Categories
мэдээ эдийн-засаг

Т.Нямсүрэн: Өөрийнхөө мөн чанарт тохирсон ажил дээр хүн гялалзаж чадна

Монголын банкны холбооны “Шилдэг банкир” цол хүртсэн “Голомт” банкны Зээл хариуцсан дэд захирал Т.Нямсүрэнтэй ярилцлаа.

Шилдэг банкир болсонд тань баяр хүргэе. Энэ цолыг мундаг банкирт олгодог байх л даа?

– Баярлалаа. Би 2001 онд МУИС-ийг банкны эдийн засагч мэргэжлээр төгсөөд, түүнээс хойш “Голомт” банкинд тасралтгүй ажиллаж байгаа юм. Ер нь нэг их мундаг гэдэг утгаараа биш, тогтвортой ажилласан гэж үнэлсэн хэрэг болов уу. Ажилтан нь тогтвортой сайн ажиллана гэдэг нь банк өөрөө тогтвортой хөгжиж, хүмүүсээ өсөн дэвжих боломжоор хангасан орчинтой гэсэн үг.

-“Байлдагчийн халаасанд генералын мөрдөс бий” гэдэг шиг 14 жилийн хугацаанд захирал болтлоо дэвшинэ гэхээр танай банкинд карьерын үе шатууд тодорхой байдаг гэсэн үг үү?

-Ер нь “Голомт” банкинд тогтсон тодорхой соёл бий. Банкинд бүтцийн өөрчлөлт хийгдэж, шинээр эрсдэлийн удирдлага гэдгийг төлөвшүүлж байхад зээлийн эдийн засагчаар орж байлаа. Түүнээс хойш зээлийн эрсдэлийн чиглэлээр ажиллаж байгаад, зээл хариуцсан дэд захирал хүртлээ дэвшсэн. Ховдод дунд сургууль төгсөөд, Улаанбаатарт орж ирсэн юм. МУИС-ийг онц төгсөөд, “Би эдийн засагч хийнэ” гэсэн бодолтой байв. Энэ үед “Эдийн засагч авна” гэсэн зар “Голомт” банк гаргаж таараад, миний зорилготой нийцээд ажилд орсон юм. Олон шатны шалгалт өгч, ярилцлагад орсон. Надад ирээдүйд боломж олгох ажлын байр байсан учраас “Голомт” банкийг сонгосон юм. Бүх юм нээлттэй, тогтсон соёлтой, ямар ч хүн карьер хийж болдог байгууллага гэж боддог. Эрсдэлийн удирдлагын алба гэж байлаа. Дараа нь манай алба хэлтэс болсон. Эхлээд албаны ахлах, дараа нь хэлтэс болоход хэлтсийн ахлах болсон. Манай хэлтэс газар болоход би газрын захирал болсон. Энэ хугацаанд хүн өөрөө л хичээгээд, хамт олныхоо нэг хэсэг байж чадвал карьер нь нээлттэй байдаг, энэ банкинд. Банкинд ажиллахын тулд банкны эд эс бүхнийг мэддэг байх шаардлагатай. Анх нягтлан бодогч хийхгүй, заавал эдийн засагч болно гэж боддог ч буруу байж гэж сүүлд бодсон. Мөнгө тоолж үзэж, 100 сая төгрөг хэр их хэмжээний мөнгө гэдэг мэдрэмжээс банкир хүний ажил эхлэх учиртай. Намайг тэр үед ажилд авсан ахлах мэргэжилтэн сайн хүн таарсан. “Банкир болох гэж байгаа бол банкаа мэдэж байх ёстой” гээд намайг эхний хэдэн сар салбар руу явуулж, мөнгө тоолох ажлаас эхлээд сургасан. Гурван жил ажиллаад, хүн банкаа, өөрийгөө, авьяас чадвараа аль хэсэгт тохирохоо илүү мэдэрдэг юм билээ. Эхлээд хүн өөрийгөө нээхэд хугацаа шаарддаг юм байна. Өөрийнхөө мөн чанарт тохирсон ажлаа хийх учиртай. Ярьж чаддаг хүн бол харилцагч татаж ирэх хэрэгтэй. Ярих чадвар сул бол ард суугаад, тоогоо бодоод, над шиг ажил хийх хэрэгтэй болов уу. Банк гэдэг нэг хаалгаар орж байгаа ч маш олон ажлын байр бий. Өөрийнхөө мөн чанарт тохирсон ажил дээр хүн гялалзаж чадна.

Компанийн нийгмийн хариуцлагын тухай их ярьдаг. Тухайлбал өрхийн үйлдвэрлэл явуулж, амьжиргаагаа залгуулж байгаа эмэгтэй байлаа гэхэд танайхаас зээл авч чадах уу?

-Анх энэ банкийг байгуулсан хүмүүсийн гаргаж тавьж байсан зорилго, философийг уншиж байхад нэг номерт нийгмийн хариуцлага гэдэг юмыг тавьж байжээ. Зээлийн бодлого дээр гэхэд л бид архи, согтууруулах ундааны үйлдвэрлэлийг дэмжихгүй гэх мэтээр тэр үед нийгмийн хариуцлага гэдэг үгээр илэрхийлээгүй ч ийм санаа нэвт шингэсэн байдаг. Одоо бол банкны систем маш сайн хөгжсөн. Нийгмийн хариуцлагыг янз бүрийн хэлбэрээр хэрэгжүүлж байгаа. Бид арилжааны банкны тогтвортой санхүүжилтийн бодлого гаргаад, тэрэндээ манлайлж оролцдог. Тогтвортой санхүүжилтын бодлогын мөн чанар юу гэхээр заавал ашгийн төлөө улайрахгүй. Тухайлбал, уул уурхайд санхүүжилт өгөхдөө тогтвортой эдийн засгийн хөгжлийг дэмжих санхүүжилт хийх, өөрөөр хэлбэл байгаль орчинд халгүй үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийхийн тулд байгаль орчинд халгүй байх стандарт хангах тодорхой шаардлага тавьдаг. Эмэгтэйчүүдийн тухай их яригддаг. Гадны сангууд ч та нар эмэгтэйчүүдийн үйлдвэрлэлийг, эмэгтэй эзэдтэй компаниудыг яаж дэмждэг юм бэ. Хэрэв дэмжиж байвал хамтарч ажиллана гэх тохиолдол ч байна. Угаасаа манай эдийн засагт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд ихэнхи нь эмэгтэй эзэнтэй, захиралтай болохоор эмэгтэй, эрэгтэй гэж ялгаад байдаггүй. Гэхдээ гар үйлдвэрлэл, өрхийн үйлдвэрлэл дээр ажиллаж, аж ахуйгаа авч яваа эмэгтэйчүүдээ тогтвортой санхүүжилтын бодлогын хүрээнд дэмжихээр төлөвлөсөн ажлууд бий. Манайх ер нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, ЖАЙКА гэх мэт олон байгууллагатай хамтарч ажилладаг. Хямд эх үүсвэртэй зээлүүдийг хамгийн сайн дамжуулан зээлдүүлэгч банк. Зээлдэгч гэдэг баялаг бүтээгчид. Бид зээл олгохдоо энэ хүн нэмүү өртөг бүтээж чадах уу гэдгийг л хардаг. Өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүс банкны данс төдийлөн ашиглахгүй байсан ч бидэнд энэ хүн ийм хэмжээний юм үйлдвэрлээд, ийм хэмжээний ашиг олдог юм байна гэдгийг тооцдог арга бий.

Т.Нямсүрэнгийн нэг өдөр яаж өнгөрдөг вэ?

-Өглөө босоод, нүүр амаа янзлаад, хүүгийнхээ авч явах хоолыг бэлтгэдэг. Багыгаа тэврээд гарна. Хүүхдээ цэцэрлэгт аваачиж өгөөд 8.30 гэхэд ажил дээрээ ирдэг. Программаа нээгээд, өчигдрийнхөө ажлын үр дүнг харна. Тоонуудаа харчихаад, ажлын эхний өдөр бол долоо хоногийн ажлаа нарийвчилж төлөвлөөд, хаалгаа онгойлгож, хүмүүсээ нэг нэгээр дуудаж эхэлнэ дээ.

Таны удирдлагад хэдэн хүн ажилладаг вэ?

-Зээлийн газрын 31 ажилтан бий. Зээлийн газрын үйл ажиллагаанд оролцогчид шууд бус удирдлагад ажиллана. Нэг мэдэхэд үдийн цайны цаг болчихно. Орой 19 цагаас өмнө ажлаасаа гарна гэж байхгүй.

Энэ хугацаанд сурч амжив уу?

-Сурсан. 2007 он хүртэл зогсоо зайгүй ажилласан. Нэг эргээд харсан чинь сурсан мэдсэнээ ахиулах хэрэгтэй болсон байв. СЭЗДС, БНСУ-ын Хандоны их сургуультай хамтраад магистрын хөтөлбөр хэрэгжүүлдэг. Монголдоо сураад, Солонгост очиж диплом авдаг. Тэр хөтөлбөрт хамрагдаад, Бизнесийн удирдлагын мастер Хандонд хийсэн. Одоо бол онлайн сургалтууд ч их байна. Ажлаа хийнгээ сурч болно. Банк маш олон сургалтад хамруулна л даа. Нэг стандарт гарахад л “За, чи явж сургалтанд суугаад ир” л гэдэг.

Сургалт гэснээс хамгийн сүүлд уншсан ном, сонссон хөгжмийнхөө тухай яриач?

-Ном нэлээд уншина. Хамгийн сүүлд хөвгүүдтэй ээжүүдэд зориулсан ном уншсан. Хоёр хүүтэй болохоор эрэгтэй хүүхдүүд сахилгагүй. Их дэлгүүрээс хэрэг болгож ийм ном авч уншсан. Ер нь бол хөгжим гэхээсээ яруу найраг их сонсоно. Бүүр их ядарсан үедээ А.Эрдэнэ-Очирын “Голын тохой дээр” шүлгийг сонсч, амралт авдаг.

Б.ЭГШИГЛЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *