БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун эцэг Ким Чен Ирийн таалал төгссөний дөрвөн жилийн ойг тохиолдуулан түүний хөшөөнд цэцэг өргөж дурсгалыг нь хүндэтгэжээ. Солонгосын Хөдөлмөрийн намын төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ким Чен Ун уржигдар шөнө улсынхаа өндөр дээд албаны төлөөлөгчдийн хамтаар өвөө Ким Ир Сен болон эцэг Ким Чен Ир нарын шарилыг шилэн хоргонд хадгалж байдаг Кымсусан дахь Нарны ордонд хүрэлцэн очсон байна.
Умард Солонгосын удирдагч агсан Ким Чен Ир улс орноороо тойрон айлчлал хийж явах үеэрээ 2011 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр 69 насандаа зүрхний шигдээс өвчний улмаас таалал төгссөн юм. Тэрээр 1994 онд өөрийн хүчинд тулгуурлах “чучхе” номлолыг үндэслэгч, өөрийн эцэг, Умард Солонгосын анхны удирдагч Ким Ир Сенээс засгийн эрхийг өвлөн авч байсан. Ким Чен Ирийг нас нөгчсөний дараа түүний хүү Ким Чен Ун нам төрийн удирдагч болсон юм.