Categories
мэдээ нийгэм

Сүм, хийдүүдийг “Монгол орны хүрээ хийдүүдийн жаяг”-ын дагуу ажиллахыг уриалав

Монголын бурханы шашинтны төвийн тэргүүн лам нарын ээлжит хуралдаан болжээ. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн төлөөлөл болон 21 аймаг, Улаанбаатар хот дахь дүүргүүд, уламжлалт томоохон хийдүүдийн тэргүүн лам нар уг зөвлөлийн бүрэлдэхүүнд багтдаг аж.

Энэхүү хурлыг нээж МБШТөв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц үг хэлсэн бөгөөд уг хуралд Да лам Х.Бямбажав, Тэргүүлэгч, гавж Д.Лувсанжамц, Ерөнхийлөгчийн шашны бодлогын зөвлөх н.Батаа нар хүрэлцэн ирсэн байна.

Уг Тэргүүн лам нарын зөвлөл нь Монголын Бурханы шашны бодлого, хэтийн төлөв, бие даасан байдал, эв нэгдэл, шүтэн бишрэх эрх, эрх чөлөөг дээдлэн хангахад чиглэгдсэн Монголын Бурханы шашны эрх барих дээд байгууллага юм.
Энэ удаагийн хуралдаанаар “Монгол орны хүрээ хийдүүдийн жаяг цааз, холбогдох дүрэм журамууд”, “Бурханы шашны хийд оронд тавих шаардлага” байгууллагын стандартыг хэрэгжүүлэх талаар ярилцлаа.

Мөн нийгэмд үзүүлэх халамж, үйл ажиллагаагаа жигд явуулах эдийн засаг, сургалтын суурь баазтай байх зэрэг тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд уг стандарт ихээхэн нэмэр үзүүлнэ хэмээн лам хуврагууд үзэж байна. Дээрхийн гэгээнтэн Далай багшийн айлдсан “Монгол орны хүрээ хийдүүдийн жаяг”-ын ёсоор сүм хийдүүд ажиллахыг энэ үеэр уриалжээ. Уг жаяг нь лам хуврагуудын дагаж мөрдөх долоон зүйл, орчин цагт нийгмийн сайн сайхныг бүтээн цогцлооход оролцох зүйл заалтыг нэмсэн найман зүйл бүхий ерөнхий цааз бичиг юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *