Categories
мэдээ цаг-үе

Б.Эрдэнэбат: Цаг хугацааны урсгалд залуу нас үнэ цэнтэй

-ДАРГЫН ЦҮНХ БАРЬЖ ГҮЙСЭН НӨХӨД ДЭЭШЭЭ ГАРДАГ ҮЗЭГДЭЛ БОДИТОЙ БОЛЖЭЭ. “ЛИФТЭЭР ӨГСЧ БАЙГАА ЗАЛУУС” ГЭДЭГ НЭР ТОМЪЁО ҮҮНЭЭС ҮҮДЭЛТЭЙ БОЛОВ УУ-

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн байнгын хорооны дарга Болдбаатарын Эрдэнэбаттай ярилцлаа.

Та Залуучуудын хөдөлмөрийн төв биржийг үүсгэн санаачилж захирлаар нь ажиллаж байгаад Монголын залуучуудын холбооны удирдлага, хамтын ажиллагааны газрын даргаар томилогдсон. Нэг ёсондоо залуучуудын талаар хамгийн ихийг мэдэх хүний нэг. Энэ сэдвээр ярилцлагаа эхлэх үү?

-Залуу хүн Монголын ирээдүй, Монголын баялаг. Энэ утгаараа тэдний оролцоог хөгжлийн үйл явцад хангалттай ашиглах ёстой гэж боддог. Залуучууд эрхэлсэн ажилгүй, завтай, баялаг бүтээх үйлст гар бие оролцохгүй байгаа цагт улс орны хөгжил хэзээ ч урагшлахгүй ээ. Энэ үүднээсээ залуучуудын талаар төрөөс баримтлах бодлого зайлшгүй үгүйлэгдэж байна. Өөрөөр хэлбэл, залуучууд руу чиглэсэн төрийн бодлого шаардлагатай гэж би хувьдаа үздэг. Залуучуудын байгууллагад ажилладаг хүний хувьд сүүлийн үед манай залуучууд хийж бүтээх эрмэлзэл дүүрэн байгааг нь хараад бахархах, урамших сэтгэл төрсөн. Мөн залуучуудыг туршлагагүй, нас залуу гэж голох биш дэмжлэг хэрэгтэй юм байна гэдгийг ч анзаарсан. Урам өгөөд зөв чиглүүлбэл тэдэнд маш их бололцоо байгааг харж байна. Гэхдээ мэдээж залуу хүмүүс бүгдээрээ зорилготой, тэмүүлэлтэй, эрч хүчтэй, хөдөлмөрч байна гэвэл бодитой биш. Нас залуу цус шингэн хэрнээ ажил хийх дургүй, арчаагүй, залхуу, буруу аргаар ч хамаагүй мөнгө олж амар хялбар амьдрах зорилготой залуучууд ч байна. Эцэг, эх төр засгийн гар хараад суух биш өөрсдөдөө боломж олгох талаар хичээх хэрэгтэй юм.

Үнэхээр залуу хүн шиг, мөрөөдөл тэмүүлэлтэй хүн шиг өөдрөг сэдвээр яриагаа эхэлж байгаад баярлалаа. Та өөрөө тэр боломжийг бий болгохын тулд хэрхэн ажилласан бэ?

-Би оюутан байхаасаа л олон нийтийн ажилд идэвхтэй оролцож боломж ирэхийг хүлээж суух биш өөрөө бий болгохыг хичээж ирсэн. Монгол Улсын их сургуулийг оюутны байгууллагыг тэргүүлэх зэрэг өөрөө өөртөө боломжийг бүрдүүлж, залуу хүн завгүй байсан нь үр дүнтэй юм аа гэдгийг тодорхой хэмжээгээр ойлгож ирсэн. Энэ ч утгаараа янз бүрийн шинэлэг ажлуудыг санаачилж бүтээж ирлээ. Тухайлбал, Монголд анх удаа “Ажилтай, орлоготой монгол залуу” үндэсний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, арван таван мянга гаруй залуучуудыг цагийн болон түр, байнгын ажлын байраар хангасан. Үүнд хамтран зүтгэгч идэвхтэй залуусын хамтын үүрэг их байсан. Мөн 95 жилийн түүхтэй Монголын залуучуудын холбооны удирдлага, хамтын ажиллагааны газрын даргын үүрэгт ажлыг гүйцэтгэх явцдаа Монголын залуучуудын холбооны 12 жил завсарлаад байсан тавдугаар их хурал, Азийн залуучуудын зөвлөлийн 13 дугаар Ерөнхий ассамблейн хурал, 16 байнгын хороог үүсгэн байгуулах хурал зэргийг амжилттай зохион байгууллаа. Зургаан жил завсарлаад байсан бүсийн чуулга уулзалт буюу баруун, төв, өмнөд, зүүн бүсийн чуулга уулзалт, “Залуучууд судлал”-ыг хөгжүүлэх энэ чиглэлд нийгмийн анхаарлыг хандуулах үүднээс эрдэм шинжилгээний бага хурлыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамтай хамтарч зохион байгуулсан гээд тоочоод байвал маш олон зүйлийг хийсэн байна. Хүн болгонд хийж бүтээх боломж бололцоо байна. Гагцхүү түүнийг хайх, сэдэх, санаачлах, хэрэгжүүлэх хурд залуу хүнд хэрэгтэй.

Ярианыхаа эхэнд бусдаас гар хараад суудаг залуусын талаар цухас дурдлаа. Үнэхээр амар хялбар аргаар аж төрөх эрмэлзэлтэй залуус цөөнгүй байгаа нь илэрхий болжээ. Хэн баялаг бүтээх гэдэг асуулттай уялдуулж тэднийг хэрхэн өөрчлөх вэ гэдэг сэдвийг хөндье?

-Залуучууд бүгдээрээ өөгүй сайн ч юм уу, ирээдүйн хошуучлагч гэвэл мэдээж үнэнд нийцэхгүй. Уг нь би бүх залуусыг зорилготой, шаргуу, эрч хүчтэй, шударга, хөдөлмөрч, урагшаа тэмүүлэлтэй байгаасай гэж хүсдэг. Харамсалтай нь тийм байж чадахгүй байна. Залуучуудын хөдөлмөрийн төв биржийг үүсгэн байгуулаад тодорхой хэмжээнд удирдсан. Маш олон залуустай уулзаж ажлын байранд зуучлах үйлчилгээг үзүүлэхэд хөдөлмөрч сэтгэлгээ дутагдалтай байдаг нь ажиглагдсан. Дээрээс нь залуучуудад тулгамдаж байгаа хамгийн том асуудал бол ажилгүйдэл. Залуучууд өөрсдөө идэвхтэй байх ёстой. Төр засаг хэзээ ажлын байр бий болгох вэ, хэзээ юм өгөх вэ гэж харах биш идэвх санаачилгатай байж өөрийгөө боловсруулж, чадваржуулах ёстой. Одоо дэлхийн хэмжээний боловсролтой залуусыг нийгэм шаардаад байгаа боловч чанаргүй боловсролын системээс болоод ажилгүйдэл улам нэмэгдэж байна. Тийм учир энэ бүгдийг цогцоор нь системтэй авч үзэх, хамгийн гол нь хөдөлмөрийн дадлага туршлагатай болгох асуудал маш чухал. Уг нь залуу хүн бүр хөгжих бололцоогоо өөрсдөө хангах ёстой юм. Ядарч цуцахыг мэддэггүй, даарч хөрөхөөс халширдаггүй оргилуун дэврүүн шинж чанар бол залуу хүний давуу тал шүү дээ. Гэтэл яагаад өтөл насны хүмүүсээс дор сэтгэлгээтэй байх ёстой гэж. Тийм хүмүүс өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй. Мэдээж төр засаг, нийгэм, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид, найз нөхдийн нөлөө бий л дээ. Хамгийн гол өөрчлөлт тухайн хүнээс өөрөөс нь хамаарна. Тийм учир залуус минь цаг мөчийг дэмий зүйлд бүү зориул. Урагшаа хараад өөдрөг алхацгаая гэж уриалмаар байна даа. Хүний залуу нас мөнх биш шүү дээ. Цаг хугацааны урсгалд залуу нас үнэ цэнтэй. Аар саархан ажил хийж, зугаа цэнгэлд автаад явж байтал нэг л мэдэхэд хийж бүтээх хайран сайхан цаг мөч салхинд хийсчихсэн байх вий. “Залхуурал бол цаг хугацааны хулгайч” гэдэг мэргэн үг байдаг даа.

Дарга болох сонирхолтой амбицтай залуус олон болжээ. Үүнийг дагаад нийгэмд шүүмжлэл ч сонсогдох боллоо. Гол нь бүгдээрээ дарга болчихвол хэн барилга барих вэ гэдэг ч юм уу?

-Миний бодлоор манай тогтолцоонд буруу их байна. Даргын цүнхийг барьж гүйсэн нөхөд дээшээ гардаг үзэгдэл бодитой болжээ. “Лифтээр өгсч байгаа залуус” гэдэг нэр томъёо үүнээс үүдэлтэй болов уу. Өнөөдөр таван хүн тутмын гурав нь дарга гэдэг яриа хэдийгээр хэтрүүлэгтэй ч гашуун үнэн. Яагаад гэвэл бүгд дээд сургууль төгсч дарга болох гээд зүтгээд байхаар хэн баялаг бүтээх юм бэ. Баялгийг бүтээдэг үйлдвэрлэл хөгжиж байж улс орны хөгжил урагшаа явна шүү дээ. Аль ч улс орны эдийн засаг, санхүү материаллаг баялгийн үйлдвэрлэл дээр тулгуурладаг. Гэтэл баялгийг үйлдвэрлэгч нар бүтээж байна. Энэ салбар руу залуусаа оролцуулах, мэргэжил эзэмшүүлэхэд төр засаг анхаарах хэрэгтэй байна. МСҮТ-үүдийг дэмжиж залуусын суралцах эрмэлзлийг төрүүлэх хэрэгтэй. Мөн залуучууд маань юм л болбол хөдөлгөөн өрнүүлж, үйлдвэрчний эвлэл шиг болсон нь харамсалтай. Төрийн бус байгууллага, аливаа хөдөлгөөний ард дандаа эрх ашиг явдаг болсон. Уул нь залуучууд дор бүрнээ хийх ажлаа мөрөөрөө хийгээд, сураад явж байх нь зүйн хэрэг. Миний бие Солонгост төрийн захиргааны удирдлагын чиглэлээр суралцан, Монгол Улсын их сургуульд улс төр судлалаар магистрын зэрэг хамгаалсан дээрээ тулгуурлан харийн нутагт докторын зэрэг хамгаалсан. Залуу идэр насандаа гадагшаа явж суралцах нь юунаас ч эрхэм гэдгийг ойлгосон. Хувь хүний үзэл бодол харийн нутагт маш өөрөөр төлөвшдөг юм билээ. Бид чинь Монголдоо байх юм бол хэн нэгнээ үргэлж доош хийсэн, хий хоосон цэцэрхсэн хүмүүс л байна. Сурч боловсорсон юм байхгүй, нэг л амбицтай, улс төр хөөсөн, төр засгаа муулсан хүмүүс байдгийг ухаарсан даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *