Categories
мэдээ улс-төр

Г.Шийлэгдамба: Хэд хоногийн өмнө АТГ-ын н.Тамир гэдэг байцаагч дуудаж, МАХН-ын төв байртай холбоотой асуудлаар уулзсан

ТҮҮНИЙ БАРИВЧЛАГДАХЫНХАА ӨМНӨ ӨГСӨН ЯРИЛЦЛАГЫГ НИЙТЭЛЖБАЙНА-

Бусдаас авлига авсан хэргээр шалгагдаж буй Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбын бие эрс муудаж III төв эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хэвтэж эмчлүүлж буй тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Түүнийг өнгөрсөн сарын 4-нд баривчилснаас хойш түр саатуулах 461 дүгээр ангид байцааж байсан бөгөөд зүрхний цусан хангамж муудсан гэх шалтгаанаар тус ангийн эмнэлэгт хэвтүүлээд байсан юм. Гэвч эмчилгээ нь үр дүнгүй байсаар Г.Шийлэгдамбын бие огцом муудаж улмаар III төв эмнэлэгт шилжүүлсэн байдаг. Зарим эмч түүнийг хоёр долоо хоногийн хугацаанд нарийн дэглэм барихгүй бол амь насанд нь халтай гэсэн дүгнэлт гаргасан аж. Харин уржигдар түүнийг дээрх эмнэлгээс гаргаж цагдан хорих төвд үргэлжлүүлэн саатуулжээ. Тэрбээр баривчлагдахаасаа өмнө хэвлэлийн ажилтанд ийм ярилцлага өгчээ. Энэ түүний саатуулагдахаасаа өмнө өгсөн ярилцлага бөгөөд тус өдрийнхөө орой нь баривчлагдсан байна. Доорх ярилцлага нь хэвлэлд огт гараагүй учир бүрэн эхээр нь нийтэллээ.

-МАН болон МАХН-ын ахмадууд хоёр намынхаа удирдлагуудад цаашдын намуудын хамтын ажиллагааны талаар өргөх бичиг хүргүүлсэн талаар тодруулж болох уу?

-Тийм ээ, өнөөдөр өглөө МАХН-ын төв байранд Монгол Улсынхаа хөгжил дэвшлийн төлөө ухамсарт амьдралаа зориулсан төр нийгэм, салбар салбарын нэрт зүтгэлтнүүд болох хоёр намын ахмадын төлөөлөл хүрэлцэн ирж намуудын хамтын ажиллагааны тулгамдсан асуудлуудын талаар улс орны өнөөгийн нийгэм эдийн засгийн байдалтай уялдуулан хөндөж тодорхой байр суурь бүхий өргөх бичгийг МАХН-ын дарга Н.Энхбаяр, нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж бид гуравт гардуулан өглөө. Дээрх бичигт төр засгийн өндөр албан тушаал хашиж байсан болон салбар салбарын үнэ хүндтэй ахмад үеийн маань эрхэм буурлуудын төлөөллүүд гарын үсгээ зурсан байсан.

-Танай намын зүгээс хэрхэн хандаж хариу өгөх вэ?

-Бид дээрх асуудалтай холбогдуулан намынхаа зохих түвшинд авч хэлэлцэж, нийт гишүүдийнхээ анхааралд хандуулан ул суурьтай хандах болно. Нөгөө талаар ганц нэг намын хүрээнд шийдээд хариу өгчих асуудал мөн үү, биш үү, Ахмадууд маань тэгээд ч зөвхөн улс төрийн хоёр намын хамтын ажиллагааны талаар хязгаарлагдахгүйгээр бүхэлд нь улс орны нөхцөл байдал, цаашдын чиг хандлагад сэтгэл зовниж олон асуудлыг хөндсөн байсныг энэ дашрамд дурдъя.

-Танай хоёр намыг хамтран ажиллаж ирэх сонгуульд эвсэн оролцож магадгүй гэсэн яриа байгаагийн зэрэгцээ намын дарга Н.Энхбаяр болон намын бусад удирдлагуудыг тухайлбал таныг хуулийн байгууллагынхан дуудаж эхэлсэн талаар мэдээлэл байна?

-Яг барим тавим тодорхой яримааргүй байна. Н.Энхбаяр даргын тухай би мэдээлэл өгсөн өгөөгүй олон нийтийн анхааралд байгаа асуудал биз дээ. Харин намайг хэдхэн хоногийн өмнө АТГ-ын н.Тамир гэдэг байцаагч дуудаж, МАХН-ын төв байртай холбоотой асуудлаар уулзсан. Манай намын нөхдүүд ч тодорхой ойлголттой байгаа.

-Энэ нь бусад улс төрийн хүчнүүдийн зүгээс та бүхэнд үзүүлж байгаа дарамт шахалт гэж үзэж болох уу?

-Өөрсдөөс нь асуу. Харамсалтай ч бид өнөөдөр Монголын улс төрийн ямар эрсдэлтэй тоглоомоор наадаж буйгаа мэдэж байгаа хүмүүс. Сүүлийн хэдэн жил ийм л байсан. Гэхдээ нэг зүйл хэлэхэд улс төрийн энэ увайгүй ший жүжиг эхэлсэн, өрнөсөн одоо харин өндөрлөх дөхөж байна даа. Эцэст нь энэ улс орон, ард иргэд амар тайван хөгжиж дэвших нөхцөл бүрдэнэ шүү дээ.

Г.Онон

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *