Categories
мэдээ цаг-үе

Л.Одончимэд: Шүдийг сугалж болно оо, гэхдээ эрүүл шүдээр оролдох хэрэггүй юм

“Шүд сугалах” буюу Засгийн газрын танхимын сайдуудыг нэг нэгээр нь огцруулах бичиг өргөн барьдаг үйл явц бий. Үндсэн хуулийн Цэц УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг огцруулах бичиг өргөн барих нь Засгийн газрын кабинетын зарчмаар ажиллах зарчимтай харшилж байна гэх дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтийг УИХ хүлээж авбал, цаашдаа гишүүд Засгийн газрын гишүүнтэй шууд хариуцлагын асуудал ярьж, огцруулах боломжгүй болох юм. Тухайн үед Л.Одончимэд гуайг Ниймгийн хамгааллын сайдаар ажиллаж байхад ингэж “сугалах”-аар зүтгэж байсан ч тэрээр өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгч байсан билээ. Түүнтэй уулзаж “шүд сугалах” гэдэг зүйлийн талаар ярилцсан юм.

-Нэг хэсэг УИХ-ын гишүүд үе үе “Шүд сугалах”-аар дайрч, Засгийн газрыг дараалан унагааж ч байсан?

-Сонгуульд намууд улс орноо хөгжүүлж, ард түмнээ жаргаах тухай амлалт авч өрсөлддөг. Хэрэвзээ ялагдвал сөрөг хүчин болж, ялсан намынхаа ажилд чөдөр, тушаа болно гэсэн үг үсэг амлалтад нь байдаггүй. Бас ялагдчихвал бидний амлалт тоглоом байсан юм шүү гэж ойлгоорой гэсэн үг ч байдаггүй. Гэтэл ялагдчихаад л маргааш нь ард түмэн дайснаа өөрсдөө сонгочихсон мэт юм ярьж, татварын мөнгийг зөв зүйтэй зарцуулах, ажил хийж амьдардаг болгох, хавтгайрсан халамжаас татгалзах гээд л нэн чухал асуудал ярингуут сонгогчдын өмгөөлөгчид болж хувирдаг. Үнэнийг хэлэхэд өмнөх он жилүүдэд үнэхээр буруу юм хийгээд огцорсон Засгийн газар ч бий, аль нэг фракцдаа таалагдахгүй зүйл хийснээс болж огцорсон нь ч бий. Хэсэг нөхөд нь урваад огцорсон ч бий. Огцролт бүр их үнэтэй тусдаг. Ажлын эрчмийг сулруулдаг. Үнэхээр бэлтгэгдсэн сайн сэхээтнүүдийг насаар нь харлуулсан нь ч бий. Ончтой сайн ажилд нь садаа болсон нь ч бий. Нам нь нэр дэвшүүлээд УИХ нь баталсан Засгийн газрын гишүүд цөмөөрөө үл бүтэх нөхөд байж таарахгүй биз дээ. Ялангуяа, МАН бол фракцгүй явж ирсэн болохоор салбарын шилдгүүдээ л сайдаар томилдог байсан. Сүүлдээ АН-ыг дуурайж улс төрийн албан тушаал гэдэг нэрээр тухайн салбартаа “а” ч үгүй хүмүүсийг томилж, намын хамт олон, сонгогч түмний дургүйцлийг төрүүлэх болсон юм. Ийм байдлаар салбараа мэдэхгүй, фракцийн нэрээр сайд болсон хүмүүсээр хэн дуртай нь оролдож, хэл амны бай болгодог байдал газар авч байна. Сайн ажиглаад үзвэл ажлаа мэддэг, ноён нуруутай хүмүүсийг бол оролдохгүй л байгаа биз дээ.

-“Шүд сугалах”-аар санал оруулж байгаа гишүүд ихэвчлэн хувь ашиг сонирхлын үүднээс гэдэг нь харагддаг?

-Би Үндсэн хууль батлалцсан хүн. Ардчилал, зах зээлийн үед улс орон, ард түмний эрх ашиг гэж байхгүй, зөвхөн намууд, түүний гишүүдийн эрх ашиг гэж байна гэсэн заалт ороогүй шиг санах юм. Гэтэл өнөөдөр тухайн нэгэн гишүүний хувийн эрх ашиг бүхнээс дээгүүр тавигдаж, таалагдаагүй сайд түшээдийг шууд халз тулаанд дууддаг болж байна. Нөгөө талаас үнэхээр урагшгүй ажиллаж байгаа сайд нар гишүүн гэдгээрээ түрүү барьж, нам нь түүнийг хамгаалж, Засгийн газар нь кабинетын зарчим гэдгээр халхавч хийгээд салбартаа балаг тарихыг ч үзлээ. Ийм олон бүтэлгүйтлийн муу үр нь ард олонд тусч, монголчуудын эв нэгдлийг сарниулж, гадаадынхны олз болоод дуусч байна. Монголчууд эвдрэлцэж л байвал гадныханд шар тос. Төр барьж байгаа намынхан фракцалж л байвал бусад намынханд баяр. Цаана нь хэний эрх ашиг хохирч байгаа юм бэ. Мэдээж улс орон, ард түмний эрх ашиг хохирч байгаа. Ингэж бие биенээ доош нь хийсээр байгаад цөөхөн монголчуудын толгой сэхээтнүүд цөм нэг нэр, хоёр хочтой болж дууслаа. Төрийг тогтвортой байлгах нь зүйтэй гэж юу ч хийх чадваргүй нөхдийг хамгаалах, эсвэл юм л бол огцруулаад байх энэ хоёр туйлын хооронд алтан дундаж гэж байгаа даа. Тэнд л улс орон, ард түмний эрх ашиг оршдог. Огцролт бүрийн цаана өс хонзон үлддэг. Ингээд эв нэгдэлгүй байхын эх үндэс болдог. Эдийн засгийн уналтын энэ цагт эв нэгдлээс эрхэм зүйл үгүй сэн.

-Юутай ч Үндсэн хуулийн Цэц “шүд сугалах”-ыг Засгийн газрын кабинетын зарчмаар ажиллах зарчимтай харшилж байна гэх дүгнэлт гаргачихсан?

-Улс төр, эдийн засгийн хямрал гэнэ үү, мухардал гэнэ үү, ямар ч гэсэн хэрүүл, тэмцлийн үед аж төрж байна. Үндсэн хуулийн амин сүнс болсон төрийн эрх мэдэл хуваарилалтын заалтыг зөрчсөнөөс үүдэлтэй хямрал төрийн гурван өндөрлөгөө ч хамарлаа. Дээрх гол заалтад хориг тавьж чадаагүй, Засгийн газар нь УИХ-ынхаа дээр гарах нөхцөлийг бүрдүүлсэн Үндсэн хуулийн Цэцийг “Шүдгүй арслан” гэж шоолсон байдаг. Үндсэн хуулийн Цэц хориг тавьж байхад Ерөнхийлөгч эсэргүүцэж ч байх шиг. Бүр учир нь олдохоо байлаа. Одоо бол Цэц “иргэн” Доржийн хэмжээний заргад хариу өгдөг газар болсон. Тийм туршлага, мэргэжлийн баг даанч урагшгүй ажиллаж байгааг харахад урам хугардаг. Үүнийг улс төртэй холбож үздэг нь бас үнэний хувьтай л болов уу. Тэгэхээр одоо Үндсэн хуулийн Цэцээс нэг их юм горьдох хэрэггүй. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж чадвал харин төрийг тогтвортой ажиллуулах талаар заалт хийж өгөх хэрэгтэй. Япон, Солонгост барууны орнуудад ч төрийг тогтвортой байлгах зарчим, чухам ямар тохиолдолд огцорвол зүйтэй вэ гэдгийг хуульчилсан.

-Таныг ч бас сайд байхад оролдоод, та өөрөө огцрох мэдэгдэл хийж байсан шүү дээ?

-Нийгмийн хамгаалал бол миний мэргэшсэн гэж хэлж болох салбар. Тиймээс намайг зуун хувийн саналаар сайд болгож байсан. Тэгээд л асуудалд шударга ханддаг чанар минь зарим хүмүүсийн хувийн бизнесийн эрх ашгийг хөндсөнөөс үүдэлтэй асуудлыг далимдуулж Төсвийн хууль зөрчсөн гэж шалтаг олж намайг огцруулна гэсэн. Тухайн үед УИХ, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яамнаас томилогдсон мэргэжлийн баг хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн. УИХ-аас зөрчөөгүй гэсэн шийдвэр гаргасан. Сайдын суудалд үлдэж болох байсан ч манай, хүний хоёр намын эрх мэдэл бүхий хүмүүсийн бизнест нэгдсэн эрх ашиг будаа болсон болохоор амар тайван ажил хийлгэхгүй, байнга оролдож, тэр нь салбарын эрх ашигт муугаар нөлөөлж, ар гэрийнхэнд маань дарамт учирна гэсэн дүгнэлтэд хүрээд УИХ-ын чуулганы индэр дээрээс “Сайдын ажлаа салгаж ав!” гэсэн мэдэгдэл хийсэн. Намайг ажлаа өгөхөд хорхойтсон шүдээ сугалуулсан мэт баярлаж байсан нөхөд маань харин бүгдээрээ удалгүй огцорсон нь сонин. Сайдын ажлаа сайн дураар өгсөн анхны тохиолдол гэж зарим нь магтсан, хачин тэнэг хүн гэж зарим нь хэлж л байсан. Санаа сэтгэл төвшин биш сайдын ажил хийсэн нэр зүүж явснаас сайхан нөхөдтэйгээ бужигнаж суух нь жаргал байлаа. Харин намайг оролдсоноос болж Япон, Солонгос, Турктай байгуулсан мэргэжлийн ажилчид бэлтгэх, солилцох тухай сайхан хэлэлцээрүүд хэрэгжээгүй орхигдсонд харамсдаг. Шинэ гэр бүлийг дэмжсэн, олон хүүхэдтэй болохыг тэтгэсэн, тэтгэврийн зөрүүг арилгасан зэрэг олон хууль, тогтоомжийг гаргуулж, 80 мянган ажлын байртай болгож амжсанаа одоо санахад гоё л байдаг. Одоогийн сайд нарыг хараад хөгөө урд хөлдөө, хомоо хойд хөлдөө чирч явснаас сайхан мэдэгдэл гаргаад огцорчихоосой гэж бодогддог. Бидний үед сайд болохоос айж эмээдэг байсан бол өнөө үед нэг өдөр ч болтугай сайдаар ажиллаад үзэх юмсан гэж үхэн хатан гүйгчид олон болжээ. Энэ бол төр хүнгүй болж байгаагийн гол шалтгаан юм. Хүн өөрийгөө хэн бэ гэдгийг мэддэг болсон өдрөөсөө хэн ч биш болдог гэдэг. Хүн бол эрч хүчтэй хурдалж яваа машин юм. Аль замаар явахаар зөв сонгож, тоормосоо хаана гишгэхээ мэдэж байх нь чухал. Улс төрийн зам Улаанбаатарынхаас илүү хальтиргаатай. Шүдийг сугалж болно оо, эрүүл шүдээр оролдох хэрэггүй. Эрүүл шүдээр оролдоод байвал Засгийн газар өөрөө “шүдгүй бар” болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *