Монголын хэвлэл мэдээллийн
байгууллага төрийн мэдэлд байсан цаг бий. Ардчилал гарч ирснээр төрийн дуу
хоолой болж байсан хэвлэлүүдийг хувьчилсан. Энэ нь ч зөв юм. Хэн нэгэн дарга,
эрх мэдэлтэн өөрийн хүсэл, эрх ашигт нийцүүлж мэдээлэл хүргэнэ гэдэг тун
аюултай. Ардчиллын буянаар бид үүнээс ангижирсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд
хувийнх болсноор олон түмний дуу хоолой болохоос гадна олон нийтийнх болж,
уншигч, үзэгч, сонсогч төрийн цензургүй мэдээллийг хүлээн авч, өөр өөрийнхөөрөө
шүүн тунгаах бололцоо олдсон. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол мэдээлэл хүргэх
үүрэгтэй. Энэ үүргээ шударга өрсөлдөөний зарчмаар олон нийтэд хүргэдэг.
Хувийн хэвлэл мэдээлэл олон
болсноор өрсөлдөөн их болж, хамгийн түргэн шуурхай, үнэн бодит мэдээллийг
хаанаас уншиж, үзэж сонсч болохоо өөрсдөө сонгох боломж нээгдсэн. Гэвч анхаарах
зүйл бий. Хэвлэл мэдээллийн байгууллагын эзэд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй.
Хэдийгээр тухайн хэвлэл мэдээлэл өөрийнх нь хувийнх ч олон нийтэд үйлчилдэг
онцлогтой. Өөрөөр хэлбэл бусад бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдээс бусдын оюун
санаа үзэл бодолд мэдээлэл хүргэж байдаг энэ салбар тэс өөр.
Тиймээс ч хэвлэлийн эзэд нь
бусад хувийн компанийн эздийг бодвол салбарын онцлогоо харгалзан арай өөрөөр
ханддаг. Монголын ихэнх хэвлэл мэдээлэл ингэж ажилладаг. Үүний хажуугаар зөвхөн
өөрийнхөө тухай нийтлэл, нэвтрүүлэг, мэдээ мэдээлэл гаргаж, нийтэлдэг хэвлэл
мэдээллийн байгууллага олширч байна. Энэ нь хувийн хэвлэл мэдээллийн байгууллагын
нэр хүндийг олон нийтийн дунд унагах нэг шалтгаан болоод байх юм. Олон нийт
болон хууль тогтоогчдоос хэвлэл мэдээллийн эздээс нь салгах гэсэн оролдлого
байсхийгээд л гардаг. Энэний шалтаг шалтгаан нь ч бас зөвхөн өөрийнхөө тухай
өөрийнхөө өмч болох хэвлэлд нийтэлж, нэвтрүүлээд, үзэл бодлоо тулгаад байдагтай
холбоотой. Өөрөөр хэлбэл хэвлэл мэдээллийг өөрийгөө сурталчлах, өөрийгөө
хамгаалах, бусад бизнесээ рекламдах хэрэгсэл л болгоод байгаа эзэд байна. ТВ 9
телевиз Н.Энхбаярыг авлигын хэрэгт холбогдож, үйл явдал өрнөхөд тэр хүнээс өөр
юу ч нэвтрүүлэхээ больсон. Суваг эргүүлэх бүрт л бүх л мэдээ, нэвтрүүлгүүд нь
зөвхөн эзнийгээ хамгаалж өмгөөлсөн л мэдээллээр бөмбөгдсөн. Эхэндээ үйл явдлаа
дагаад нэвтрүүлгийг үзэж байсан хүмүүс сүүлдээ залхаж эхэлсэн. Ямар сайндаа л
хөнжил дотор минь Энхбаяр байж байх вий гэж ярилцах дээрээ тулахав дээ.
Кёкүшюзан Батбаярын телевизээр
гэргий Баясгалангийнх нь дууг л сонсох болов. Дуучдаас зөвхөн тэдэнд таалагддаг
хүмүүс л телевизийн нэвтрүүлэгт нь ордог. Иймэрхүү телевиз, радио их байна.
Зарим хэвлэлийн эзэн нь өөрөө нэвтрүүлгээ хөтлөөд, өөрөө ярилцлагаа хийж,
оролцогч нь таалагдахгүй болохоор “Бууны нохой байна” гэж хэлээд сууж байдаг.
Улаанбаатар телевиз гэхэд зөвхөн Балхжавын дууг дуулдаг шоу нэвтрүүлдэг. Өмнө
нь гадаад дууны тэмцээн явуулж, өрсөлддөг байсан нэвтрүүлгээ зөвхөн Балхжавын
дууг дуулдаг болгоод өөрчилчихөв. Одоо үзэгчид бараг уйдаад үзэхээ байсан.
Хичнээн авьяастай мундаг хүн байлаа гээд зөвхөн нэг хүний бүтээлийг сонсоод
байна гэдэг энэ хурдтай хөгжиж байгаа дэлхий ертөнцийн нэг хэсэг болсон
Монголын үзэгчдийг залхааж эхлэв. Хөгжмийн нэвтрүүлэг, телевизээр гарч байгаа
дуу хөгжмийн 90 хувь нь зөвхөн эзнийх нь л зохиосон хөгжим явна. Зөвхөн
Балхжавын дууг өдөр шөнөгүй сонсоод байхыг хэн хүсэх билээ. Нэг үгээр үзэгчдэд
хүчээр тулгаж байгаа хэрэг л дээ. “Үүнээс өөр сонголт үгүй. Үүнийг л үз” гэж
байгаа юм шиг. Балхжав муу хөгжмийн зохиолч биш байж болно. Гэвч зөвхөн
өөрийнхөө бүтээлийг л сурталчлаад байвал телевиз нь уналтанд орно. Хэрэв өөр
олон телевиз байгаагүй бол зарим хэвлэлийн эздийн тулгалтыг л тархи оюундаа
шингээхээс өөр гарцгүй болох байж.
Энэ нь хэвлэл мэдээллийн ёс
зүйг зөрчиж байна. Мэдээлэх үүргээ умартаж, уншигч, үзэгчийн сонголт хийж, шүүн
тунгаах эрхийг хааж, хүчээр тулгаж байгаа хэрэг. Төрийн мэдэлд байсан өмнөх
үеийнхээс ялгаагүй болгочихож байгаа юм. Бусад хэвлэл мэдээллийн байгууллагадаа
маш хортой байна. Угтаа бүгд ийм үү гэвэл үгүй. 25 дугаар телевиз зөвхөн Алтай
л гараад байдаггүй. Олон талтай, үзэх харах юм ихтэй. ТВ5-ын Сарангэрэл нэвтрүүлгээ
хөтлөөд өөрийнхөө тухай өдөр бүр гаргаад байдаггүй. Тэрнээс өөрөө хөтөлбөл
хэнээс ч дутахгүй нэвтрүүлэг хийгээд хөтөлчихнө. “Үндэсний шуудан” сонины
Б.Ганболд эрхлэгч өөрийнхөө тухай сониндоо нийтлээд байдаггүй. “Өдрийн сонин”-ы
эрхлэгч Ж.Мягмарсүрэн ч зохиолч, сэтгүүлч хүн. Тэглээ гээд “Өдрийн сонин”
Ж.Мягмарсүрэн эрхлэгчийнхээ номыг байнга нийтлээд байдаггүй. Хувийн хэвлэл
мэдээллийнг өмч нь тэр хүнийх байж болно. Гэхдээ бүтээгдэхүүн нь нийтийнх,
нийтэд зориулсан байх ёстой. Нийтэд үйлчлэх, нийтийн сайн сайхны төлөө
дуугардаг, хууль зөрчигчдийн эсрэг хоточ нохойн үүрэг гүйцэтгэх ёстой. Гэтэл
өнөөх хоточ нохойгоо хэвлэл мэдээллийн байгууллага үүднээсээ уячихаад эзнээ
алдаршуулан, хамгаалж, сурталчлаад босгоноосоо холдохгүй боргоод байвал чөлөөт
хэвлэл яаж эрүүл байж, олны талархал хүлээх билээ. Магадгүй зарим алдаа нь
чөлөөт хэвлэлийн хөгжлийн нэг шат байж гэж бодъё. Гэвч алийн болгон ийм байх
билээ. Үүнээсээ хурдан ангижирч, хөгжлийнхөө дараа үе рүү орж, үндсэн үүргээ
биелүүлмээр байна.