс даяар зарласан тул би тэр тухай дахин дахин яриад яах вэ дээ. Тэр төгрөг, доллар гэж алдсан цагдаатай ч ноцолдоод яах вэ дээ. Нөгөө Н.Номтойбаярыг гүтгэсэн цагдаад хариуцлага тооц гэхээр цалингийн 20 хувийг хаслаа гэдэг шиг л юм болно. Харин энэ асуудлын явцад хуулийн байгууллагын ажилтны хариуцлагагүй үйлдлээс болж иргэн хүн нэр төр, сэтгэл санаа, эрүүл мэндээр яаж хохирдгийг бие дээрээ мэдэрсэн хүний хувьд бусдад ийм зүйл учрахгүй байхын төлөө хууль эрх зүйн орчин, хүний эрхийн хамгаалалтыг сайжруулахын төлөө ажиллах ёстой юм байна гэж ойлгоод УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны даргаар ажиллаж байна.

Хүний эрхийн асуудал дээр та нэлээд байр сууриа илэрхийлдэг. Баривчилгаа, цагдаа хүчний байгууллагатай холбоотой гомдол сүүлийн жилүүдэд ихэслээ гэж яригддаг. Та энэ талаар юу гэж боддог вэ. Дэд хорооны даргын хувьд юу хийж амжуулав?

-Хүний эрхийн байдал санаа зовох асуудлын нэг болсон байна гэж үздэг. Хүнийг сэжиглэн баривчлаад хэрэг хүлээлгэхийн тулд эрхийг нь бүдүүлгээр зөрчих явдал олонтаа гарч байна. Намайг дэд хорооны дарга болоход Хүний эрхийн үндэсний комиссын 2013 оны илтгэлийг ч УИХ хэлэлцээгүй байсан. Энэ бол төрийн дээд эрх барих байгууллага хүний эрхийн асуудалд анхаарал хандуулахгүй байгаагийн нэг л жишээ. Шахаж байж 2013, 2014 оны илтгэлүүдийг хэлэлцүүлж, Байнгын хорооны тогтоолуудыг нь гаргуулсан. Урьдчилан хорих 461 дүгээр анги дээр гэнэтийн шалгалт оруулж, дүнг нь дэд хороогоор хэлэлцүүлсэн.

Үр дүнг нь би нэг их яриад яахав. Ганцхан жишээ л хэлье. Өглөө ажилдаа алхаж явахад нэг хүн таараад “Танд баярлаж байгаа шүү. Би тэнд хоригдож байгаад цагаадаад гарч ирлээ. Таныг шалгалт хийснээс хойш хоригдох нөхцөл сайжирсан шүү” гэж байна лээ. Энэ бол үр дүн гэж би хэлнэ. Хэрэг хүлээлгэхийн тулд сүрдүүлэх, зодох, элдвээр дарамтлах явдал гарч буй нь ХЭҮК-ын илтгэлүүдэд тодорхой тусгагдсан. Зарим нь бүр цочмоор асуудлууд ч харагддаг. Тиймээс одоо хэлэлцэгдэж буй Эрүүгийн байцаан шийтгэх хуульд гол анхаарлаа хандуулна гэж бодож байгаа. Тэнд л их зөрчил үүсэх үндэс нуугдаж байна гэж харж байгаа. Энэ хугацаанд Монгол Улс Олон улсын Хүний эрхийн комиссын гишүүн болсон гээд олон л ажил хийгдсэн байна. Энэ бол бид улс дотроо хүний эрхийг хангах чиглэлээр улам сайн ажиллах журамт үүргийг олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээж буй гэсэн үг. Чи бид хоёр зөвхөн нэг л асуудал ярилаа. Цаана нь хүүхдийн эрх, хөдөлмөрлөх эрх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, боловсрох эрх гээд маш олон асуудал бий.

Булган аймаг улаан тойр­гуудын нэг. Гэхдээ танай нам дотроо ч өрсөлдөгч их­тэй байдаг. Танайх тойргоо хувааж байна уу. Булганд яах төлөвтэй байна. Ганцхан хүн гарах болохоор хүнд шүү дээ?

-Улаан, цагаан гэхээсээ аль намын нэр дэвшигч олны итгэлийг хүлээж байгаагийн асуудал шүү дээ. 2012 онд надад саналаа өгсөн сонгогчдын гуравны хоёр нь нам бус юм уу, өөр намын гишүүд байсан. Улс орныхоо сайн сайхны төлөө ажиллаж чадах, нутаг орныхоо хөгжилд хувь нэмэр оруулчих хүнээ сонгох нь сонгуулийн утга агуулга. Тэрнээс чамд сонгуулиар өгсөн мөнгөө нугалаад авах бодолтой хүн сонговол улс нийтээрээ ямар болдгийг одоо бүгд харж, амьдрал дээрээ мэдэрч байна. Манай намын хувьд чадвартай, сайн боловсон хүчнүүд зөндөө байдаг тул олон хүн байх нь ойлгомжтой. Өнгөрсөн сонгуульд ч тийм л байсан. Хэн нутаг орондоо нэр хүндтэй байна, тэр нь нэр дэвших ёстой гэдэг зарчмыг намын удирдлага баримталж байгаа. Гэхдээ сөрөг хүчний дөрвөн жилийн ачааны хүндийг бие сэтгэлээрээ, хичээл зүтгэлээрээ, тэр ч атугай хувийн амьдралаараа хохирон байж авч гарсан гишүүддээ сонголтын эхний эрхийг олгоно гэж байна лээ.

Та байсхийгээд л Булгандаа очиж ажилладаг. Энэ жил гадуур ган ихтэй байх шиг байсан. Танай нутагт ямар байна. Хүмүүс юу ярьж байна?

-Би жилд хоёр удаа бүх сумаар тойрч уулзалт хийж, иргэдийн саналыг сонсож, хавар, намрын чуулганы тайлангаа тавьдаг. Энэ жил 7000 орчим иргэнтэй уулзаж, 230 гаруй айлаар орж, амьдрал ахуйтай нь танилцаж, санал бодлыг нь сонслоо. Энэ жил зуны эхээр зуншлага муутай байсан, хадлан тэжээл тааруухан байна. Чадах ядахаараа туслах арга хэмжээ авч байгаа. Хамгийн гол нь өргөн хэрэгцээний барааны үнэ өсч, малын гаралтай түүхий эдийн үнэ унасан нь хүндээр нөлөөлж байна. Энэ талаар Ерөнхий сайдад асуулга тавьж, махны экспортын асуудлаа шийдэхэд анхаарлыг нь хандуулсан. Зөвхөн Засгийн газрыг хүлээгээд зогсохгүй, өөрөө гадагш явж хөөцөлдлөө. Би ч салбарын сайдыг бодвол цагтаа махны экспорт хийж байсан жаргал зовлонгий нь мэдэх хүн шүү дээ. Энэ туршлагаа ашиглаж, зохих холбоо харилцааг нь тогтооход тусаллаа. Одоо экспортын зөвшөөрөл Хятадын талаас л хүлээж байна. Дашрамд хэлэхэд би чуулганы хуралдаан дээр салбарын яамыг шүүмжилсэн. Дээгүүрээ мах өгнө, авна гэх яах вэ. Доороо олон шат, дамжлагатай ажил байдаг. Үүнийгээ мэдэхгүй тэрбум долларын махны экспорт гэж яриад, малчдад худлаа хүлээлт үүсгээд байх юм. Шат, шатны ажил нь яагаа ч үгүй байна шүү дээ гэж. Энэ бол манай төрийн алба суларсан, ажлаа мэдэхээ больсны л жишээ шүү дээ. Мөн манай Булган аймаг бэлчээрийн талхлагдлаар улсад хоёрт явна. Иймээс мөн л гадаадтай ярьж байгаад бэлчээр сэргээх төсөл хэрэгжүүлэхээр болоод байна. Ирэх зунаас эхлэх байх. Гэтэл ХХААЯ нь энэ асуудлаар нэг мэргэжилтнээ явуулчих гэхэд л онгоцны тийзний мөнгө нэхээд сууж байх жишээтэй. Гэхдээ энэ бүхнийг давж, нутаг орныхныхоо төлөө зорьсон үйлсээ бүтээнэ л гэж бодож байгаа. Ганц Булганы ч асуудал биш, бүтвэл нийт Монголын хөдөөгийн асуудал шүү дээ.

Та БСШУ-ы сайд байхдаа Кэмбрижийн хөтөлбөрийг гаргаж ирсэн. Одоо Л.Ган­төмөр сайд Коосэн ч гэдэг юм уу өөрийнхөө сурсан тийм чиглэл гаргаад байна уу. Үүнийг юу гэж үздэг вэ. Таны санаачилсан Кэмбриж хэр явагдаж байгаа вэ?

-Олон улсын стандартад нийцсэн боловсролын тогтолцооны асуудал шүү дээ. Кембрижийн их сургуулиас мэргэжлийн дэмжлэг авч байгаа. Дэлхийд тэргүүлэх их сургуулийн дэмжлэг авч чадсандаа баярлах ёстой болохоос улстөржүүлэх хэрэггүй л дээ. Ухаандаа танай ЕБС-ийн физикийн хичээлийг сайжруулъя гэж ШУТИС хэлэхээр үгүй, үгүй би хувийн нэг дээд сургуультай тохирмоор байна гээд байх утгагүй биз дээ. Кембрижийн гээд байгаа хөтөлбөр үргэлжилж байгаа. Үргэлжилнэ гээд төрөөс боловсролын талаар баримтлах бодлого дээр заачихсан. Одоо Кембрижийн их сургуультай тохирсон зургаан хичээлээс гадна манайхан өөрснөө зарим хичээлийн хөтөлбөрөө шинэчлээд, нийлүүлээд цөм хөтөлбөр гэж нэрлээд явж байгаа. Дутагдал нь санхүү, хөрөнгийн байдлаас болоод хүндрэл их учирч байна. Мэдээж хэрэгжилтийн явцад алдаа, хүндрэлүүд гарч байна. Үүнийг даван туулаад гарах ёстой. Тэрнээс Отгонбаярын хөтөлбөр гэж улстөржиж болохгүй. Үр хүүхдүүд дээрээ улс төр хийж болохгүй. Коосэн бол техникийн коллежийн асуудал. Монголд хэрэгтэй. Хэрэгтэй учраас Л.Гантөмөрийн хувийн асуудал шиг хандаж мөн болохгүй. Зөвийг дэмжиж, бурууг залруулж явах ёстой.

Малчны хүүхдийн сургуульд элсэх насан дээр уян хатан хандах ёстой зэрэг Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын баримт бичигт хэлэлцэж тохирсон зүйл Боловсролын багц хуульд тусаагүй байна гэж та Байнгын хороон дээр хэлж байсан. Энэ талаар?

-Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого дээр МАН, АН энэ бол улс төрийн сэдэв биш гээд, зөвшилцөж 10 асуудлаар зарчим тохиролцсон. Би их баярлаж байсан. Аль ч нам нь сонгуульд ялсан, бодлого тогтвортой боллоо гэж. Гэтэл хуулийн өөрчлөлтөө оруулж ирэхдээ зарим хэсгийг нь гээгээд оруулаад ирсэнд бухимдсан юм. Хүүхдээ зургаан настай сургуульд элсүүлэхэд залуу малчдын хувьд асар их бэрхшээл үүсгэж буй нь мэдрэгдэж байна. Хөдөөд залуу малчид олдохгүй ядаж байхад ядаж энэ асуудлыг уян хатан шийдээд тэдэндээ тусалмаар байна. Хүүхэд нь дотуур байранд амьдрах гээд очихдоо биеэ даагаад амьдарчихаж чадах насаар нь уян хатан болгоё л гэж байгаа юм. УИХ дээр хэлэлцэхдээ засч янзалж болох байх гэж найдаж байгаа. Зөвхөн боловсролын салбарынхны нүдээр биш нийгмийн чиглэлээр нь харах хэрэгтэй. Нийгмийн асуудал болж өргөжих аюултай асуудал шүү дээ. Мөн сургуулийн бүтцийн асуудлаар бага, дунд ангийг таван жил, ахлах ангийг хоёр жил байлгахаар би сайд байхдаа оруулаад 5, 4, 3 гээд батлагдчихсан. Уул нь дунд анги 10 дугаар анги байвал сургууль төгссөн гэрчилгээ нь олон улсын магадлал авах юм байгаа юм. Есдүгээр анги байвал авахгүй. Гэтэл энэ асуудлыг орхиод явчих жишээний. 10 дугаар ангийн сурагчийн гэрчилгээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байх нь хэнд садаа тээр болоод байгаа юм бэ гэх зэргээр бухимдахаар асуудлууд багагүй байсан.

Та анх Н.Энхбаярыг Ерөнхий сайд байхад зөвлөхөөр нь улс төрд орж ирсэн. Н.Энхбаяр танай намын үл ойлголцлыг юу гэж боддог вэ?

-Би Н.Энхбаяр даргыг Ерөнхий сайд байхад улс төрд орж ирсэн нь үнэн. Энэ хүн намайг их дэмжсэн нь ч үнэн. Одоо өөр намын дарга болчихсон. Би энэ хүнд хамтарч сайхан гар нийлж ажилласны хувьд хэзээ ч гүн хүндэтгэлтэй хандана. Миний амьдралын зарчим тийм. Гэхдээ би өөрийнхөө итгэл үнэмшлээр л улс төрийн асуудалд хандана. Бас л миний амьдралын зарчим. Би МАН-ын гишүүн. МАХН-ын хувьд би улс төрийн байр суурийн зөрөө нэг их хардаггүй. Хамтран ажиллах боломж бий гэж итгэдэг. Жирийн намын гишүүд маань ч энэ тухай их ярьдаг. Хоорондоо ярилцах байлгүй дээ. Олон жил цуг явсан Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Ж.Сүхбаатар гээд миний найзууд одоо ч байгаа шүү дээ.

Сүүлийн үед түүхийн ном бичээд байх юм. Тийм их завтай юм уу эсвэл хүнээр бичүүлдэг юм уу?

-Өөрөө бичилгүй яахав. Би ч түүхийн ухааны доктор шүү дээ. Монголын тусгаар тогтнолын товчоон гээд дөрвөн цуврал ном бичсэн. “Талд ассан түймэр”, “Ээдрээт цагийн бичээс”, “Дэлхийн их хувьсгалын сүүдэрт”, “Тусгаар тогтнолын үнэ цэн” гээд 1900-1946 оны хоорондын үйл явдлыг олон түмэнд хүрэх хэлээр бичих гэж чармайсан. Мөн “Түүхэн эрхмүүдийн цадиг” цувралын хүрээнд “Ханддорж ван” номоо туурвисан. Би цаг зав муутай. Гэхдээ эдгээр номыг бичихийг улс орныхоо өмнө хүлээсэн үүрэг минь гэж үзсэн тул орой, өглөөдөө цаг заваа гаргаж бичлээ. Яагаад гэвэл өнөөгийн энэ эрх чөлөөт амьдралыг буй болгохын тулд эцэг дээдэс минь амь насаараа, эрүүл мэндээрээ, итгэл үнэмшлээрээ, нутаг дэвсгэрээрээ, байгалийн баялгаараа золиос тавьж байж хүрсэн өндөрлөг юм шүү гэдгийг өнөөгийн залууст ойлгуулахыг үүрэг минь гэж ойлгосон юм. Нандигнан хайрлах ёстой, үнэтэй цэнтэй эд шүү гэдгийг ойлгож яваасай гэж боддогтоо бичсэн юм. Миний Монгол эвлэн нэгдсэн үедээ дэлхийг захирдаг, эвдрэлдэн хагарсан үедээ хөрш гүрний боол болдог гэж яруу найрагч Т.Галсан гуайн шүлэг бий. Миний номнуудыг уншаад түүнийг баримттайгаар нь ойлгох байх. Харин өнөөгийн улстөрчид, улс төр сонирхож буй хүмүүс уншаасай, ойлгоосой гэж чин сэтгэлээсээ хүсч байна даа. Талцаж, эвдрэлцэж, ханлиг ханлигаараа, Халх Ойрдоороо, аймаг аймгаараа, нам намаараа, фракц фракцаараа муудалцаж байсан нь ямар үр дүнд хүргэснийг өнгөрсөн түүхээсээ хараасай гэж бодож байна. Хамтарсан үедээ 1911, 1921, 1939, 1945, 1961, 1990 онуудыг бүтээж болгож байсныг ч уншаасай гэж хүсч байна.

Ярилцсан Ж.БАЯРСАЙХАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *