-ХОНИНЫ НЭХИЙ 1500 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БОЛЖЭЭ-
Арьс, шир, нэхий худалдаж авах үнэ өдөр ирэх бүр буурч байна. Өнгөрсөн долоо хоногт гурван мянган төгрөгөөр худалдан авч байсан хонины нэхийг “Эмээлт” зах дээр өчигдөр 1500 төгрөгөөр авч байна. Ямааны арьс арван мянга, үхрийн шир 35 мянга, адууны арьс 40 мянган төгрөг болж хямдарчээ. Мөн манай улсын хамгийн том түүхий эдийн төвлөрсөн зах болох “Эмээлт” захын иргэн, аж ахуйн нэгжийн хашаа болгонд арьс, шир их хэмжээгээр овоолоостой байна. Малын түүхий эдийн үнэ ханш юуны учир унаад байгаа, ямар учраас борлогдохгүй байгаа талаар сурвалжлахаар “Эмээлт” захыг зорьсон юм.
“Эмээлт” түүхий эдийн захын хашаа болгонд арьс, шир их хэмжээгээр байх аж. “Түүхий эд худалдаж авах уу” гэж асуухаар “Манайх хэд хоногтоо түүхий эд авахгүй байгаа. Өөр газарт аваачиж өг” гэж хариулах ажээ. Харин түүхий эд худалдан авч байгаа газрууд нь дуртай, дургүй гарч ирээд өөрсдийнхөө аманд орсон үнийг хэлэх аж. Шүдлэн үхрийн ширийг 15 мянган төгрөгөөр авна. Нас бие гүйцсэн үхрийнхийг 25 мянгаар авна” гэж хариулах ажээ. Ямар учраас түүхий эдийн үнэ ингэтлээ навс унаад байгаа талаар ченжүүдээс асуухаар “Хятад руу гаргаж чадахгүй байна. Адууны шир гаргаж чадахгүй хоёр жил болж байна. Засгийн газраас 2013, 2014 онд баталсан 300, 330 дугаар тогтоол гарснаас болж түүхий эдийн үнэ ханш дандаа буурсаар ирлээ. Нэг ч удаа өссөнгүй. Хятадууд ч ирэхээ байлаа. Үүнээс болоод малчдын амьдрал хэцүүдэж байна. Хэдэн ченжүүд ямар ч ашиггүй ажиллах боллоо. Төр засгаас барьж байгаа түүхий эдийн бодлого буруу байна” хэмээн хариулах аж.
“ХЯТАДУУД АРЬС, ШИР АВАХААР ИРЭХГҮЙ БАЙНА”
Бидний эхний орсон “Бодог” компанийн агуулахад 20 гаруй мянган ширхэг адууны шир, харин хашаанд ил задгайгаар гурван мянга гаруй хонины нэхий, ямааны арьс байгаа гэнэ. Мөн хүнд даацын машины тэвшин дээр мянга орчим шир байгаа аж. Тус компанийн захирал Б.Отгонбаяраас хятадууд яагаад малын гаралтай түүхий эд худалдан авахгүй байгаа талаар асууж тодрууллаа. “Манай улсын малын гаралтай түүхий эдийн ихэнх хувийг урд хөршийнхөн худалдаж авдаг. 2003 оноос хойш малын гаралтай түүхий эдийг хагас боловсруулан гаргаж эхэлсэн. Тухайн үед адууны шир түүхийгээр нь гаргадаг байсан. Харин Засгийн газрын 230 дугаар тогтоол гарснаас хойш адууны шир боловсруулж экспортлох болсон. Үүнээс үүдээд “Эмээлт” зах дээр 200 мянган адууны шир 2014 оны дөрөвдүгээр сараас эхлэн хураагдсаар байна. Мөн хятадууд ирэхээ больсон. Тэд ирэхгүй байгаа шалтгаан нь биднээс шалтгаалаагүй. Хятадад малын гаралтай түүхий эдийн эрэлт хэрэгцээ их байгаа. Гэтэл арьс шир боловсруулж байгаа үйлдвэрүүд хэт их өндөр үнээр арьс шир, нэхийг боловсруулж байна. Нэг хонины нэхийг 12 юаниар боловсруулаад гаргаж байна. 1500 төгрөгийн үнэтэй нэхийг хоёр дахин давсан үнээр боловсруулдаг. Бод малын нэг ширийг гэхэд 26 мянган төгрөгөөр боловсруулдаг. Ийм өндөр үнээр боловсруулчихаад тээвэрлээд хил гаалийн татвар төлж хил гаргаад хэдэн төгрөгөөр өгөх болж байна вэ. Мөн малчид малаа эрүүлжүүлж, гуур болоод шимэгч хорхой шавьжнаас нь салгах ажил хийхгүй юм. Малаа дандаа гар аргаар нядалдаг. Үүнээс болоод арьс, ширийг эсгэж, зүсчихээд байна. Мөн арьс, шир боловсруулж байгаа үйлдвэрүүд зах зээлийн үнэ ханшаас хэт их давсан үнээр боловсруулж байгаа. Гэтэл чанарын шаардлага огт хангахгүй байна шүү дээ. Үйлдвэрүүдийн боловсруулсан түүхий эдийг хятадууд голоод байна. Мөн урд хөршид түүхий эдийн ханш унасаар байна. Энэ шалтгаануудаас болоод малын гаралтай түүхий эдийн үнэ ханш унаад байна. Цаашид ч үнэ нь унана” гэв. “Эмээлт” захын “Уянга мишээл”, “Мөнгөн даам”, “ОТЗ”, “Шилүүт сүмбэр” гэх компаниудын хашаанд хэдэн сая арьс овоолоостой байна. Мөн Баатар, Отгонбаяр, Хуяг, Гансүх зэрэг ченжүүдийн хашаанд их хэмжээний арьс, шир овоолоостой байна.
Малчид үнэ нь унаад байгаа арьс, ширээ ченжүүдэд өгөхгүй байгаа гэнэ. Хадгалж байгаад хавар дулаан орохоос өмнө өгөх гэж байгаа аж. Хавар үнэ нь нэмэгдэж магадгүй гэж таамаглаж байгаа аж. Тиймээс үнэ нэмэгдэхийг хүлээж нөөцөлж байна. Мах, түүхий эдийн үнэ унасантай холбоотойгоор малчдын гар дээр бэлэн мөнгө байхгүй байгаа талаар “Эмээлт” зах дээр түүхий эд өгөх гэж байгаа иргэд ярьж байв. Ченжүүд болон малчид Засгийн газрын 300, 330 дугаар малын арьс, ширийг боловсруулаад эскпортлох ёстой гэсэн тогтоолоо эргэн харах хэрэгтэйг сануулж байлаа.
ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР МАЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭДИЙН ҮНЭ УНАЖ БАЙНА ГЭВ
УИХ-ын гишүүн, Шадар сайд Ц.Оюунбаатар хэвлэл мэдээллийн хэрэгслээр их хэмжээний арьс, шир хилээр огт гаргахгүй байгаа талаар ярилцлага өгсөн. Харин Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Хилээр хагас боловсруулсан түүхий эд хэвийн гарч байгаа. Олон компани хилээр гаргах зөвшөөрөл авч байна” гэв. Тэгвэл малчид жилд арван сая орчим малаа нядалдаг гэнэ. Арван сая орчим малын арьс, шир хилээр гардаг байна. Энэ талаар Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхантай ярилцлаа.
–Шадар сайд Ц.Оюунбаатар хилээр малын арьс шир экспортлохыг хориглочихсон. Малчдын гар дээр их хэмжээний арьс шир овоорч байна гэж ярилцлага өгсөн байна лээ. Арьс, шир экспортлохгүй юм уу?
-Шадар сайд Ц.Оюунбаатарт хэн нэгэн маш буруу мэдээлэл өгсөн байна лээ. Хэвлэлд өгсөн ярилцлагыг нь харсан. Дэлхийн зах зээлд арьс, ширний үнэ ханш унасан байгаа. Мөн урд хөршид түүхий эдийн эрэлт бага байна. Үүнээс болоод арьс ширний үнэ ханш унаад байгаа юм. 1990 оны дунд үед манай орон 3.5 сая мал нядалдаг байсан тоо бий. ОХУ-руу түүхий эдээ гаргадаг байсан бол сүүлдээ урд хөрш рүү малын гаралтай бүх түүхий эдээ гаргадаг болсон. Харин 2000 оны үед БНХАУ-аас манай гадаад хэргийн яаманд нот бичиг ирсэн. Танай улс манай улс руу экспортолж байгаа малын гаралтай түүхий эдээ боловсруулж өгнө үү гэсэн байдаг. Үүний дагуу 2003 оноос бүх төрлийн арьс, ширийг боловсруулж гаргадаг болсон юм. Адууны арьсыг боловсруулсан бичиг хийлгээд гаргадаг байсан. Хятадууд түүхийгээр нь авдаг байсан юм. Харин шадар сайдын ярилцлагыг уншаад гайхсан. Монгол Улс хоёр сая гаруй адуутай байж хагасыг нь нядалчихсан юм шиг тоо хэлсэн байна лээ. Мөн Засгийн газраас арьс, шир экспортлохыг огт хориглоогүй шүү дээ. 2019 оны есдүгээр сард Эдийн засгийн яамнаас бүх төрлийн арьс, ширийг боловсруулж хилээр гаргах нь нэмүү өртөг шингэх юм байна. Дотооддоо боловсруулж эцсийн бүтээгдэхүүн хийх боломжтой юм байна гэснээр боловсруулдаг болсон. 2014 оны дөрөвдүгээр сараас эхлэн адууны ширийг боловсруулж гаргах Засгийн газрын тогтоол хэрэгжиж эхэлсэн.
–Тэгвэл яагаад арьс, ширийг боловсруулж гаргаснаас болоод үнэ нь унаад байгаа юм бол. Арьс, ширний үйлдвэрүүд өндөр үнээр боловсруулж байна гэж ченжүүд яриад байна?
-Монгол Улс дунджаар жилд найман сая орчим мал нядалдаг гэх албан ёсны тоо гарсан байдаг. Өнөө жил 10 сая гаруй малаа нядалж байгаа гэх урьдчилсан тоо бий. Мөн арьс ширний 30 орчим үйлдвэр найман сая арьс, ширийг бүрэн боловсруулах хүчин чадалтай. Нэг нэхийг 3600 төгрөгөөр боловсруулдаг. Нэхийг боловсруулахын тулд химийн бодис орно. Цахилгаан дулаан, ус их хэмжээгээр ордог. Ажилчдын цалин өгнө. Дундаас нь ашиг гаргана. Тэгэхээр маш хямд зардлаар боловсруулж байна гэсэн үг. Дэлхийн зах зээл дээр малын гаралтай түүхий эдийн үнэ унаад байна. Хятадад гэхэд хонины нэхий маш хямд, монгол мөнгөөр мянган төгрөг хүрэхгүй ханштай байна гэв.