Гоо бүсгүй шалгаруулах олон улсын тэмцээн уралдаануудаас Ертөнцийн гоо бүсгүй буюу Miss Universe чансаагаараа эхний гуравдугаарт ордог юм. Энэ жилийн Miss Universe-ын эцсийн шат АНУ-ын Лас Вегасын Аксис театрт уржигдар болсон юм. Энэ удаагийн Ертөнцийн гоо бүсгүйн тэмцээнээр өмнө нь тохиож байгаагүй дуулиан тарьсан хэрэг бол тэмцээний ялагчийг зарлахдаа алдарт хөтлөгч Стийв Харви маш том алдаа гаргасан. Тэрбээр ялагчийг андуурч зарласан байлаа.
Miss Universe -ын шилдэг оролцогчдоор Филиппин болон Колумб улсуудын миссүүд тодорч, тэмцээний ялагчийг тодруулах сэтгэл догдлуулсан мөч ирэхэд хөтлөгч Стийв Харви Колумб улсын мисс Ариадна Гутеррез Аревалог нэрлэж, танхимд цугласан үзэгчид алга ташин баяр хүргэсэн юм. “Өнгөрсөн жилийн Ертөнцийн гоо бүсгүйн титмийг мөн л Колумбын мисс Паулинь Вега зүүж байсан бол энэ жил Колумб улс хоёр дахиа дарааллан Ертөнцийн миссээр шалгарлаа” хэмээн зарлахад мисс Ариадна Гутеррез баярын нулимсаа барьж дийлэхгүй хүмүүстэй мэндчилж байв. Гэвч хэдхэн мөчийн дараа Стийв Харви эргэн тайзнаа гарч маш том эндүүрсэндээ хүлцэл өчиж, шүүгчдийн бүрэлдэхүүн Филиппиний оролцогч Пиа Алонзог шалгаруулсныг дуулгасан юм. Тэмцээний эцсийн мөчид байж боломгүй маш том алдаа гаргасандаа хөтлөгч Харли уучлалт гуйсан байна. Нэгэнт шүүгчдийн шийдвэр аль хэдийн гарсан байсан тул Колумбын гоо бүсгүйн титмийг эргүүлэн авч Филиппиний гоо бүсгүй Пиа Алонзо Вутрбаш зүүж өгсөн юм.
Miss Universe буюу Ертөнцийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээн 1952 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж, энэ жил 64 дэх ялагчаа тодруулсан юм. 2015 оны Miss Universe-т 80 орны оролцогчид өрсөлджээ.