Categories
мэдээ цаг-үе

Монголын бодибилдингийн спортын загалмайлсан эцэг

Тэртээх
1980-аад оны эхээр Монголд
фитнесс, бодибилдингийн үнэр ч байгаагүй
үе. Тэгэхэд нэгэн туранхай
залуу энэ спортыг ихэд
сонирхон, хичээллэх гэж оролдож эхэлсэн
нь албан тушаалтнуудад адлагдаж
байсан гэдэг. Хаалттай нийгэмд
хөрөнгөтний орны үзэл суртлыг
дэлгэрүүлэх гэлээ хэмээн буруудаж
л дээ. Гэвч
түүний хүсэл мөрөөдөл ямар
ч саад бэрхшээл,
хориг саадыг даван туулж,
өнөөдөр фитнесс, бодибилдингийн спортыг Монголд өдий
зэрэгт нь хөгжүүлж чадсан
юм. Энэ эрхэм бол
“Тайхар” клубыг үүсгэн байгуулагч,
Монголын анхны гурван удаагийн
мистер Б.Батсуурь билээ.
Тэрбээр олон зуун тамирчин
бэлтгэн тив, дэлхийн тэмцээн
уралдаануудад улсынхаа нэрийг удаа дараа
гаргасан амжилтууд нь олон.

Нэгэн цаг үед хориотой
спортыг нэвтрүүлэх нь гэж бангадуулж
байсан Б.Батсуурь дасгалжуулагчийн
төдийгөөс өдий хүртэл хийсэн
тэрхүү гавьяа зүтгэлийг төр
өндрөөр үнэлж “Алтан гадас”
одон хүртээсэн юм.

“Танайд өнжье” булангийнхаа ээлжит
дугаараар Батмөнхийн Батсуурь хэмээх энэ эрхмийнд
саатлаа. Тэднийх “Маршал таун” хотхонд
амьдардаг ажээ. Бид ч
товлосон цагтаа очив. Б.Батсуурь дасгалжуулагч гэргий В.Ариунбалынхаа
хамт биднийг халуун дотноор
угтсан юм. Гэрийн эзэн
спортын хүн гэсэн шиг
биеийн тамирын хослол өмсчээ.
Үүдэнд байх томоо гэгч
нь хүндийн өргөлтийн гир
анхаарал татав. Хэр зэрэг
хүнд болохыг нь сонирхтол
32 кг гэнэ. Б.Батсуурь
дасгалжуулагч үүнийг баруун гараараа
түвэггүйхэн дээш өргөж байсан.
“Таны нөгөө айхавтар булчин
шөрмөс хэвээрээ байгаа юу” гэхэд
“Бага зэрэг юм бий.
Бариад үз л дээ”
гээд инээгээд гараа сунгав. Ноосон
цамцны цаанаас анзаарагдахгүй байсан
түүний булчин яг л
чулуу шиг хатуу, бас
нэлээд товгор байсан шүү.

Б.Батсуурь, В.Ариунбал нар
ганц охинтой, Б.Дөлгөөн гэдэг
юм билээ. Одоо тэрбээр
Бээжингийн их сургуульд Олон
улсын бизнесийн чиглэлээр суралцаж байгаа, гуравдугаар курсийн
оюутан гэсэн. “Ер нь
бол аав, охин хоёр
алхам тутамдаа дүрсээ хараад утсаар
ярина аа. Ойрхон сурдаг
болохоор охин маань өвлийн
амралтаараа ирээд хоёр сар
амарчихна. Одоо цагаан сарын
үеэр л ирэх байх
даа” гэж гэрийн эзэгтэй
охиноо танилцуулангаа хуучлав. Энэ үед нөхөр
нь гар утсаа аваад
охин руугаа залгалаа. Б.Дөлгөөнөө ч тэр даруй
утсаа авч байна. Тэгэхэд
аав нь “Манайд “Өдрийн
сонин”-ы сэтгүүлч, зурагчин
ирсэн байна. Танилц миний
охин” гээд бидэн рүү
утсаа чиглүүлэв. “Сайн байцгаана уу”
гээд инээмсэглэн мэндчилсэн тэр охин нүдэнд
тун дулаахан, царайлаг юм гээч. Тэгснээ
төд удалгүй холбоо тасарчихав.
Аав, ээж хоёр нь
байн, байн залгасан ч
охин утсаа авахгүй гүрийж
байгаа бололтой. “Манай энэ охин
иччих шиг боллоо. Бүрэг,
даруу гэж жигтэйхэн. Тэгсэн
хэрнээ ангийн дарга хийдэг
гэж байгаа. Хичээлдээ бол
сайн л даа. Онц
сурсан гээд сургуулиасаа 3000 юаниар
шагнуулсан байна лээ” гэж
ирээд л тэд охиноо
хачин их санасан янзтай
ярив.

ХААЛТТАЙ НИЙГЭМД ХОРИОТОЙ СПОРТЫГ ДЭЛГЭРҮҮЛСЭН ТҮҮХ

Монголын анхны мистер болох
энэ эрхэм сургуульд ортлоо
охин шиг гэзгээ салаа
сүлжүүлж, эгч
нарынхаа хувцсыг өмсч өсчээ.
Тэрбээр энэ тухайгаа дурсан
ярихдаа “Манай аав бол
Завханы Шилүүстэй сумын уугуул. Налайхад
шилний үйлдвэрийн орлогч дарга хийж
байсан юм. Би айлын
тав дахь хүүхэд. Дээрээ
дөрвөн эгчтэй, дороо нэг
эрэгтэй дүүтэй. Уг нь
эгч нарын маань дээр
ихэр хоёр хүү төрсөн
ч эндчихсэн гэсэн.
Дараа нь баахан охин
төрсний дараа дүү бид
хоёр жил дараалаад гарсан
байгаа юм. Урьд нь
хоёр хүүгээ алдчихсан болохоор
аав, ээж хоёр маань
намайг төрөнгүүт олны хэл амнаас
цээрлэж, нууцалсан бололтой. Тэгээд дүү бид
хоёрын үс гэзгийг капроноор
боож, охид шиг хувцасладаг
байж л дээ. Гэтэл
хөвгүүд юм болохоор босоогоороо
морь харж байгаад аав,
ээжийнхээ найзуудад нь баригдчихна. Тэгээд
нөгөөдүүл нь хүүхдээ нуулаа
гээд л эцэг, эх
хоёрт маань гомдож, тунирхаад
сүйд болдогсон” гээд инээв. Ах,
дүү хоёр сургуульд орохдоо
яалт ч үгүй үсээ
хусуулж, жинхэнэ төрхөндөө оржээ.
Б.Батсуурь дасгалжуулагчийн
хувьд багадаа туранхай хүүхэд
байсан гэнэ. Спортод бол
нугасгүй. Наймдугаар ангиасаа дугуйн спортоор хичээллэж
эхэлжээ. Гэтэл 1981 онд улсын аварга
шалгаруулах тэмцээнд орохын өмнө аваарт
ороод хөлөндөө хүнд бэртэл авч,
удаан хугацаанд эмчлүүлсэн байна. Ингээд цаашид
дугуйгаар явах боломжгүй болжээ.
Тэр үед түүнтэй хамт
Төмөр-Очир хэмээх унаган
багын найз нь энэ
спортоор хичээллэдэг байсан аж. Хожим
тэрээр Францын мэргэжлийн багт
легонероор явж, одоо болтол
тэндээ ажиллаж амьдарч байгаа
тухай Б.Батсуурь дасгалжуулагч
бахархан дурсана лээ. Түүний
хувьд нэгэнт дугуйн спортоор
явж чадахгүй болсноо мэдээд бодибилдинг
ихэд сонирхож эхэлсэн байна. Том,
том булчинтай 1970-аад оны дэлхийн
оддын зурагт хуудас, сэтгүүлүүдийг
ихээр цуглуулж, орос хэл дээрээс
энэ спортын тухай гарын
авлага судалж гарч гэнэ.
Тухайн үед манай улсад
энэ спортын талаар зааж
сургачих мэргэжлийн багш байх нь
битгий хэл бодибилдинг гэж
юу болохыг гадарладаг хүн
ч ховор байв.
Ингээд мань эр энэ
спортыг мэддэг хүнийг эрэлхийлж,
туршлага судлах санаатай ихэд
хорхойсч байжээ. Аз болж
нэгэн гадаадын иргэний сураг гарчээ.
Таван шарын орчимд байсан
Чех, Монголын хамтарсан үйлдвэрт тэр хүн ажилладаг
байсан гэнэ. Мань эр
Чехэд болсон бодибилдингийн улсын
аварга шалгаруулах тэмцээнд орж байсан тус
улсын иргэн байж л
дээ. Түүнээс зөвлөгөө авч
байсан тухайгаа Б.Батсуурь дасгалжуулагч
тод гэгч нь санаж
байв. Бас болоогүй ээ,
тэр үед гадаадад байсан
дүүгээс нь бодибилдингийн холбогдолтой
сэтгүүлүүд ирдэг байсан гэж
байгаа. Тэр сэтгүүл дээрх
техник хэрэгслүүдийг харж байгаад хаягдал,
төмөр, станцын тээрэмний шааригуудыг
хооронд нь гагнаад бэлтгэлээ
хийдэг байж. Тухайн үед
Б.Батсуурь Сонсголонд
байрлах цэргийн ангид алба
хааж байхдаа жагсаалын дарга
байсан ажээ. Жагсаалын дарга
өөрийн гэсэн өрөөтэй. Тэндээ
өнөөх гар хийцний гантель,
техникүүдээ байрлуулж, дасгал сургууль хийдэг
байж л дээ. Мөн
ширээн дээрээ том хавтгай
шил тавиад тэрнийхээ доогуур
Шварцнегер, Фрэндсэн гээд өнөөх бодигийн
одуудын зургийг ярайтал хийж,
өрөөгөө хэрэндээ л тохижуулаад байж.
Гантель хийхийн тулд цэргүүдээрээ
IV цахилгаан станцын хаягдал дээрээс
тээрэмний шааригууд нууцаар авчруулж тэрийгээ
хооронд нь баарцаглуулан гагнаж
байсан гэдэг. Тэгтэл хөрөнгөтний
спортыг сурталчиллаа хэмээн жагсаалын дарга
Б.Батсуурь арга
хэмжээ авахуулжээ. Армийн удирдлагууд өрөөнийх
нь бүх зүйлсийг хурааж
аваад батальон цэргийн өмнө жагсааж
байгаад л “Энэ нөхөр
барууны орны үзэл суртлыг
нэвтрүүлэгч” гээд баахан донгодож
байсан аж. Ингээд цэргээс
халагдаад “Ерөөсөө энэ спортыг
Монголд хөгжүүлье” гэж сэтгэл шулуудсан
байна. Хуучнаар Хөдөлмөр нийгэмлэгийн байранд 1988 онд хүндийн өргөлт,
бодибилдингийн “Тайхар” клубээ байгуулжээ.
Тухайн үед Савхин эдлэлийн
“Сор” компанийн дарга Хүнийхүү гэдэг
хүн тэднийг спонсорлодог байсан
гэнэ. Анх клубтээ нэр
өгөх гэж янз бүрийн
л санаа гаргаж
байжээ. Арнольд гэсэн нэр
ч орж ирсэн
байна. Ингээд Архангай аймгийн
Их Тамир сумын цэлгэр
талд байрлах тэр ганц
чулууны домгийг бэлгэдэж “Тайхар”
гэж нэрлэжээ. Монголд ямар ч
мэргэжлийн техник, хэрэгсэл орж
ирээгүй цаг үе болохоор
хүндийн өргөлтийн бүх төхөөрөмжөө өөрсдөө
хийжээ.. “Тэр үед ямар
одоогийнх шиг ийм боловсронгуй
техник, тоноглол байсан биш. Гадны
сэтгүүл дээрээс зургийг нь
харж байгаад төмөр гагнаад
нийлүүлдэг байлаа. Штангны тахир
голыг халуун төөнүүрээр халааж
тахийлгаад л тун бүдүүлэг
үздэг байж дээ. Хар
тугалга хайлуулан хэвэнд шахаж, төмөр
гагнаж, нийлүүлээд л. Гэхдээ миний
энэ техникүүд маш бат бөх.
Одоо Залуу техникчдийн ордны
хонгилд байдаг байх” гэж
энэ спортыг үүсгэн байгуулагч
маань дурсамжаа хуваалцав. Өөрсдөө хийсэн хэрэгслүүдээр бэлтгэл
сургууль хийдэг байсан “Тайхар” клубын тамирчид
1992 онд техникийн шинэчлэл хийжээ. ОХУ-ын
Красноярскгаас Монголд бодигийн хэдэн
тамирчин ирээд СТӨ-нд
хоёр өдрийн турш үзүүлэх
тоглолт хийсэн байна. Тэд
нутаг буцахдаа манайханд техник хэрэгслээ үлдээгээд
явж байжээ. Тэдгээр нь
ч ялгаагүй гар
хийцнийх байсан аж. Гэхдээ
энэ спорт хөгжсөн орных
юм болохоор арай л боловсронгуй
эд байжээ. Тухайн үед
“Тайхар” клубт урлаг, соёлын
одод, спортынхон бүгд бэлтгэлээ хийдэг
байв. Одоогийн улстөрчдөөс гэхэд Ерөнхий сайд
Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн С.Баярцогт, Д.Сумъяабазар, Б.Бат-Эрдэнэ аварга,
“MCS”-ийн Оджаргал, АПУ-гийн Батсайхан,
Монгол газрын Ш.Мянганбаяр
гээд бүгд хичээллэж байжээ.
Урлагийнхнаас дуучин Т.Ариунаа
анхдагчдын нэг гэнэ. За
тэгээд загварын охид, “Гурван охин”,
“Камертон”, “Номин талст” зэрэг
хамтлагийн дуучид бүгд “Тайхар”
клубт бэлтгэл хийж, бие
хаагаа хөгжүүлцгээдэг байсан юм билээ.

ХУВЦАС ЗАГВАРЫН НҮҮР ЦАРАЙ, ЗАЛУУСЫГ ШУУГИУЛСАН МИСТЕР

Б.Батсуурь багадаа туранхай хүүхэд
байсан учраас Арнольд Шварцнегер
шиг том сайхан булчинтай,
бяр тэнхээтэй болохыг ихэд мөрөөддөг
байжээ. Тиймээс хүсэл зорилгынхоо
төлөө тууштай явжээ. Өндөр
өртөг, зардалтайн дээр Монголд ямар
ч суурь үндэс
нь тавигдаагүй энэ спортыг хөгжүүлэхэд
түүнд амаргүй байсан нь
ойлгомжтой. Нийгмийн систем солигдож байсан
шилжилтийн үе ч таарав.
Одоогийнх шиг нэмэлт уураг,
тэжээл, витамин гэж юу
ч байхгүй. Гэтэл
өндөр хэмжээний уургийн агууламжтай хүнс
хэрэглэж байж булчин шөрмөсөө
хөгжүүлэх хэрэгтэй. Цул хар үхрийн
мах, өндөг, бүх төрлийн
жимс, тахианы мах идэж
уургаа авах ёстой байдаг.
Гэтэл дэлгүүрийн лангуу хоосон, картын
бараанд оочерлодог байсан тэр үед
энэ бүхэн элбэг олдохгүй.
Цаг төр хэдий хүнд
байсан ч гэсэн түүнийг
хамгийн их ойлгож, дэмжсэн
хүн бол эхнэр В.Ариунбал нь. Тэрбээр шувуун
фабрик руу очиж, өндөг,
тахианы мах “арын хаалга”-аар авдаг байж.
Картаар олгодог кг-ын
махнаас цулыг нь нөхөртөө
зориулна. Энэ тухай гэрийн
эзэн дурсахдаа “Тэр үед ч
хүнд байсан шүү. Хадмууд
маань1993 оны арваннэгдүгээр сард
манай идшинд соёолон үхэр
өглөө. Гэтэл “Мартын-8” гэхэд
дуусчихсан байсан гээч. Охин
дөнгөж ой гарантай байв.
Эхнэр хүүхэд хоёр маань
идэж шалихгүй. Тэгэхээр би л ганцаараа
идчихсэн байгаа биз. Тэр
хэцүү цагт хамаг өнгөтэй
өөдтэйг нь би идчихээр
эхнэр маань заримдаа өлсдөг
байсан тухайгаа хожим ярьж билээ.
Би зөвхөн өндөгний цагааныг
л иднэ. Шарыг
нь охин, эхнэр хоёртоо
өгнө. Энэ хоёр маань
сүүлдээ тэрийг идэхээс ч
залхсан” гээд инээхэд гэрийн
эзэгтэй В.Ариунбал “Тэгээд
юм ховор байсан үед
хаяхаас хайран санагдаад иддэг
байсан” гээд инээх нь
тэр.

Монголын анхны мистер тэмцээн
1991 онд Залуучуудын соёлын төвийн байранд
болжээ. Энэ тэмцээнд Б.Батсуурь түрүүлж, гурван жил дараалан
Монголын сайхан залуугаар тодорч
байсан юм. Тухайн үеийн
залуусыг ёстой нэг байлдан
дагуулж байв. Одоо хэр
нь “Тайхар”-ын Б.Батсуурь гэхээр ерөнхийдөө 35-аас
дээш насныхан “Монголын анхны мистер” гэж
ирээд л андахгүй шүү
дээ. Бие хаа, нүүр
царай, булчин шөрмөсөөрөө гайхуулах
шиг болж байсан гэж
дурсах юм билээ. Бас
болоогүй ээ, Монголын ноос,
ноолууран хувцасны нүүр царай, модель
хийж байжээ. Од байх
үеийнх нь сонин хэвлэл
дээр гарсан нийтлэл, ярилцлагуудын
зарим нь одоо хүртэл
түүнд хадгалаастай байсан. Чемоданыхаа ёроолоос
хавтас дүүрэн сонингийн хайчилбар
гаргаж ирээд бидэнд сонирхууллаа.
Тэнд сүүлийн үеийн сэтгүүлүүд
ч харагдав. “Ардын эрх” сонины
1992 оны аравдугаар сарын 2-ны дугаарт
“Ертөнцийг чимэхэд, чимх ч бол
нэмэр” гэсэн гарчигтай, булчинлаг
биетэй зураг бүхий түүний
тухай нийтлэл хэвлэгдэж байжээ.
Мань эр үүнийг харснаа
“Ямар сонин юм бэ.
Миний төрсөн өдрөөр гарсан
юм байна шүү дээ”
гээд сая л анзаарч
байгаа бололтой ихэд бэлгэшээв. Тэгснээ
сонин­гуудын хавсрал­тууд
дундаас сурагч­дын зурагтай
хэсэг гаргаж ирлээ. “Манай
эхнэрийн зураг байна. Далимд
нь эхнэрээ рекламдана аа,
манай хүн 48 дугаар сургуулийг
алтан медальтай төгсч байлаа. Улсын
тооны болон физикийн олимпиадын
аварга болж байсан мундаг
бүсгүй дээ. Бид анх
танилцахад эхнэр маань зохион
бүтээгч хийдэг байсан. Бид
сувилалд хамт амарч байгаад бие биетэйгээ учирсан даа” гэв.

Б.Батсуурь дасгалжуулагч тэрхүү залуу насныхаа тэмцээн уралдаанд орж байсан үеэ дурсан ярихдаа “Монголын анхны мистер болоход 3000 төгрөгөөр шагнаж байлаа. Харин дараа жил нь 10 мянган төгрөгийн шагнал авч билээ. Тэр үед охин маань мэндэл­чихсэн байсан болохоор 3500 төгрөгөөр нь хүүхдэ­дээ комбин­зон авч өгч байсан даа. Одоо бодоод байхад тэмцээнд ороод, тамирчдаа дасгалжуулаад л залуу насны эрч хүчээр явдаг байж дээ. Тэмцээнд орж байгаатамирчдад түрхдэг зориулалтын крем гэж байсангүй. Урлагийнхнаас шоколадан бор өнгөтэй крем гуйгаад тэрийгээ ургамлын тостой холиод биеэ тослоод тайзан дээр гардаг байж билээ. Крем олдохгүй бол зарим нь уруулын будаг холиод түрхчихнэ. Тэгээд гахайн тоорой шиг яагаан өнгөтэй юмнууд тайзан дээр гарч ирнэ дээ” гээд инээв. Тэгэхэд эхнэр нь хажуугаас “Тэр крем нь хувцсанд нь наалдчихаад угаагаад арилахгүй ээ бас” гэж нэмж хэлээд бөөн инээдэм боллоо.

Тэрбээр Монголын мистерээр гурван удаа шалгарсны дараа 1994 оноос хойш ерөнхийдөө тэмцээн уралдаанд ороогүй байна. Харин мисс, жентелмэний тэмцээн уралдаануудын шүүгчээр ажилладаг болж л дээ. Ардын жүжигчин Цогзолмаа, Хайдав гуай нар болон талийгаач жүжигчин Лхасүрэн, Чингис хамтлагийн ахлагч дуучин Жаргалсайхан гээд мундагуудтай хамтМонголын сайхан залуу, бүсгүйчүүдийг шалгаруулдаг байжээ. Нэг удаа мистерийн тэмцээн дээр болсон хөгжилтэй явдлыг гэрийн эзэн ярилаа. Түүний шавь Энхтайван, Ардын жүжигчин Н.Сувд гуайн хүү Бат-Оргил хоёр эцсийн шатанд тунаж үлджээ. Циркийн үзэгчдийн суудал пиг дүүрсэн байж. Тэгтэл Б.Батсуурь дасгалжуулагчшавийгаа дэмжээд тайзан дээр хамт гарч, үзүүлбэр үзүүлж өгчээ. Тэрбээр энэ тухай ярихдаа “Шүүгч хийж байгаа хэрнээ тайзан дээр гарчихаж билээ. Тэр үед ямар харагдсан бол доо. Хоёр тийшээ зөрж гүйгээд л одоо бодохоор ичих шиг болдог. Бат-Оргил сайхан ч залуу байсан болохоор түрүүлсэн. Манай Энхтайван хоёрдугаар байрт орж байв” гэлээ.

БАЙГАА ЗҮЙЛДЭЭ ХАНАЖ АМЬДРАХ САЙХАН

Бодибилдинг бол дэлхийд 1930-аад оноос эхтэй спорт ажээ. Харин манай улсад хожуу дэлгэрсэн. Б.Батсуурь дасгалжуулагчийн хувьд суурийг нь тавиад 27 жил энэ спортын төлөө тасралтгүй явжээ. Анх 1993 онд Сөүлд болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тэрбээр оролцож, Олон улсын бодибилдингийн холбоонд Монгол Улсаа албан ёсоор бүртгүүлж байв. Харин 2009 оноос хойш манайх бодибилдингийн дэлхийн аваргад оролцдог болжээ. Манай тамирчид тив дэлхийн уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож, Монгол Улс энэ спортоор одоо л танигдаж байгаа. Бодибилдинг маш их цаг хугацаа шаарддаг спорт гэдгийг энэ эрхэм онцолж байлаа. Түүнийг хичнээн шавь бэлтгэсэн болохыг нь асуутал “ За даа, шавиа тоолж үзээгүй дээ” гээд даруухнаар хариулав. Тэгтэл гэрийн эзэгтэй Ариунаа “Монголд бодигоор хичээллэдэг бүх тамирчид манай хүний шавь нь” гээд нөхрөөрөө бахархах омогшил түүнээс нэвтмэдрэгдэв.

Монголын гурван удаагийн мистер Энхтайван, Батгэрэл, Ганболд, талийгаач “Цагаан арслан” клубын захирал асан Буянтогтох болон Золбаяр, Мөнхбаатар, Баянхүү, эмэгтэйчүүдээс Азийн анхны хоёр удаагийн аварга болж байсан Сарангуа зэрэгбодигоор танигдсан олон тамирчин түүний шавь аж. 2015 он Б.Батсуурь дасгалжуулагчийн хувьд одтой, хийморьтой жил байжээ. Төр засгаас түүнд “Алтан гадас” одон хүртээсэн бол Монголын үндэсний олимпийн хорооноос спортод онцгой үр бүтээлтэй ажилласан хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж Монголын Олимпийн хорооны дээд шагнал “Алтан-Очир” хэмээх нэр хүндтэй шагналыг олгосон байна.

Монголын бодибилдингийн холбооны анхны ерөнхийлөгч нь С.Зориг агсан байжээ. Тэрбээр “Монголын залуучууд эрүүл чийрэг, сайхан бие хаатай байвал гоё биз дээ. Зуны цагт гоё бие бялдартай залуус Улаанбаатарын гудамжаар алхаад явж байвал ёстой нэг чимнэ дээ” гэж Б.Батсуурь дасгалжуулагчид хэлж байсныг дурсан ярив. Ингэхдээ “Орчин цагт нийгэм стресстэй байгаа болохоор залуучууд архи, тамхиар өөрийгөө тайтгаруулж байна. Хэрэв спортоор хичээллэвэл тэр хорт зуршлаасаа салж, эрүүл мэнддээ анхаарах болно доо. Өнөөдөр Улаанбаатарт 300 гаруй фитнесс, бодибилдингийн клуб ажиллаж байна. Бүгд түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг болохоор төлбөр нь өндөр байхаас аргагүй. Уг нь Америкт бүхий л орон сууц, барилга байгууламжийн дор фитнесс, бодибилдингийн төвүүд байдаг. Асар хямд үнэтэй, зарим нь төлбөргүй байх нь ч бий. Манай улс уг нь хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө энэ тал дээр ямар нэгэн бодлого шийдвэр гаргавал зүгээр л байх” гэлээ. Тэрбээр шавь нартаа “Эрчилсэн эрээн булчингаас гадна тархиа хөгжүүлэх хэрэгтэй. Сайхан бие бялдартай байхад ямар ч хувцас зохино. Харин доторх бие эрхтэн эрүүл бус, ухаан бодол нь саруул биш бол хичнээн булчингаар хучаад яах билээ” гэж захидаг байна. Мөн аливаа ажлыг хийхдээ “Би үүнийг хийх ёстой гэж бодвол ял болно. Харин би үүнийг хийхийг хүсч байна” гэх ёстой. Ингэснээр аливаа ажлыг чин сэтгэлээсээ
хийж, үр шимийг нь
хүртэж чадна” хэмээн Б.Батсуурь дасгалжуулагч ярьж байсныг энд
онцолмоор санагдлаа. Энэ эрхэм өнгөрсөн
хугацаанд, хүнд хэцүү үеийг
туулан бодибилдингээр хичээллэхдээ нэг ч удаа
шантарч байгаагүй нь түүний
энэхүү филисофитой холбоотой биз ээ.

Биднийг ийн хуучилж байх зуур гэрийн эзэгтэй гал тогоондоо тун завгүй байв. Эдний гэр бүл сүүлийн үед хоолны дэглэм барьж байгаагаа сонирхуулав. Өрхийн тэргүүн бэлтгэгч, эхнэр нь ерөнхий тогооч аж. Голдуу ногооны салат хийгээд гадуур тэр болгон хооллохоос татгалзаж байгаа гэнэ. Б.Батсуурь дасгалжуулагчийн хувьд нэг хэсэг бэлтгэл сургуулиа орхиод байсан бол өнгөрсөн жилээс идэвхжүүлжээ. Долоо хоногт гурван удаа зааландаа хичээллэж байгаа гэсэн. Гэхдээ тэмцээн уралдаанд орох зорилгогүй харин эрүүл мэнддээ анхаарч, насан туршдаа бэлтгэлээ орхихгүй гэж байв.

Б.Батсуурь, В.Ариунбал нар гэр бүлийн олон сайхан найз нөхөдтэй юм билээ. Тэдний нэг Б.Бат-Эрдэнэ аваргын гэр бүл аж. Тэрбээр 1990-ээд оны эхээс хүчнийхээ бэлтгэлийг хамтран хийж эхэлсэн дотнын цөөхөн, найзуудынх нь нэг юм байна. Аварга ч барилдахаа болиод найзууд ярилцаж байгаа сургууль байгуулахаар санаачилжээ. Ингээд хуучнаар Хөдөлмөр нийгэмлэгийг хувьчилж аваад тэндээ “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн эх суурийг тавьсан байна. Б.Батсуурь дасгалжуулагч эхэндээ сургуулийн дэд захирлаар нь ажиллаж байсан бол одоо ТУЗ-ийн гишүүн аж. Энэ мэтчилэн тэрбээр бизнес эрхлэхээр янз бүрийн л юм оролдож байжээ. Бусдын жишгээр эхнэртэйгээ хамт зах зээл эхлэхэд ганзагын наймаа эрхэлж ч үзсэн байна. Одоо тэд Тэрэлж орчимд амралтын газартай гэнэ. Эхнэр нь Европоос гэр ахуйн коллекц импортолдог бизнесээ хариуцдаг аж.

Эдний гэр бүлийн цомгийг үзэж байхад аяллын зурагнууд маш олон байв. Тэд дэлхийн 40 гаруй улсаар, Монгол орныхоо ихэнх аймгаар аялжээ. Б.Батсуурь дасгалжуулагч
“100 наслахгүй хорвоод мянган жил барахгүй хөрөнгөөр яана аа гэдэг үг байдаг шүү дээ. Байгаа зүйлдээ ханаж амьдрах сайхан. Хүн бол зурвасхан олдох хорвоод аль болох ихийг үзэж,
таньж мэдэх хэрэгтэй” гэсэн
филисофитой нэгэн ажээ. Ийнхүү
аяллын урт замд мордож,
адал явдлаар дүүрэн амьдрах
хүсэл зорилготой Монголын бодибилдингийн спортын загалмайлсан эцэг,
Монголын анхны гурван удаагийн
мистер Б.Батсуурийнд өнжсөн
тэмдэглэлээ өндөрлөе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *