Categories
мэдээ цаг-үе

Ой хүрээгүй хүүхдийг хувийн цэцэрлэгийн тогооч хэрцгийгээр зодсон хэргийн мөрөөр (III)

>>Түрүүч нь “Өдрийн сонин”-ы №296,
297 (5248, 5249) дугаарт>>

“Миний хүүгийн толгой руу
13 удаа хүчтэй цохисон байна лээ”

Цэцэрлэгийн тогооч эмэгтэйд
зодуулсан хүүгийн биеийн байдал ямар байгаа талаар бид аав Э.Бат-Очир, Ц.Дашмаа
нараас тодруулсан юм. Тэд Дундговь аймгийн банк болон театрт ажилладаг залуу
гэр бүл юм байна. Тэд амьдралаа дээшлүүлэхийн тулд ой хүрээгүй хүүхдээ хувийн
цэцэрлэгт өгөх шийдвэрийг гаргажээ. Хүүгийн ээж Ц.Дашмаа “Хүүгээ хоёр ой хүртэл
нь гэртээ хараад сууж байх минь яалаа гэж харамсаж байна даа. Миний хүүгийн
толгой руу тогооч эмэгтэй 13 удаа хүчтэй цохиж, хоол ам руу нь халбагаар чихсэн
байна лээ. Тэр бичлэгийг бүрэн үзэж чадаагүй. Бид тэр хүнд ямар ч гэм буруу
хийгээгүй. Манай хүүхдийг зоддог өдрийн өмнөх орой хүүгээ цэцэрлэгээс нь авсан
юм. Гэтэл хүү маань аймаар их өлсчихсөн байсан. Жигнэмэг өгөхөд ямар ч шингэн
юм уулгүйгээр дөрвийг идчихсэн. Тэгээд л цэцэрлэгийн эрхлэгчид хоол ундандаа
анхаарахгүй бол хүүхэд өлсөж ирээд байна гээд хэлчихсэн юм. Тэрийг л тэр тогооч
эмэгтэй уурлаж хүлээж авсан байгаа юм. Бид хүүхдээ юунаас болоод өвдөөд байгааг
огт мэдэлгүй хоёр сар гаруй эмнэлгээр явсан. Цэцэрлэгийн багш нар хүүхдээ
эмнэлгээр авч явааг мэдэж байсан. Гэтэл хоёр сар тэд юу ч хэлэхгүй яваад
байсанд гомдолтой байна. Залуу хүмүүс амьдралаа босгох гэж хүүгээ хувийн
цэцэрлэгт өгсөн болохоос биш зодуулах гэж нялх, энхрий үрээ өгөөгүй” гэв.

“Хүүхдийн бие эрүүл
саруул болоосой гэж хүсч байна”

“Оюуны хөгжил” цэцэрлэгийн
эрхлэгч Ж.Оюунчимэг, түүний нөхөр н.Эрхэмбаатар нар боловсролын салбарт 30
гаруй жил ажиллаж байгаа гэнэ. Нөхөр Эрхэмбаатар нь Дундговь аймгийн МСҮТ-д
биеийн тамирын багшаар 38 дахь жилдээ, эхнэр Ж.Оюунчимэг нь 30 жил аймгийн
Нэгдүгээр арван жилийн сургуульд химийн багшаар ажиллаж байгаа гэнэ. Тэд
аймагтаа хувийн цэцэрлэг юм уу, сургууль байгуулах, тэтгэвэртээ гарсны дараа
өргөжүүлэн ажиллахыг эртнээс төлөвлөж, хүсэж мөрөөдөж цэцэрлэгээ байгуулсан
тухайгаа ярьсан юм. Улсын хэмжээнд цэцэрлэгийн орон тоо дутагдалтай байгаагаас
хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй. Залуу гэр бүлүүд хүүхдээ цэцэрлэгт өгч
чадахгүй байгаагаас ээж нь ажил хийлгүй гэртээ суудаг. Үүнээс болоод амьдралаа
дээшлүүлж чадахгүй асуудал үүсдэг. Дундговь аймгийн хувьд ч хоёр ойгоос доош
насны хүүхдийг авдаг цэцэрлэг цөөхөн. Засаг даргын Тамгын газраас эхлээд төрийн
болон хувийн бүх байгууллагад ажиллаж байгаа нийт ажилтнуудын ихэнх нь 40-өөс
доош насныхан байдаг. Тэд ч ялгаагүй хүүхдээ цэцэрлэгт хамруулж чаддаггүй зэрэг
байдлыг анзаарч хувийн цэцэрлэг нээсэн байна. Ингэхдээ банкнаас зээл авч, төсөл
хөтөлбөрт хамрагдахаар хөөцөлдөж, хашаандаа барилга барьж, тэрийг нь хүүхдийн
цэцэрлэгийн стандартад нийцүүлэн тохижуулж, хөнжил гудас, ор хөнжил, тоглоом
наадгай гээд л бага насны хүүхдэд хэрэгтэй орчинг бүрдүүлж чаджээ. Тэд бүх
зүйлсийг өөрсдийн гараар хийсэн аж. Хэн ч харсан нүүр улайхааргүй тохилог,
тухтай болгож байж хүмүүс өөрсдөд нь итгэж хүүхдээ өгнө. Мөн төлбөр мөнгөний
хувьд ч уян хатан байх ёстой. Энэ мэт олон давуу талаараа бусад хувийн цэцэрлэгээс
ялгарна гэж тооцоолж, бүгдийг төлөвлөгөөнийхөө дагуу хийж чадсан байна. Улмаар
Дундговь аймагт ажиллаж амьдарч байгаа залуу гэр бүлүүд “Оюуны хөгжил”
цэцэрлэгт хүүхдээ явуулах болжээ. Хоёр ангид 30 орчим хүүхэдтэй байсан аж. Сард
эцэг, эхчүүдээс 126 мянган төгрөгийн төлбөр авдаг байсан гэнэ. Цэцэрлэгийн
эрхлэгч Ж.Оюунчимэгийн төрсөн дүү Ж.Отгонтөгс тогоочоор ажиллаж байхдаа хүүхэд
хэрцгийгээр зодсон билээ. Энэ талаар тус цэцэрлэгийн эрхлэгч Ж.Оюунчимэгтэй
уулзаж цөөн асуултад хариулт авсан юм.

-Танай цэцэрлэгийн тогооч
эмэгтэй хүүхэд зодож байгааг та огт мэдээгүй юм уу.
Хүүхэд
зодсоноос хойш хоёр сарын дараа мэдсэн гэсэн нь үнэн үү?

-Манай цэцэрлэг дээр ийм
аймшигтай зүйл болж байгааг огт мэдээгүй. Надад цэцэрлэгийн багш нар ч
хэлээгүй. Эцэг, эхчүүд манай хүүхдийн толгой хөдөлчихсөн байна гэдэг ч юм уу,
биедээ ямар нэгэн гэмтэл авсан байна гэж хандаж байгаагүй. Аав, ээжийн нялх
хүүхдийг өдөржин харж, асарна гэдэг хүнд хэцүү, өндөр хариуцлагатай ажил.
Цэцэрлэгийнхээ үйл ажиллагаанд байнга хяналт тавьдаг. Хүүхдүүдийн хоол унд ямар
байгаа, орчин нь цэвэрхэн байна уу, өрөөний халуун хүйтэн тохирч байна уу
гэдгийг тогтмол хянадаг. Багш нарыг хүүхдүүдтэй хэрхэн харилцаж байгааг ч
шалгадаг байсан. Гэхдээ тогооч дүүгээ эмэгтэй хүнд баймгүй ийм авир гаргана гэж
бодож байгаагүй. Гэтэл хүний санаанд оромгүй зүйл болсон байна. Үүнийг манай
цэцэрлэгийн багш нар надад хэлчихгүй яасан юм бол доо. Ж.Отгонтөгс миний төрсөн
дүү нь үнэн. Гэхдээ хүүхэд ингэж зодож байгааг бусад нь хараад зогсоод байдаг.
Надад шууд хэлчихсэн бол би тухайн үед нь арга хэмжээ авах байсан. Тэр хүүхдийг
хоёр сар гаруйн хугацаанд зовж шаналгахгүй байсан юм. Хүн ёсоор үнэнийг шууд
хэлж, өвчнийг зөв оношлуулах байсан. Би гурван хүүхэдтэй ээж хүн. 30 гаруй жил
хүүхдүүдтэй ажиллаж байгаа багш хүн шүү дээ. Би аав, ээжийн нялх үрийг
дүүгээрээ зодуулж тамлуулах гэж хувийн цэцэрлэг ажиллуулаагүй. Бизнесийн
байгууллага бусдын итгэл дээр тогтдог. Аав, ээжийнх нь итгэлийг даавал үйл
ажиллагаагаа өргөжүүлж чадна. Тиймээс хүүхэд зодож байгааг мэдсэн бол шууд л таслан
зогсоож, арга хэмжээ авах байсан. Яагаад гэвэл бизнесийн салбар өөрсдийнхөө
ирээдүйг боддог шүү дээ. Тогоочоороо хүүхэд зодуулчихаад яаж цэцэрлэгээ
өргөжүүлэх юм бэ. Манай үйл ажиллагааг зогсоох шийдвэр гарсан. Тусгай
зөвшөөрлийг цуцалсан. Цаашид энэ цэцэрлэгийг ажиллуулах боломжгүй болсон.
Банкны зээлийн асуудал ч хүндэрч байна. Гол нь тэр хүү эрүүл саруул болоосой.
Хүсэх зүйл энэ л байна.

Таны дүү Ж.Отгонтөгс
тийм дошгин ааш авиртай хүн юм уу. Яагаад тэр хүүхдийг тэгтэл нь үзэн ядаж
зодсон юм бол?

-Миний төрсөн дүү Ж.Отгонтөгс
Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд ажиллаж амьдарч байсан. Амьдралын хувьд их
дорд орчихсон, хэцүү байсан. Яах арга байхгүй зулай дээр нь гишгэж төрсөн эгч
нь би. Дүүгээ тэгж амьдарч байгааг хараад амьдралд нь туслах гэж хичээсэн.
Сумын төвөөс аймгийн төв рүү гэрийг нь нүүлгэж авчирсан. Нөхөр нь гарын уртай
хүн байдаг юм. Тэр хоёрт цалин өгч цэцэрлэг барих ажилд туслуулсан. Тэгээд
Ж.Отгонтөгсийг аймгийн МСҮТ-д тогоочийн нэг жилийн сургалтад хамруулж тогооч
болгосон юм. “Хүний нохой идэхээр өөрийн нохой ид” гэж үг байдаг. Дүүгийнхээ
амьдралд тусалж дэмжье. Хань түшиг болъё гэж л тогоочоор ажилд авсан. Манай
цэцэрлэгт ажилд орж цалин аваад амьдрал нь өөрчлөгдсөн. Гэртээ тавилга авч,
хувцас хунар эд хэрэглэл нь ч өөр болсон. Бид эхээс олуулаа өсч торнисон. Ихэнх
нь багш мэргэжилтэй салбар бүртээ амжилттай ажиллаж байсан хүмүүс. Аав, ээж
маань биднийг ёс суртахуунтай, хүмүүжилтэй болгож хүмүүжүүлсэн. Гэтэл миний
төрсөн дүүд юу шүглэчихсэн юм. Ой ч хүрээгүй айлын нялх хүүхдийг зодож тамласан
байна. Хэдийгээр төрсөн эгч нь ч гэсэн дүүгээ өмөөрөхгүй, зохих шийтгэлээ амсах
байх. Яагаад тэр хүүг тэгтэл үзэн ядаж зодох болсон талаар бодож үзсэн. Хүүхэд
зоддог тэр үед ар гэрийн хувьд асуудалтай байсан. Нөхөр нь архи уугаад олон
хоног алга болчихсон. Бага хүү нь сургуулиасаа гарчихсан, охин нь төрөөд
удаагүй мөнгө төгрөг хэрэгтэй байна гэж хотоос утасдаад байсан юм билээ. Энэ
болгон амьдралын дарамт болж уурлаж бухимдаж байх үедээ ийм аймшигтай хэрэг
үйлдсэн юм шиг байна лээ.

-Э.Янжинлхам багш та бүхнийг
дарамталдаг байсан. Хүүхэд зодож байгааг утсаараа бичиж, сүүлд та бүхэнд хэлсэн
гэсэн?

-Бидэнд энэ талаар хэлэлгүй
удаан явсан байдаг. Хоолны асуудлаар надад анх гомдол гаргаж байсан. Хүүхэд
зодож байгаа талаар огт хэлээгүй. Бусад багш ч надад хэлээгүй. Э.Янжинлхам багш
биднийг дарамталдаг байсан талаар ярьсан байна лээ. Дам дарамт шахалт үзүүлж
байсан байж магадгүй гэж бодоод байгаа. Э.Янжинлхам ажилдаа хариуцлага муутай
хандаж байсан. Зургаан сар гаруй хугацаанд ажиллахдаа олон цагийн чөлөө авсан.
Худлаа хэлж чөлөө аваад говийн чулуу түүгээд явчихдаг. Хүүхдүүдийн эцэг эхээс
мөнгө зээлчихсэн байдаг байсан. Хүүхдүүдийг суултуур дээр нь суулгаж хоол
идүүлсэн. Гэр бүлийн хүн нь ирээд агсам согтуу тавьж, танхайрсан зэрэг олон
асуудал гарсан. Энэ бүгдийг намар хуралдах үеэр цаашид ийм зөрчил дутагдал
гаргаж болохгүй гэдгийг анхааруулсан. Бид сануулах арга хэмжээ авсан юм. Энэ л
дарамт болсон байх гэж боддог. Бид ажлыг нь сайжруулах гэж тэгсэн болохоос
ажлаас нь халах гэж тэгээгүй. Багш нарт арваас дээш хүүхэд явах юм бол цалин
дээр нь зуун мянган төгрөгийн нэмэгдэл өгнө гэж хэлдэг байсан. Э.Янжилхам багш
ч урамшуулал авдаг байсан. Хүүхдийг нь хөнгөлөлттэй үнээр цэцэрлэгтээ явуулдаг
гээд л амьдралд нь өөрийн зүгээс чадах чинээгээрээ тусалж байсан. Э.Янжинлхам
багшийн ангид 15 хүүхэд явж байгаад хоёрхон хүүхэд үлдчихсэн. Дуудаж уулзаад
“Ангид чинь хоёрхон хүүхэд явж байна. Санхүүгийн хувьд ч асуудалтай болж байна.
Сарын 192 мянган төгрөгөөр цагийн багшаар гурван сар ажиллах боломж байна уу.
Хавар болоод хүүхдүүд ирчих юм бол өмнөх цалингаа аваад ажиллаж болно. Хэрэв
цалин мөнгө бага байна гэвэл өөрийн хүсэлтээр гарч болно шүү” гэж санал
тавьсан. Үүнийг л намайг ажлаас халах нь гэж бодсон юм шиг байгаа юм. Тэгээд
тэр үед анх бичлэгийг надад үзүүлсэн. Түүний ээж насаараа цэцэрлэгийн багш
хийсэн хүн байдаг. Тэд ирчихээд цалинг бүтнээр өгөөд ажиллуулах юм бол
бичлэгийг цааш нь үзүүлэхгүй гэсэн утгатай зүйлс бидэнд ярьсан. Э.Янжинлхам
болон түүний ээж биднээс далд утгаар мөнгө нэхэж байсан юм. Тэр бичлэгийг хараад
би шоконд орчихсон. Тиймээс чамайг цаашид цэцэрлэгтээ ажиллуулж чадахгүй, залуу
хүн ийм аргаар амьдарч болохгүй гэж хэлээд л гаргасан. Тэд ч хэлэх газар нь
хэлнэ гээд уурлаад явцгаасан. Тэгээд л хүүхдийн аав, ээжид үзүүлсэн байна лээ.
Миний зүгээс Э.Янжинлхам нарыг “Бичлэгийг битгий ил гаргаач” гэж гуйж мөнгө
төгрөг өгч болох байсан. Гэхдээ хүнд чинь ёс зүй байх ёстой. Тиймээс огт
гуйгаагүй. Зохих хариуцлагаа ч хүлээж байгаа гэж бодож байна. Мөн төлбөрийг нь
авч хүүхдийг нь цэцэрлэгтээ авчихаад хүний санаанд оромгүй байдлаар зодуулж
тамлуулсандаа албан ёсоор уучлалт гуйна гэв.

Ж.Отгонтөгс: Хүүхдийн аав,
ээжээс уучлалт гуйж байна

Ж.Отгонтөгс 1965 онд төрсөн юм
байна. 1984 онд үсчний мэргэжил эзэмшиж, Дундговь аймгийн Ажил мэргэжлийн
уралдаанд оролцож эрэгтэй үс засалтаар хоёрдугаар байрт шалгарч байсан гэнэ.
Эрдэнэдалай сумын үсчнээр олон жил ажиллажээ. Гурван жилийн өмнөөс үс засахаа
больсон гэнэ. Нөхөр н.Гончигдорж нь архины хамааралтай нэгэн гэж болохоор аж.
Тэд хоёр хүүхэдтэй. Охин нь өнгөрсөн наймдугаар сард төрж, охинтой болж,
тэднийг өвөө, эмээ болгожээ. Харин бага нь өнгөрсөн аравдугаар сард сургуулиа
хаясан байна. Арван сартай хүүг зодсон Ж.Отгонтөгстэй уулзаж цөөн асуултад
хариулт авсан юм.

-Таныг бага насны хүүхдийг
байнга зоддог байсан гэсэн?

-Өмнө нь хүүхэд зодож
байгаагүй. Нэг удаа зодсон нь тэр бичлэгт байгаа юм. Цэцэрлэгийн барилгын суурь
тавихаас эхлээд нөхөртэйгөө тэнд ажилласан.

-Та яагаад тэр хүүхдийг тэгтэл
үзэн ядаж зодсон юм бэ?

-Тийм үйлдэл хийсэндээ маш их
харамсаж байна. Хүүхдийн аав, ээжээс танай сониноор дамжуулж уучлалт гуйж
байна. Уулзаж уучлалт гуйх гэсэн болохгүй байна лээ. Хүүхдээ зодуулсан аав,
ээжийн ямар байгааг одоо сайн ойлгож байна. Бичлэг хийсэн Э.Янжинлхам багшийг ч
буруутгахгүй. Би эгч, ахынхаа олон жил хөдөлмөрлөж, сэтгэл зүрхээ зориулж, маш
их хэмжээний өр зээл тавьж бүтээсэн цэцэрлэгийг өөрийнхөө гараар сүйтгэчихлээ.
Яахаа ч мэдэхгүй болчихоод л сууж байна.

-Танд аймгийн Цагдаагийн
газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэсэн. Өмгөөлөгч авсан биз дээ?

-Өмгөөлөгч авсан. Цагдаа нарт
болсон бүх зүйлийг үнэн зөвөөр нь хэлсэн. Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж
байна. Зохих ял шийтгэлээ ч хүлээнэ. Хүүгийн бие тааруу байгаа гэж хүмүүс ярьж
байна лээ. Эрүүл саруул болоосой гэж л залбирч байна даа.

Хүүхэд зодсон асуудлыг намууд
улстөржүүлж байна

Хүүхэд зодсон асуудлыг тус
аймгийнхан нэлээд улстөржүүлж байна. Сөрөг хүчин болсон намынхан “Дундговь
аймгийн Засаг даргын Тамгын газрынхан ажлаа хийж чадахгүй байгаагаас ийм зүйл
болсон. Аймгийн нэр хүнд улсдаа төдийгүй дэлхий даяар уналаа. Хяналт шалгалтаа
сайжруулах ёстой байсан юм. Тиймээс холбогдох албан тушаалтнуудыг ажлаас нь
чөлөөлөх ёстой. Аймгийн удирдлагууд өөрсдийнхөө хүсэлтээр ажлаа өгөх ёстой”
гэсэн байна. Харин сөрөг намдаа шүүмжлүүлсэн Засаг даргын Тамгын газрынхан
“Оюуны хөгжил” цэцэрлэгийн эрхлэгч Ж.Оюунчимэг, Эрхэмбаатар нарын багшлах
эрхийг түдгэлзүүлэхээр ярилцсан гэх яриа ч байна. Мөн хохирогч хүүгийн ар
гэрийнхэнд намууд мөнгөн тусламж үзүүлж сэтгэл санааны туслалцаа үзүүлсэн гэх
мэтээр худал цуурхал ч гаргаад байгаа юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ цаг-үе

Ой хүрээгүй хүүхдийг хувийн цэцэрлэгийн тогооч хэрцгийгээр зодсон хэргийн мөрөөр (II)

Дундговь аймгийн цагдаагийн хэлтсээс “Оюуны хөгжил” цэцэрлэгийн тогооч Ж.Отгонтөгсөд арван сартай хүүг хэрцгий догшин авир гаргаж зодсон хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Түүнийг эрүүгийн хуулийн 181.2.1-ээр буюу танхайрах төрлийн гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэх зүйл ангиар шалгаж байгаа гэдгийг албаны эх сурвалж онцолж байлаа. Дээрх эрүүгийн хуулийн зүйл заалтаар шийтгэгдэх юм бол 3-5 жил хорих ялаар шийтгүүлэх аж. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд явагдаж байна. Сэжигтэн Ж.Отгонтөгсөөс арван сартай хүүг юуны учир зодож, хоол өгөхдөө тамлах болсон талаар мэдүүлэг авч байгаа гэнэ. Мөн “Оюуны хөгжил” цэцэрлэгийн эрхлэгч Ж.Оюунчимэг, гар утсан дээрээ бичлэг хийсэн багш Э.Янжинлхам нараас мэдүүлэг авчээ. Тус аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Оюуны хөгжил” хувийн цэцэрлэгт Ажлын хэсэг гарган хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар ноцтой хэд хэдэн зөрчил илэрсэн учир тодорхойгүй хугацаагаар үйл ажиллагааг нь зогсоосон байна. Харин өчигдөр Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын бүрэлдэхүүн хуралдаж тус цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан юм.

ОЮУНЫ ХӨГЖИЛ” ЦЭЦЭРЛЭГ ХИЙСЭН ШАЛГАЛТААР ОЛОН ЗӨРЧИЛ ДУТАГДАЛ ИЛЭРСЭН

Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Оюуны хөгжил” цэцэрлэгт шалгалт хийсэн талаар улсын байцаагч Л.Ганбатаас тодруулсан юм. Тэрбээр “Дундговь аймгийн Сайнцагаан сумын долдугаар багийн нутаг дэвсгэрийн Нарлагийн 2-1 тоотод байрлах “Оюуны хөгжил” хувийн цэцэрлэгийн тогооч Ж.Отгонтөгс гэх эмэгтэй арван сартай С гэх хүүхдийг зодсон талаар бидэнд гомдол ирсэн. Хохирогч хүүгийн аав, ээж эмээгийн хамт ирж хүүг зодож байгаа бичлэгийг гомдлын хамт энэ сарын 2-нд өгсөн. Бид гомдлын дагуу яаралтай арга хэмжээ авч, тус цэцэрлэгт хяналт шалгалт хийсэн байгаа. Мөн хүүгийн ар гэрийнхнээс бидэнд ирүүлсэн бичлэгийг цахим ертөнцөөр олон нийтэд сэрэмжлүүлэг болгох үүднээс байршуулах шийдвэрийг манай байгууллагын удирдах бүрэлдэхүүн хуралдаж гаргасан. “Оюуны хөгжил” цэцэрлэг дээр гарсан тогооч эмэгтэй хүүхэд зодсон асуудал шиг зүйлс бусад цэцэрлэгт гарч байхыг үгүйсгэх аргагүй. Тиймээс эцэг, эхчүүд болон бусад төрийн байгууллагад сэрэмжлүүлэг хүргэх үүднээс тэр бичлэгийг цахим хуудастаа тавьсан юм. “Оюуны хөгжил” цэцэрлэгт шалгалт хийхэд цэцэрлэгийн эрхлэгч Ж.Оюунчимэг ерөнхий боловсролын сургуулийн химийн багш мэргэжилтэй, сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр боловсрол эзэмшээгүй, мэргэжлийн багш байхгүй, туслах багш нь үндсэн багшаар ажиллаж байсан зөрчил илэрсэн. Мөн багш Э.Янжинлхам нь тогооч Ж.Отгонтөгсийг арван сартай С гэх хүүхдийг хэрцгийгээр зодож байхад таслан зогсоох арга хэмжээ аваагүй, удирдлагадаа тухайн үед мэдэгдээгүй, багийн орон тоо дутуу байснаас тогооч туслах багшийн ажлыг хамт хийсэн, ажиллагсад эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, хоолноос дээж авч тэмдэглэл хөтлөөгүй гэх мэт ноцтой зөрчил дутагдал илэрсэн. Тиймээс тус цэцэрлэгийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоох улсын байцаагч нарын хамтарсан дүгнэлт гарсан” гэв.

ХҮҮХЭД ЗОДОЖ БАЙГАА БИЧЛЭГИЙГ ИЛ ГАРГАСНААС БОЛООД ДАРАМТАД ОРСОН

“Оюуны хөгжил” цэцэрлэг нь аймгийн Засаг даргын захирамжаар 2013 оноос өнөөг хүртэл ажиллаж байгаа юм байна. Тус цэцэрлэгийн эрхлэгч Ж.Оюунчимэг өөрийн төрсөн дүү болох Ж.Отгонтөгсийг тогоочоор ажиллуулж байсан аж. Эгчийнхээ цэцэрлэгт ажиллаж байсан Ж.Отгонтөгс цэцэрлэгийн багш нарыг дарамталж, цэцэрлэгт суралцаж байгаа хүүхдүүдийг удаа дараа зодож байсан гэнэ. Түүний ёс бусаар авирлаж хүүхдүүдийг зодож байгааг цэцэрлэгийн багш нар мэддэг байжээ. Дөрвөн минут гаруй хугацаанд арван сартай С гэх хүүг зодож, ам руу нь хоол халбагаар чихэж, газар асгасан хоолыг ам руу нь хийж, толгой руу нь олон удаа цохиж уйлуулан яргалж байхад тэдэнтэй хамт цэцэрлэгийн гурван багш байсан аж. Тэд бяцхан хүү зодуулж, бусдаас аврал эрэн чадах чинээгээрээ хашгирч байгаа дууг сонсоод зогсож байжээ. Багш нар хүүг тарчлааж байгаа эмэгтэйн гараас аврах ямар ч арга хэмжээ аваагүй аж. Бүгд л хүүгийн уйлах дууг сонсоод зогсож байжээ. Ж.Отгонтөгсөд зодуулж тамлуулсан хүүгийн бие тэр шөнөдөө өвдөөд хоносон байна. Хоёр сар гаруйн хугацаанд өвчиндөө шаналж, юунаас болоод өвдөж зовоод байгааг олох гэж эмнэлэгт хэвтэж, толгойг нь бариулж өвчин намдаах, халуун буулгах эм байнга өгч байжээ. Гэвч багш нар Ж.Отгонтөгс тогоочид зодуулсны улмаас бие нь өвдөөд байгааг хоёр сар гаруйн хугацаанд нуун дарагдуулжээ. Тэд юунаас болоод ноцтой хэргийг нуун дарагдуулж өнөөг хүргэсэн шалтгаан нь зөвхөн ажилтайгаа үлдэж, цалингаа бүтэн авч байх гэж нуусан бололтой. Ажлаа хийгээд цалингаа л авч байвал хүү өвдөж шаналж байх нь хамаагүй байжээ. Харин багш Э.Янжинлхам юуны учир бичлэг хийх болсон. Ангийнх нь хүүхэд багшдаа зодуулж байхад туслаагүй талаар түүнтэй ярилцлаа.

Оюуны хөгжил” цэцэрлэгт хэдийнээс ажилд орсон бэ. Хүүхэд зодож байгаа бичлэгийг ямар зорилгоор гар утсан дээрээ бичсэн бэ?

– Хувийн цэцэрлэгт багш авна гэсэн зарын дагуу 2015 оны гуравдугаар сард ажилд орсон. Тэгээд өнгөрсөн сарын 19-нд ажлаасаа халагдсан байгаа. Намайг ажилд орсон цагаас хойш тогооч эмэгтэй хүүхдүүдтэй зүй бусаар харилцаж загнадаг байсан. Удаа дараалан ийм зүйл гарч байсан. Эхлээд Ж.Отгонтөгс тогоочид хүүхдүүдийг загнаж болохгүй, зодож болохгүй гэж хэлдэг байсан. Төлбөр мөнгийг нь авдаг байж хүүхдүүдийн хоол ундны чанар илчлэг муу байна гэж удаа дараа хэлсэн. Миний үгийг огт хүлээж авахгүй уурлаад байдаг. Бүр дарамт шахалт үзүүлсэн юм. “Манай эгч энэ цэцэрлэгийн эрхлэгч. Тэгэхээр чамайг ажлаас халах үгүйг би мэднэ” гэж хэлдэг байсан. Ажил хийхэд үнэхээр хэцүү байсан. Манай гэр бүлийн хүн ажил хийдэггүй. Би гэр бүлийнхээ таван хүнийг тэжээдэг. Мөн манай хамгийн бага хүүхэд ой хоёр сартай. Манай хүүхэд манай ангид явдаг байсан. Ажилтай, дээрээс нь хүүхдээ ангидаа аваад хараад байх боломжтой байсан. Намайг ажиллаж байх хугацаанд Ж.Отгонтөгс хоёр ч удаа ангийн хүүхдүүдэд гар хүрсэн. Тиймээс үүнийг “Баримтжуулж авах хэрэгтэй юм байна, баримт нотолгоотой байж хүүхэд зодох асуудлыг таслан зогсоож чадна” гэж үзсэн. Тэгээд л бичлэг хийсэн юм.

Ангийнх нь хүүхдийг зодож байхад таслан зогсоолгүй хараад зогсож байсан. Бичлэг хийж баримтжуулж байгаа ч гэсэн хүүхдийг зодож байгаа үйлдлийг зогсоох байсан гэж таныг буруутгах хүн олон байна?

-Хүүхэд зодох үйлдэл гаргаад эхлэхээр нь гар утсаа бичлэг дээр нь тавиад цонхны тавцан дээр орхиод гараад явсан. Тэр хооронд л хүүхдийг аймаар хэрцгийгээр зодсон байна лээ. Анх тэр бичлэгийг үзээд үнэхээр их гайхсан. Бүр сэтгэл санааны хямралд орсон. Хэнд, хаана хандах учраа олохгүй хэсэг явсан. Манай ээж цэцэрлэгт насаараа ажилласан хүн байдаг. Тэр бичлэгийг эхлээд ээждээ үзүүлсэн. Ээж маань надад энэ бичлэгийг нуун дарагдуулж болохгүй. Хүүхдийн ээж, аавд үзүүлэх хэрэгтэй гэж зөвлөсөн. Тухайн үед надад энэ бичлэгийг цагдаад өгчихөөр намайг ажлаас халчих байх. Өвлийн хүйтэн болж байхад ажлаасаа гарчих юм бол хүүхдүүдээ яаж хоол ундтай байлгах юм бэ. Түлэх түлээгээ бэлдэж чадахгүй болно гэсэн зүйл бодогдсон. Тэгээд байж байтал цэцэрлэгийн эрхлэгч намайг дуудаж уулзсан. “Хүүхдүүдийн тоо яагаад цөөрөөд байна вэ. Бидний зүгээс эцэг, эхчүүд багшийн буруутай үйл ажиллагаанаас болоод хүүхдээ манай цэцэрлэгт явуулахгүй байна гэж ойлгож байна. Чи цагийн багш хийх үү. 09:00-12:00 цаг хүртэл ажиллаад 15.00-17.00 цагийн хооронд ирж дахин ажиллах маягаар явах уу” гэсэн санал тавьсан. Миний зүгээс цэцэрлэгийн эрхлэгчид хүүхдүүд юунаас болоод ирэхгүй байгаа талаар хэлж, төрсөн дүү Ж.Отгонтөгс хүүхэд зодоод байгаа талаар хэлсэн. Гар утсан дээрх бичлэгээ хүртэл үзүүлсэн. Тэгсэн эрхлэгч “Чи энэ бичлэгийг хүмүүст үзүүлэх юм бол өөрөө бас хариуцлагад унана. Чи залуу хүн, иймэрхүү аргаар амьдарч болохгүй гэж дарамталж эхэлсэн. Би ч хүүхдүүдийн аав, ээжид үзүүлнэ гэж хэлээд гарсан юм. Мөн ажлаасаа ч гарсан. Хэдийгээр цаг хугацаа алдсан ч гэсэн бичлэгийг аав, ээжид нь үзүүлсэн.

Өмнө нь хоёр ч хүүхэд зодож байсан гэсэн үү?

-Өнгөрсөн аравдугаар сард С гэх хүүхдээс гадна хоёр ч хүүхэд зодсон юм. Хүүхэд уйлаад сууж байх юм бол “Чи яагаад уйлаад байгаа юм” гээд толгой руу нь нясалдаг. Инээгээд сууж байгаа хүүхдийг инээлээ гээд нясалдаг. Гар руу нь цохидог байсан. А гэх найман сартай хүүхдийг тархийг нь хөдөлтөл зодсон. Ээж нь над руу ярьж, яагаад уйлаад байгаа юм бол цэцэрлэг дээрээ байхдаа юмнаас уначихаагүй байгаа гэж асууж байсан. Б гэх хүүхдийг унтахгүй байна гээд хөнжилд боож байгаад хүртэл зодож байсан гэсэн. Б-г зодож байхад би байгаагүй юм. Ээж нь над руу утсаар яриад хүүхдийн хацар дээр улаан гөвдрүү болсон мөр гарсан байна. Яагаад ийм болчихсон юм бол гэж асуусан. Ажлынхаа хүмүүсээс асуусан мэдэхгүй гээд байсан. Туслах багш эмэгтэй хөнжилд ороож байгаад алгадаад байсан гэж надад хэлсэн.

Тогооч Ж.Отгонтөгсийг хүүхэд зодоод байгааг цэцэрлэгийн эрхлэгчид яагаад хэлээгүй юм бэ?

-Эрхлэгчийг цэцэрлэгийн хяналтын камерын бичлэгийг байнга хянаж байгаа гэж ярьдаг байсан болохоор мэдэж байгаа байх гэж бодсон. Тэгээд л хэлээгүй юм. Энэ бичлэгийг аав, ээжид нь өгснөөс болж надад маш их дарамт шахалт ирж байгаа. Цэцэрлэгийн эрхлэгчтэй таарахад над руу муухай хараад “Чамд баярлалаа” гээд занасан байдалтай хэлсэн. Ж.Отготөгс тогоочийн нөхрөөс бас айж байгаа. Цахим ертөнцөөр хүртэл заналхийлсэн зүйлс олон байна лээ. Санаатайгаар энэ хэргийг нуун дарагдуулаагүй гэдгээ хэргийг шалгаж байгаа цагдаа нарт хэлсэн. Гэмт хэргийг хэлэлгүй удаасан асуудалд хариуцлага хүлээхэд бэлэн байгаа гэв.

Дундговь аймгийнхан хувийн цэцэрлэгийн тогооч эмэгтэй хүүхэд зодсон бичлэг цахим ертөнцөд гарснаас хойш Нийгмийн хөгжлийн газар, хүүхэд гэр бүл хөгжлийн төв, Засаг даргын Тамгын газрын хамтарсан баг гарган ажиллаж байгаа юм байна. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх цэцэрлэгийн камержуулалтыг шалгах, хард дискний бичлэгийг хэрхэн хадгалах, цэцэрлэгүүдийн норм стандартын байдлыг шалгаж байгаа юм байна. Мөн эрүүл ахуй, багш нарыг бага насны хүүхдүүдтэй хэрхэн харилцаж, ойлголцох талаар сургалтад хамруулжээ. Хүүхдүүдийн аав, ээжид сэтгэл зүйн туслалцаа үзүүлсэн гэнэ. Мөн дээрх хэрэг юунаас болж гарсан талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргаж, хувийн цэцэрлэгүүд ах, дүү хамаатан саднаа ажиллуулдаг. Үүнээс болоод дотоод хяналт шалгалт тогтмол хийж, алдаа дутагдлаа арилгахгүй байгаагаас ийм хэрэг гарсан гэж урьдчилсан байдлаар дүгнэлт гаргажээ.

Хүүхэд зодсон бичлэг олон нийтэд ил болсонтой холбоотойгоор Дундговь аймагт багш нар хүүхдүүдийг цэцэрлэг дээр нь бие засуулдаггүй, хяналтын камернаас нууц газар аваачиж байгаад хүүхэд зоддог, ерөнхий боловсролын сургуулийн багш хүүхэд зодож гэмтээсэн талаар иргэдээс мэдээлэл ирэх болжээ. Иргэдээс ирсэн мэдээллийг шалгаж, баталгаажуулах ажлыг хууль хяналтынхан хийж байгаа юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ цаг-үе

Ой хүрээгүй хүүхдийг хувийн цэцэрлэгийн тогооч хэрцгийгээр зодсон хэргийн мөрөөр

-ХҮҮГИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТААРУУ БАЙНА-

Манай тусгай сурвалжлагч Э.Хүрэлбаатар Дундговь аймгаас мэдээлж байна.

Цэцэрлэгийн тогооч эмэгтэйд зодуулсан хүүгийн биеийн байдал тааруу байна. Хоёр сар гаруйн хугацаанд өдөр бүр өндөр хэмтэй халуурч, гар хөл нь татаж, толгойгоо даахгүй гилжийлгэх шинж тэмдэгтэйгээр өвчиндөө шаналж байсан байна. Дундговь аймгийн эмч нар хүүгийн оношийг бүрэн гүйцэд тогтоож чадаагүй гэнэ. Тиймээс аав, ээж нь Улаанбаатар хот руу, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлэхээр аваад явжээ. Одоогоор хүүгийн өвчнийг бүрэн оношилж чадаагүй байгаа аж. Хэд хэдэн шинжилгээ авсан гэнэ. Эмч нар хүүг зодуур нүдүүрийн улмаас тархиндаа хүнд гэмтэл авсан байж магадгүй хэмээн таамаглаж байгаа бөгөөд хүүгийн халууныг буулгах гэж бүхий л арга чаргаа хэрэглэж байгаа аж. Гэсэн ч хүүгийн халуун буухгүй байгаа гэнэ.

“Хоол халбагадаад өгөхгэхээр айгаад идэхгүй уйлаад байгаа”

Дундговь аймгийн Мандалговь хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оюуны хөгжил” хувийн цэцэрлэгийн тогооч Ж.Отгонтөгс гэх эмэгтэйн арван сартай хүүг хайр найргүй зодож, загнаж байгаа бичлэг цахим ертөнцөөр цацагдсан.

“Яагаад маяглаад байгаа юм. Ид чи. Яадаг муу гөлөг вэ” хэмээн цахиртсан хоолойгоор хашгирч, арван сартай хүүгийн ам руу хоол чихэж, хайр найргүй зодож тамлаж байгаа бичлэгийг Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас анх цахим хуудастаа байршуулсан билээ. Ээжийнхээ мөөмнөөс ч гараагүй нялх хүүхдийг тамлан зовоож байгаа тэр бичлэгийг бүрэн гүйцэд үзэх хүн ховор байв. Эмэгтэй хүн, тэр тусмаа ээж хүнээс гарамгүй догшин авир гаргаж байгааг харсан хүн болгон цочирдож хүлээж авсан юм. 50 орчим настай, хоёр хүүхдийн ээж, эмээ болоод удаагүй байгаа Ж.Отгонтөгс гэх эмэгтэй юуны учир нялх хүүхдийг ийн зодож, тарчлааж зовоох болов. Энэ талаар сурвалжлахаар Дундговь аймгийг өчигдөр зорьсон юм. Өглөө эртлэн нийслэл хотоос хөдөлж бага үдийн алдад Мандалговь хотод очлоо. Аймгийн төв даяар арван сартай хүүг зодсон тогооч эмэгтэйн хэргийн талаар ярих ажээ. Тааралдсан хүмүүс “Хөөрхий хүүгийн бие тааруу байгаа гэнэ. Хоол унд идэж чадахгүй байгаагаас болоод жин нь хасагдсан гэсэн. Хүүг зодсон эмэгтэйг цагдаа дээр шалгаж байгаа юм байна. Эрүүгийн хэрэг үүсгэжээ. “Оюуны хөгжил” цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг аймгийн Засаг даргын Тамгын газраас цуцалжээ” гэх мэт зүйлсийг ярьцгааж байлаа. Бид цэцэрлэгийн тогооч эмэгтэйд зодуулсан хүүгийн эмээ Н.Энхтайвантай уулзаж ярилцлаа.

-Хүүгийн тань биеийн байдал ямар байна вэ?

-Одоогоор биеийн байдал сайжирсан зүйл мэдэгдэхгүй байна гэж аав, ээж нь сая утсаар ярихдаа хэлж байна. Биеийн байдал сайжрахгүй болохоор нь хот руу нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлж, шинжилгээ хийлгэхээр явсан юм. Өдөржин эмнэлгээр дагуулаад явчихсан чинь халуураад бие нь тавгүйрхээд байна гэнэ. Шинжилгээний хариу гарсны дараа юунаас болоод өндөр хэмтэй халуурч, хөл гар нь татаад байгаа нь тогтоогдох юм гэсэн.

-Хэзээнээс бие нь өвдөж эхэлсэн бэ?

-Зээ хүүг маань зодсон аравдугаар сарын 19-ний өмнөх өдөр аав нь цэцэрлэгийн эрхлэгчид гомдол мэдүүлчихсэн юм байна лээ. “Манай хүүхэд цэцэрлэгээсээ ирэхдээ өлсчихсөн ирээд байна. Хоолыг нь нэмж болохгүй юм уу. Үүнд анхаарлаа хандуулаарай” гэсэн байдаг. Цэцэрлэгийн эрхлэгч тогооч дүүдээ хандаж “С-ын ар гэрийнхэн гомдол мэдүүлсэн, хоолыг нь нэмж өгөөрэй” гэж үүрэг даалгавар өгсөн юм шиг байгаа юм. Үүнд тогооч эмэгтэй уурлаж, хүүг маань зэрлэг балмад авир гарган зодсон шиг байгаа юм. Гэхдээ ямар шалтгаанаас хүүг маань тэгтэл үзэн ядаж зодож, загнаж хашгирсан нь тодорхойгүй байгаа. Аравдугаар сарын 19-ний өдөр тогооч зээ хүүгийн маань ангид орж ирээд “Энэ хүүхдийг би өөрөө хооллоно” гэж хэлээд будаатай хоол өгсөн байдаг. Тэгэхдээ хүүхдийг минь хэдэн минутын турш тамлаж зодсон байна лээ. Цэцэрлэгээсээ ирсэн оройноос эхлээд биеийн байдал нь тавгүйрхсэн байсан. Шөнө нь уйлагнан бөөлжиж, суулгаж, халуурч эхэлсэн. Эмчид үзүүлтэл “Ханиад хүрсэн байна. Суулгаж бөөлждөг ханиад гарсан” гэж эм бичиж өгсөн байсан. Мөн бариачаар толгойг нь бариулсан. Гэсэн ч бие нь зүгээр болохгүй маш олон хоног халуурч, бөөлжсөн. Тухайн үед нүүр, хацар нь хавдчихсан байсан. Нүд нь өвдчихсөн болохоор түүнээсээ болоод хавдчихсан юм байх гэж ярилцаж байлаа. Бидний хэнийх нь ч санаанд хүүг минь хэдэн минутын турш тамлаж, дөнгөж ургаж төлжиж байгаа биеийг нь хайрлахгүй зодно гэж санах билээ. Гар, хөл, нуруу, далны яс нь бүгд мөгөөрс байгаа шүү дээ. Ээжийнхээ мөөмнөөс ч гараагүй, дөнгөж алхаж сурч байсан юм шүү дээ. Онош нь тодрохгүй, хүүхдийн минь бие сар гаруй өвдөж, бид аргаа барчихаад сууж байтал ангийнх нь багш тэр бичлэгийг бидэнд үзүүлсэн. Тэгээд л тогооч эмэгтэйд зодуулж гэмтэл авсны улмаас бие нь өвдөөд байгааг мэдсэн. Бид бичлэгийг үзсэн даруйдаа аймгийн Мэргэжлийн хяналтын газар, цагдаагийн хэлтэс, Хүүхэд хамгаалах төвд хандсан.

-Ангийнх нь багш тэр бичлэгийг яагаад хоёр сар орчим нуусан юм бол. Хүүг зодож байхад бичлэг хийсэн мөртлөө тогооч эмэгтэйг болиулахгүй байгааг шүүмжлэх хүн олон байна лээ?

-Ангийн багш эмэгтэй бидэнтэй уулзсан. Маш их дарамт шахалтад байсан. Үүнээс болоод хийсэн бичлэгээ үзүүлж чадаагүй талаар ярьсан. Өмнө нь цэцэрлэгийн тогооч Ж.Отгонтөгс хэд хэдэн удаа хүүхэд зодсон гэсэн. Тиймээс зээ хүүг маань зодож байхад нь гар утсаа цонхны тавцан дээр тавьж бичлэг хийж баримтжуулсан байсан. Хэрэв баримтжуулж аваагүй байсан бол бид өнөөдрийг хүртэл хүүгээ юунаас болоод өвдөөд байгааг мэдэж чадахгүй байсан.

-Зээ хүүгийн тань байдал ямар байна вэ?

-Байнга ямар нэгэн юмнаас айж цочсон, уйлсан байдалтай байна. Хувцсыг нь өмсгөөд аваад гарах гэхээр ээрээд уйлчихдаг. Цэцэрлэг рүү нь авч явах гэж байна гэж боддог бололтой. Хүн өндөр дуугаар ярихаар аав, ээж рүүгээ сарвайж уйлаад, хоол халбагадаад өгөх гэхээр айгаад идэхгүй байна. Бид хоол өгөх гэж янз бүрийн арга хэрэглэж байгаа.

-Тэр бичлэгийг та бүрэн үзсэн үү. Аав, ээж нь ажилтай болохоор хувийн цэцэрлэгт өгсөн юм уу?

-Тийм ээ. Аав, ээж хоёр нь хоёулаа ажилтай. Хувийн цэцэрлэгт мөнгийг нь төлөөд оруулах нь илүү найдвартай, цэвэр, тохь тухтай гэж бодсон. Гэтэл нялх үрийг минь ийм болгочихоод байж байгаад гомдолтой байна. Бид хүүхдээ л эрүүл саруул болгож авмаар байна. Бие нь зүгээр болоосой гэж залбирч байна. Зээ хүүг минь хэрцгийгээр зодсон хэргийг хууль хяналтын байгууллагынхан үнэн зөвөөр тогтоож өгөх байх гэж итгэж байгаа гэв.

Үргэлжлэл бий>>

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *