Categories
гадаад мэдээ

TIME сэтгүүлийн онцлох хүнээр Ангела Меркел тодорлоо

Сүүлийн 29 жилийн хугацаан дахь TIME сэтгүүлийн онцолсон анхны эмэгтэй боллоо

Өчигдөр орой “TIME” сэтгүүл 2015 оны хүнийг зарлалаа. Энэ удаа тэд ХБНГУ-ын канцлерь Ангела Меркелийг нэрлэжээ. Дональд Трамп, Абу Бакр аль-Багдади, Владимир Путин зэрэг хүмүүсээс бүрдсэн хэл ам, маргаан дагуулсан сүүлийн жагсаалтанд үлдээд байсан Меркель сүүлийн 29 жилийн хугацаан дахь анхны эмэгтэй TIME сэтгүүлийн оны хүн болж байна. Түүнээс өмнө 1986 онд Филиппиний анхны эмэгтэй ерөнхийлөгч Коразон Акино оны хүнээр шалгарч TIME сэтгүүлийн нүүрэнд заларч байжээ.

Түүний Грекийн өрийн хямрал, Европ дахь дүрвэгсдийн хямрал, Парисын халдлагын үеэр гаргасан үлгэр жишээ, манлайлал, зоригтой алхмууд нь шагнал хүртэл гавьяа болсон гэдгийг TIME-ийнхан хэлжээ. Герман улс энэ оны эхний 11 сарын байдлаар Ойрх Дорнодоос 964,574 дүрвэгч хүлээж аваад байгаа бол энэ оныг дуусахад нэг саяыг давах гэнэ.

Меркелийн дараа хамгийн их санал авсан хүмүүсийг дарааллаар нь жагсаавал:

2. Абу Бакр аль-Багдади, Исламын улс бүлэглэлийн тэргүүн

3. Дональд Трамп, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч

4. Black Lives Matter, Афро-Америк иргэдийн эрхийг хамгаалагчид

5. Хассан Рухани, Ираны ерөнхийлөгч

6. Травис Каланик, Uber компаний CEO

7. Кэйтлин Женнер, трансжендер, LGBT хүмүүсийн төлөөлөл

Эхний наймд багтаад байсан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хамгийн бага санал авч жагсаалтын сүүл мушгижээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *