Нийслэлийн төв талбайг Сүхбаатарын талбай гэж нэрлэсээр хэдэн арван жилийг элээжээ. Жилийн өмнө НИТХ гэнэт Чингисийн талбай гэж нэрлэх шийдвэр гаргасан. Иргэдийн цөөнгүй хэсэг тухайн үедээ эсэргүүцэж байсан ч НИТХ шийдвэрээ өөрчлөлгүй өнөөг хүрсэн. Харин хэдхэн хоногийн өмнө Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс НИТХ-ын Сүхбаатарын талбайг Чингисийн хэмээн нэрлэх шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзэв. Шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор хариуцагч тал буюу НИТХ дээд шатны шүүхэд давж заалдах эсэхээ шийднэ. Харин зарим хуульчдын үзэж буйгаар НИТХ давж заалдах нь “тэмээн дээр ямааны гарз” болно. Учир нь НИТХ-ын талбайн нэр өөрчлөх эрхийн тухай заалт Сүхбаатарын талбайд хамааралгүй болж таарах нь. Энэ нь НИТХ дахь МАН-ын бүлэг, МАН-ыг үндэслэгч Д.Сүхбаатарын удмынхны хэлж буй тайлбар. Харин хуульчийн ярьж буйгаар бол Сүхбаатарын талбайг өөрчлөх эрх УИХ, Засгийн газарт байгаа аж. Тухайн үедээ Сүхбаатарын талбай гэж нэрлэх шийдвэрийг Улсын бага хурал, МАХН-ын төв хороо гаргажээ. Гэхдээ энэ нь өнөөдөр Улсын бага хурал, МАХН-ын төв хороог дахин байгуулж Чингисийн нэрийг олгоно гэсэн үг биш. Харин ямар нэгэн дээд шатны шийдвэрээр өөрчлөх агуулга болж таарна. Түүнээс гадна Монгол Улсын хэд хэдэн хуульд Сүхбаатарын талбай нэрээрээ суучихсан. Чингисийн нэрийг өгсөн тохиолдолд тухайн хуулиудад өөрчлөлт оруулж байж хүчинтэйд тооцогдох аж. Жишээлбэл “Жагсаал, цуглааны тухай” хуульд ямар нэгэн өөрчлөлт өнөөг хүртэл ороогүй байна. Тухайн тохиолдолд НИТХ-ын шийдвэрээр тус талбайг Чингисийн гэж нэрлэх үү, мөрдөгдөж байгаа хуульд зааснаар Сүхбаатарын гэж нэрлэх үү гэсэн маргаан үүснэ. Шүүх бол бол мөрдөгдөж байгаа хуулийн дагуу шийдвэр гаргана гэж хуульч үзэж байна. Түүнээс ноцтой нь нэрээ өөрчилсөн талбай дээрх хаяг, нэр хууль эрх зүйн чадамжтай юу гэсэн асуулт гарна. НИТХ шийдвэрээ гаргасны дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдэгдэл гаргаж, талбай дээр санал асуулга явуулсан байдаг. Харин НИТХ дахь МАН-ын бүлэг, Д.Сүхбаатарын удмынхан албан ёсоор шүүхэд хандсанаар өнөөгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарчээ. Зарим мэдээллээр тус талбайг Сүбаатарын нэрээр нэрлэхдээ ар гэрийнхний зөвшөөрөл авсан юм байна. Харин цуцлахдаа ямар нэгэн мэдээлэл өгөөгүй гэнэ. Чингисийн нэр олгохдоо хэнээс зөвшөөрөл авсан нь одоогоор тодорхой биш гэнэ. Гэхдээ зарга Сүхбаатарын талбайн нэрийг өөрчлилснөөр дуусахгүй бололтой юм. Ар гэрийнхний өөр гомдол ч байдаг аж. Энэ нь давж заалдах 14 хоногийн хугацааны дараа илүү тодрох аж. Түүний араас Чингис нэр зүүсэн Өндөр хаан хотын нэр өөрчилсөн хэрэг ч дэгдэж магадгүй гэнэ.
Х.Баттөгс