Categories
мэдээ нийгэм

Говь-Алтай аймагт өвөлжилт хүндэрчээ

Өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, үнэлгээ өгөх Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амараар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр, Шарга, Баян-Уул, Дарви, Есөнбулаг суманд ажиллалаа.

Говь-Алтай аймгийн 18 сумаас өнөөдрийн байдлаар 6 суманд өвөлжилт хүндэрчээ. Энэ өвөл 6479 өрхөд 2,9 сая мал өвөлжиж байна. Нийт малын 94,3 хувь нь дундаас дээш тарга хүч авсан, өөр аймгийн нутагт 20 өрхийн 11785 толгой мал өвөлжиж байна.

Өнгөрсөн зун тус аймгийн 80 гаруй хувьд нь зуншлага сайн, 10 хувьд нь гандуу, 10 хувьд нь гантай байснаас Дэлгэр, Эрдэнэ, Цогт, Есөнбулаг, Халиун, Шарга суманд өвөлжилт хүндэрч, цасны зузаан 10-40 см байна. Бэлчээрийн даацын хувьд 45 хувь нь хүрэлцээтэй, 55 хувь нь хүрэлцээгүй мэдээ гарчээ.

Өвс, тэжээлийн хувьд аймгийн хэмжээнд 6688 тн өвс, 468 тн тэжээл, харин аюулгүйн нөөцөд 160 тн өвс, 30 тн тэжээл, сумын аюулгүйн нөөцөд 730 тн өвс, 182 тн тэжээл бэлтгэжээ.

Аймгийн хэмжээнд 332967 толгой малыг зах зээлд борлуулах тооцоо судалгаатай байна. Малчид мал борлуулах хүсэлтэй байгаа ч одоогоор нэгдсэн борлуулалт хийгдээгүй.

Сүүлийн саруудад Говь-Алтай аймагт махны үнэ нэлээд буурчээ. Өнөөдрийн байдлаар хонины мах 1 кг нь 2800, үхрийн мах 3500, ямааны мах 1800 төгрөгийн үнэтэй байна. Мөн малчдын гар дээрх мөнгө хомс, ихэнх нь малаа банкны барьцаанд тавьсан, зээлтэй, зээлийн хүүгийн мөнгөө төлж чадахгүй болжээ.

Аймгийн хэмжээнд сүүлийн 3 сард олон удаа цас орсны улмаас Есөнбулаг сумын Дөт, Цээл сумын Цагаан голын даваанууд хаагдсаныг нээжээ. Бугат сумын онгоцны хөндийн зам мөс тэлж хөлдсөн, Баарангийн даваанд хальтаргаа гулгаа байнга үүсч байгаатай холбогдуулан “АЗЗА” ТӨХК-иас ажлын хэсэг гарч засварлаж байна.

“Говь-Алтай АЗЗА” ТӨХК одоогийн байдлаар засвар арчлалтын ажлын гүйцэтгэлийн хөлс нийт 183,0 сая төгрөгөө аваагүй, авлагатай байна. Мөн байгууллага хооронд шатахуун, нийгмийн даатгал, татварын зэрэг 114,0 сая төгрөгийн өр үүсчээ. Хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэхээр Зам тээврийн яаманд хандаад байгаа бөгөөд 11 сараас хойш ажилчид нь цалингаа аваагүй, цаашид нөхцөл байдал хүндэрсэн үед зам засварын ажил гүйцэтгэх ажиллах хүчнийг дайчлахад хүндрэлтэй болжээ.

Нийт ард иргэдийг цаг агаарын урьдчилсан сэргийлэх мэдээллээр хангахад тус аймгийн УЦУОША-д тогны асуудал нилээд хүндрэлтэй байна. Тог цахилгааны асуудлаас шалтгаалан олон улсын цаг уурын байгууллага, иргэний нисэхийг мэдээгээр хангах, өртөө харуулаас авсан мэдээг шуурхай дамжуулах боломжгүй болсон тул орон нутгийн удирдлагыг энэ асуудалд анхаарлаа хандуулах шаардлагатай болжээ.

Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газраас цас ихтэй суманд байгаа нийт 45 жирэмсэн эх, 0-5 насны 388 хүүхдийн судалгааг гаргажээ.

Баруун аймгуудад ажиллаж байгаа ажлын хэсгийн ахлагч Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар Говь-Алтай аймгийн Онцгой комиссын хурлыг өвөлжилт хүндэрсэн Дэлгэр суманд хуралдуулсан юм.

Дэлгэр сум 5 багтай, нийт 386 өрхөд 371 мянган мал өвөлжиж байна. Сумын нийт нутаг дэвсгэр цасан бүрхүүлтэй, олон удаа цас орсноос өвөлжилт хүндэрсэн.

Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч Д.Чинзориг аймгийн хэмжээнд хэд хэдэн сум хүндрээд байгаа учраас тодорхой хэмжээний хөрөнгийн дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.

Улсын онцгой комиссын ажлын хэсгийн ахлагч, хурандаа М.Энх-Амар өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан тулгамдаад буй зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэж, үүрэг чиглэл өглөө.

Мөн Онцгой комиссынхонтой зөвлөлдөж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газарт шуурхай албаны автомашин олгохоор шийдвэрлэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *