Улаанбаатар хот дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас Агаарын чанарын мониторинг /АЧМ/хөтөлбөрийг энэ сарын 16-наас албан ёсоор эхлүүлэх гэж байна.
Уг хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлагаас /БОХА/ баталгаажуулсан MET One BAM 1020 төхөөрөмжөөр тодорхойлсон агаарын чанарын индексийг олон нийтэд шууд түгээх вэбсайт болон твиттэр фийдийг ажиллуулах аж. Агаарын чанарын мониторинг нь АНУ-ын Элчин сайдын яамны орчмын агаар дахь нарийн тоосонцор буюу PM2.5-ын хэмжээг хянан бүртгэж, цугларсан мэдээллийг БОХА-ын “Агаарын чанарын индекс”-т (AQI) хувиргах юм байна. Энэ мэдээллийг Улаанбаатар хотод оршин сууж, хөдөлмөр эрхэлж буй Америк иргэдээс гадна нийт оршин суугчид, эрүүл мэндийн байгууллагууд болон Монгол Улсын Засгийн газрыг хамран, нийтэд нээлттэй түгээнэ.
Агаарын чанарын мониторинг хөтөлбөртэй танилцахыг хүсвэл www.stateair.mn сайтаар болон twitter.com/USEmbUBAir твиттэр хаягт хандаж болох юм байна. Мөн агаарын чанарын мониторингийн дата www.airnow.gov сайтаар авч болох аж.