Categories
мэдээ нийгэм

“Тэмүүжин Өрлөг” цэргийн сургуулийн сурагчид хар тамхи хэрэглэсэн үү

“Тэмүүжин Өрлөг” цэргийн сургуулийн сурагчид мансууруулах үйлчилгээтэй бодис хадгалж, хэрэглэсэн гэх мэдээлэл буй. Эл асуудлыг “Тэмүүжин Өрлөг” сургуулийн захирал, хошууч В.Дашпунцаг цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгсөн талаар мэдээллээд байгаа юм. Тэрээр “Манай сургуулийн төгсөх ангийн гурван хүүхдээс тамхи үнэртсэн учир Цэргийн албаны дарга шалгалт хийсэн. Тэгэхэд тухайн гурван хүүхдээс юу нь үл мэдэгдэх, жижигхэн гялгар ууттай ургамал олдсон. Бид тухайн үед Эрүүгийн цагдаагийн газарт бичиг явуулж шалгаж өгөх хүсэлтийг тавьсан” гэж буй.

Бид энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнтэй холбогдож тодруулахад “Бидэнд мэдээлэл ирсний дагуу бид “Тэмүүжин өрлөг” сургуулийн төгсөх ангийн гурван сурагчид Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж байна. Хэрэг мөрдөн байцаалтын шатандаа явж байна” гэсэн юм.

Дээрх сурагчид гэм буруутай нь тогтоогдвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *