“Авьяаслаг монголчууд” шоунаас аль талаас нь бодсон ч авьяастан “но”-гүй тодроосой. Энэ бол шоу шударга байгаасай гэсэн монголчуудын хүсэл. Яагаад гэвэл “Авьяаслаг монголчууд” шоу нэг телевизийн бүтээл биш олон нийтийн ажил болсон. Дэлхий даяар 500 сая үзэгчтэй, “YouTube”-д зургаан тэрбум удаа үзсэн амжилттай улс үндэстнүүдийн бахархан, хайрлах авьяастнаа тодруулдаг “Got talent” шоуг Монголд хийх эрхийг “Монгол ТВ” авч чадсан. Бас өнгөрсөн есдүгээр сарын 20-ноос хойш үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө “уяж” чадлаа. Бүр энэ шоуны шалгаруулалт бүх нийтийн ажил болчихлоо. Уг шоунд оролцсон 2000 гаруй авьяастнаас шилдгийн шилдгийг маргааш шалгаруулна. Хагас финалын шалгаруулалтад үлдсэн 32 оролцогчоос үзэгчдийн шалгаруулалт, шүүгчдийн саналаар найман оролцогч үлдсэн. Тэднээс чухам хэн нь шижир алт шиг авьяастан бэ гэдгийг хүмүүс бүх нийтээрээ ярьж, хэлэлцэж байна. Ням гаригийн үдэш нэг айлд байгаа утас бүрээс мессэж нисч, нэвтрүүлгээ үзээд сууж буй хүн бүр шүүгчийн ажлаа идэвхтэй хийж байгаа. Ням гаригийн үдэш facebook, twitter тэр чигээрээ “Авьяаслаг монголчууд”-аар амьсгалж, тэнд байгаа хүн бүр шахам санал, сэтгэгдлээ хуваалцдаг. Маргаан, хэлэлцүүлэг өрнүүлдэг болсон. Шилдэг оролцогчдын цахим хуудас цөөхөн минутын дотор хэдэн мянган лайк авч, найзын хүсэлтээр дүүрчихдэг. Үүгээрээ “Авьяаслаг монголчууд” нэг телевизийн ажил биш нийтийнх болсон гэж хэлээд байгаа юм. Баргил хоолойтой барилгачин залуу А.Отгонбаяр, “Янзаган хүрээ”-гийн тэмүүлэлтэй охид, уянгалаг эвлэг дуулдгаараа үзэгчдийг татаж байгаа О.Баярсайхан, бүжгээрээ үзэгчдийг хөөргөж орхисон Б.Тэмүүлэн, М.Халиун, тэнцвэртэй нугараач Э.Нарангарав, хамгаалалтгүйгээр агаарт үзүүлбэр үзүүлж шүүгчдийг уйлуулсан А.Уранбилэг, авьяас л байвал үнэтэй хөгжим чухал биш гэдгийг харуулсан өхөөрдөм хүүхдүүдийн “Эгшиглэнт чимээ” хамтлаг, ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвд бүртгэгдсэн лимбэний битүү амьсгааны гайхамшгийг мэдрүүлсэн лимбэчин Б.Мягмарцэрэн, түүний хамтрагч ёочинч Х.Бархүү нарын нэг маргааш шилдгээр шалгарч, 100 сая төгрөгийн эзэн болно. Хамгийн гол нь Монголоос шалгарсан авьяастан гэдэг алдрыг хүртэж, од болно. Энэ шалгаруулалт шударга болж, жинхэнэ шижир алт шиг, хэн ч маргахааргүй авьяастан шалгараасай гэж үзэгчид хүсч байгаа. Энэ нь хүмүүсийн facebook, twitter хуудсандаа бичсэнээс нь, шоуг зохион байгуулагчдын цахим хуудаст үлдээсэн сэтгэгдлээс мэдрэгдэж байна.
“Авьяаслаг монголчууд” шоу Монголоос онцгой авьяастанг тодруулах зорилготой. Түүнээс биш урлагт дуртай, өнчин, хэцүү амьдардаг, гачигдалтай нэгнийг хоолонд хүргэх зорилго агуулаагүй. Урлаг өөрөө хатуу, харгис байдаг. Хөөрхий минь, өрөвдөлтэй амьдарсан юм гэж урлаг уруулаа дэвсэж хүлээж авдаггүй. Урлагийн ертөнцөд хэн авьяастай, хэн шижир нь алдар хүндийн оргилд хүрч, арай тааруухан нь мартагддаг жамтай. Урлагт баян, хоосон, өнөр олуулаа эсвэл өнчин ядуу гэсэн шалгуур байхгүй. Авьяас ч баян хоосон, өнчин ядуу гэсэн тавиланг харж заяадаг юм биш. Хэнд ч авьяас заяаж болдог. Өөрт заяасан авьяасаа олон түмнээр шүүлгэж, үнэлүүлж, сэтгэлд нь хүрч чадвал урлаг хаалгаа нээгээд угтдаг жамтай. Тиймээс урлагт тэнцэхүйц, алдар хүндийн оргилд хүрэхүйц авьяастанг шалгаруулж чадвал “Авьяаслаг монголчууд” шоунаас хүлээж байсан үр дүн гарна. Монголчууд тэр чигээрээ энэ шоуг үзэж, оролцогчдыг нь шүүж байгаа. Тиймээс ард түмний хүссэн, хүлээсэн авьяастан шалгарвал аяндаа од гэх үнэлэмжийг хүртэнэ. Харин үзэгчид ялагчид сэтгэл дундуур үлдвэл хэвлэл мэдээлэлд итгэх иргэдийн итгэл буурах аюултай. Тиймээс доороо суурьтай, дотроо бодолтой ажиллаж, олон түмний сэтгэлд нийцсэн том шоугаа үр дүнтэй дуусгаарай гэж хэлмээр байна.
Шоу эхэлснээс авахуулаад шилдэг наймыг шалгаруулах хүртэл шүүгчдийг ажиж байхад өрөвдсөн, популизм хийсэн өнгө аяс харагдах юм. “Ардын хүүхэд”, “Хөөрхөн охин”, “Өнчин юм” гэх зэрэг популимз хийсэн зүйл ярьж, нялуун зан гаргацгаалаа. Баргил хоолойтой барилгачин залуугийн авьяас үзэгчдийн сэтгэлийг хөөргөсөнтэй хэн ч маргахгүй. Харин түүний гэрт очиж, аж амьдралыг нь харуулсан нь авьяастанг хайх гэхээсээ илүү уянгын нэвтрүүлэг шиг харагдана лээ. Ямар сайндаа “Барилгачин Баярааг орон сууцанд оруулъя” гэх хөдөлгөөн өрнөх вэ. Барилгачин Баяраа шижир авьяасаараа тодроод ирвэл байртай болохоос илүү сайхан амьдрал түүнийг хүлээж байгаа. О.Баярсайханы финалын шатанд дуулсан дуунаас нь үүдэж шүүгчид аавгүй өссөн хүний зовлон ярьж, нийгмийн эмзэг асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэх дөхсөн. “Нарны охид” хамтлагийн багш манай сонинд өгсөн ярилцлагадаа үүнд эгдүүцсэнээ илэрхийлж “Шоуны дараа шүүгчдэд тэсэлгүй хэлчихсэн. Хэн нэгний эмзэг асуудлыг сөхөж өрөвдүүлэх байсан бол манай охидын нэг нь ээжтэйгээ хоёулхнаа, гэрт ядруухан амьдардаг. Түүнийгээ яривал ярих байсан. Гэвч энэ шоу авьяастанг шалгаруулах зорилготой учраас авьяасаа л үзүүлье гэсэн” хэмээн ярьсан билээ.
Уран нугараач бүсгүй хамгаалалтгүйгээр, анх удаа агаарт үзүүлбэрээ үзүүлэхэд эмэгтэй шүүгчид өрөвдсөндөө уйлж, тэр сэтгэгдлээ илэрхийлсэн. Урлагийн ертөнцөд үзэгчид эрсдэлийг биш авьяасыг үнэлдэг жамтай нь хатуу. Тайзан дээр анх удаа юу, олон жил үү гэсэн шалгуур байхгүй. Зөвхөн үзэгчид баясч, сэтгэлийн жаргал мэдрэхийг л хүсдэг. А.Уранбилэг монголчуудын сэтгэлийг хөөргөж, баясгаж чадсан. Тэглээ гээд шүүгчид өрөвдөж, уйлах нь илүүц харагдана лээ. Ийм нялуун, популимз хийсэн зан “Авьяаслаг монголчууд” шоунд хэрэггүй. Тиймээс маргааш болох тоглолт дээр шүүгчид оролцогчдын амьдрал ахуйг битгий яриасай. Бас эмзэг сэдэв дээр нь бүү тоглолт хийгээсэй. Тийм популимз хийх бол үзэгчдийн өгөх саналд нөлөөлөхгүй байгаасай. Шүүгчид ч, үзэгчид ч авьяас, дахиад авьяас гэдэг шалгуураар шүүж шижир алт шиг авьяастай нэгнийг тодруулаасай. Үүний тулд дэлхийн хэмжээний шоуг Монголд амжилттай зохион байгуулж чадсан “Монгол ТВ”-гийнхэн анхаарна биз ээ.