Categories
мэдээ цаг-үе

Н.Нацагням: Засгийн газар худалдан авалтынхаа 90 хувийг өгчихвөл бид улсаа Азийн бар болгож чадна

Төрийн соёрхолт инженер Н.Нацагнямтай ярилцлаа.

-Судлаач, доктор, бизнесмэн гээд бултаараа эдийн засгийн таагүй байдлаас гарах гарцыг өөрсдийнхөөрөө хэлж байна. Таны хувьд санал болгох ямар гарц байна?

-Монголчуудын хөл, толгой нь солигдчихоод байгаа нь ердөө өнгөрсөн долоо хоногт Төрийн ордонд болсон дэлхийн технологийн парк хөгжүүлсэн улсуудын анхдугаар чуулганаар батлагдчихлаа. Технологид суурилсан эдийн засгаар хөгжье гэж бид 25 жил ярьж байгаа. Социалист дүрмээр эдийн засгийг удирдаад байгаа учраас хөл толгой нь солигдчихсон. Зүй нь капиталист нийгмийн давуу тал нь инженерийн яамгүйгээр Итгэл баяны дүрмээр хөгждөг. Доктор, профессорууд технологийн паркуудыг удирдах боломжгүй гэдгийг Солонгос, Хятад улс 20 жилийн гашуун туршлагаараа баталсан. Хятад коммунист улс учраас эхлээд социалист загвараараа, доктор, профессоруудаараа удирдуулж үзээд бүтэлтэй юм болоогүй. Эцэст нь аргаа бараад технологио олон жил баталсан оюунлаг хувийн компанид даатгаж амжилттай хөгжсөн. Солонгост гэхэд технологийн паркийнхаа захирал профессорыг хоёр сар тутамд сольсон ч ямар ч мундаг доктор профессор нь удирдаж чадаагүй. Аргаа бараад “Самсунг”-д даатгаад орхисон. Дээд сургууль болон технологийн паркийн удирдлагыг оюунлаг хувийн компани удирдана гэсэн үг. Удирдлага, бүх менежмэнтийг нь. Улсынх ч биш, хувийнх ч биш саармаг хэлбэр. Технологийн паркийг дур мэдэж элдэв үйлчилгээний газар болгох эрхгүй гэдэг утгаараа улсынх. Дарга цэрэг, солих, удирдах бүх эрх нь тухайн оюунлаг хувийн компанийн бүрэн эрх гэдэг утгаараа хувийнх. Технологийн паркаа доктор, профессорт биш, Стив Жобс шиг баялаг бүтээсэн оюунлаг хувийн компанид даатгаж өгсөн учраас хөгжсөн юм.

-Манайд тэр баялаг бүтээгчид нь байна уу?

-Салбар бүрт бий. Металлургийн салбарт автобус, тролейбусаа хийгээд баталчихсан Жаргалсайхан байна. Химийн салбарт “Мон химо” байна. Тэд адууны ясаар бүтээгдэхүүн хийж экспортолдог. “Монос”-ын Хүрэлбаатар, Амбага доктор байна. Эдний хийх ажлыг төр чадахгүй. Жишээ нь миний зохиосон үйлдлийн системийг төр шалгах боломжгүй. Харин практик шалгаж баталсан. Капитализмын түүхэнд төр технологийг шалгаж байгаагүй. Харин практикт шалгарсан компанид төр захиалгаа өгдөг захиалагч байсан түүхтэй.

-Үйлдлийн системийнхээ талаар энгийн тайлбар хэлээч. Асар их хэмжээний ам.долларын экспорт хийх боломжтой гэхээр хэрийн улс орны эрдэмтдийн хийчихдэг эд биш байх… ?

-Миний сурсан үйлдлийн системийг “Самсунг” хүртэл өөрсдөө хийгээгүй. Англичуудаар хийлгээд одоо болтол тэдэнд мөнгө төлдөг. Хоёр янзын үйлдлийн систем байдаг юм. Тэрийг нь Англиас сурсан. Ухаантай хүн бүхний бодоод хийчихдэг эд биш л дээ. Сая хэлсэн хоёр технологийг профессор, доктор биш баклаврын зэрэгтэй хоёр инженер хийсэн юм. Нэг нь итали, нөгөө нь грек. Ер нь Англи хүн хэзээ ч нээлт хийгээгүй шүү дээ. Хийсэн нь хэн бэ гээд харахаар еврей, итали, грек гаралтай байдаг. Эртний генилэг хүмүүс л дээ. Монголчууд ч ялгаагүй. Эртний хүннүчүүд бол генилэг. Хөл, толгойгоо байранд нь оруулчихвал тэднээс ч илүү хурдан хөгжих боломжтой. Япончууд хүртэл үйлдлийн системээ Англи, Америкаас авсан байхад бид азтай. Монголдоо өөрөө хийгээд баталчихсан. Англид ажиллаж байхдаа тэр хоёр хүнтэй азаар таарсан. Мэдээж тэр хоёр шууд зааж өгөөгүй. Тэр хоёрын хийсэн юман дээрээс өөрөө ухаж олсон зүйлс. Монгол хэлээр, монгол нэр дээр баталчихсан. Хэн ч хаанаас нь ч харсан монгол хүний оюуны өмч. Нөгөө нэг ашиглах зүйл нь интеграл, дифференциаль, RL, RC филтэр зэрэг үйлдэл. Тэр үйлдлийг микро-процессор ойлгохгүй тул энгийн нэмэх хасах үйлдлээр хийж сурсан. Монголын IT-гийн бүх инженер энэ хоёр техникийг ашиглаад Монголдоо Английн синёр инженерийн төвшинд ажиллаж болно. Миний Англи дахь карьер сениор инженерийн төвшинд хүрсэн байсан. Энэ нь Английн их хурлын гишүүний хэмжээний халамж хүртдэг ажлын байр.

-Манайхан үйлдвэр барихаараа гаднаас технологи импортолдог. Бүр нэлээд их мөнгөөр. Таны технологийг ашиглавал гадагшаа урсах ам.долларын урсгалыг зогсоож чадах уу?

-Миний NaNyam гэдэг технологийг ашиглаад технологийн бүх импортыг хориглож болно. Миний хийж байгаа хүчний удирдлагууд, хүчний электроникийн удирдлагууд, компьютержсэн удирдлагуудгүй аж үйлдвэр гэж байдаггүй. Тэгэхээр бүх юмаа Монголдоо хийх боломжтой гэсэн үг. Механикийн салбар аль социализмын үед Монголд хөгжчихсөн шүү дээ. АПУ-гийн фильтер сольсон хүн шууд гурван өрөө байраар шагнуулж байсан түүх бий. Тэр хүнд өнөөдөр ажил олдохгүй байна. Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны даргын туслах төдий хийгээд сууж байх жишээний. Миний үйлдлийн системийг ашиглаад дотооддоо хийж болох программ болон техник хангамжийн ажлыг улс төржсөн олигархи компаниуд дамын наймаагаар шахдаг. Мэдлэгтэй, чадвартай инженерүүдээ ажилгүй болгодог. Миний хувьд гэхэд л NaNyam төхөөрөмжөө дөрвөн жил цалингүй зохион бүтээж батласан ч “Үгүй ээ, бид дамын наймаагаа л хийнэ” гээд хийсээр байна. Хоёр нүүр гаргадаг үнэг шиг засаглал Монголд оршиж байна л даа. Миний үг биш, зуун жилийн өмнө амьдарч байсан Парито гэж эрдэмтний онол. Английн улс төрийн онолын элит хүн. Үнэг, арслангийн онол гэж бий.

-Үндсэн сэдэвтээ оръё. Технологийн паркийг нийслэлээс зуу гаруй км газарт байгуулна гэж байгаа. Тэгэхээр технологид суурилсан эдийн засаг нэлээд хөрөнгө зарж байж хөгжих нь ээ дээ?

– Үндсэн хуулийг өөрчлөх хэрэггүй. Технологийн паркад нэг төгрөг ч зарцуулах хэрэггүй. Бүх юм байгаагаараа байг. Бүх технологийн парк, хүрээлэнг салбар, салбарт нь гавьяа байгуулсан Стив Жобсуудад өгчих хэрэгтэй. Төр дамын наймаа хийдгээ болиод, захиалга өгдөг болчихвол асуудалгүй хөгжинө. Онол, философио өөрчлөөд л Азийн бар болох боломжтой. Дахин хэлье. Нэг ч төгрөг зарахгүйгээр хөгжүүлэх бүрэн боломжтой. Саяхан төрийн ордонд болсон дэлхийн технологийн парк хөгжүүлсэн улсуудын анхдугаар чуулганд ирсэн Хятадын төлөөлөгч “Та нар яагаад Улаанбаатараас 130 км хол газар технологийн паркаа барих гээд байгаа юм бэ” гэж гайхаж байна. Хятадын хувьд Бээжинд, бүр Тянь-Ань-Миний талбайнхаа дэргэд нэг ч төгрөг зарцуулалгүйгээр технологийн паркаа байгуулж чадсан. Социализмын үеийн дэд бүтэцдээ тулгуурлаад л хөгжүүлчихсэн. Монголд ч тэр дэд бүтэц нь бий. Байр нь, тэнд ажиллах туршлагатай инженерүүд нь бэлэн байгаа. Тэнд ажиллах ХХК-иуд нь бүх аймгийнхаа захиалгыг аваад ажиллахад л хөгжинө. Чөлөөт өрсөлдөөний буруу зөрүү хуулиудаасаа татгалзаад Итгэлт баяны дүрмээр явах цаг ирсэн. Итгэлт баян эдийн засгаа авч явдаг болохоос, тэр хүний түлээг хагалдаг хүн Итгэлт баяныг удирдах боломжгүй. Гэтэл өнөөдөр түлээчин нь Итгэлт баяныг удирдах схемээр яваад байна. Инновацийн хууль бол яг энэ схем. Зөвхөн дээд сургуулийн профессор л гарааны компани байгуулаад удирдах эрхтэй байгаа. Үнэнийг хэлэхэд Английн доктор профессорууд баялаг бүтээж үзээгүй. Ер нь дэлхийн аль улс оронд яг ижил. Онолоо буруу ойлгоод буруу заадаг л хүмүүс. Солонгос, Хятадын хувьд Стив Жобс шиг инженерүүд технологио дээд сургуулиуддаа заадаг, дээд сургуулийн багш нар тэднээс юм сураад оюутнуудыг бэлдэж өгөх л үүрэгтэй.

– Хятад, Солонгост дээд сургуулийн багш нар нь Технологийн паркийн үйл ажиллагаанд оролцдоггүй гэсэн үг үү?

-Яг тийм. Яагаад гэвэл доктор, профессоруудад мэдлэг байхгүй. Нэг сонирхолтой нь Хятад, Солонгос зэрэг Азийн барууд, Европын улсууд, америкчууд яг ижил түүх, ижил замаар технологийн паркаа ажиллуулсан байдаг. Стив Жобс шиг баялаг бүтээсэн хүнд л удирдах эрхийг өгсөн. Харин хөрөнгө оруулалт нь улсынх. Улсаас лабораторийг нь бариад өгчихдөг. Гэтэл манайд троллейбус Жагааг тээврийн сайд удирддаг. Тэгээд хийсэн автобус, троллейбусыг нь тоохгүй, гаднаас өндөр үнэтэй автобус авдаг. Гаднаас акталсан автобус авчраад будаад зарах нь популист сайдад л ашигтай. IT, инженерийн салбарыг гэхэд үйлдлийн систем бүтээсэн хүн авч явах учиртай. Тээврийн, инженерийн яамны сайд гэж капиталист нийгэмд байдаггүй. Баялаг бүтээж үзсэн туршлагатай хүнд баялаг бүтээж үзээгүй төр баялаг бүтээх дүрмийг заана гэдэг социалист вирус арилахгүй байна.

– Та түрүүн технологи хөгжүүлэх байр нь бэлэн гэлээ. Байр асуудалгүй гэхэд санхүүжилт гэж том юм бий шүү дээ?

-Санхүүжилт нь бэлэн шүү дээ. Төрийн худалдан авалтын ерээд хувь нь IT-гийн бизнес. Төр өөрөө дамын наймаагаар, лобби-гоор, тендерийн хуулиар гаднаас авдаг юм. Тендерийн хуулиа гэхэд л өөрсдөдөө тааруулж хийдэг. Инновацийн хуулийг ч ялгаагүй. Өнөө эрдэмтэн докторууд нь хийсэн. Тэр хуулиар бол би хүн биш мал харин доктор, профессорууд бурхан. Үр дүнд нь хоосон цаасан бүтээл бас дамын наймаа л хөгждөг. Энэ хуулиар зөвхөн доктор, профессоруудад асар их халамж боломж өгсөн. Зүй нь тэр хуулийг баялаг бүтээж үзсэн хүн хийсэн бол үр дүн гарах байсан. Тэгэхээр Засгийн газар худалдан авалтынхаа 90 хувийг өгчихвөл бид улсаа Азийн бар болгож чадна. Гэхдээ бүр экологид ээлтэй технологи хөгжүүлнэ. Хэнд ч хэрэггүй ТҮЦ машин хийгээд бид хаашаа ч экспортолж чадахгүй. Манай коммунист хүнд суртлын аппаратанд л таарсан төхөөрөмж дэлхийд хэрэггүй. Олон улсын зах зээлд экспортлох боломжтой зүйлсийг л хийнэ. Мөнгөний төлөө биш ногоон экологийн төлөө үйлдвэрлэлээ хөгжүүлнэ.

-Экспортлох боломжтой, экологид ээлтэй технологиосоо сонирхуулаач. Жишээ нь яг одоо цагт эрэлттэй ямар технологи байна вэ?

– Эрчим хүч үнэгүй болгодог технологи байна. Эрчим хүчийг үнэгүй үйлдвэрлэх боломжийг “Тесла” анх хийсэн ч “GP Mor­gan” түүнийг нь дарсан. “JP Morgan” одоо бол банк. Дээр үед банк байгаагүй. Бүх уул уурхайг монопольдож, мафийн шугамаар дарамталж худалдаж авсан. Бүх эрчим хүчийг авсан. Тэгээд тэндээсээ орлого олох гэж байтал нөгөөхийг нь үнэгүй гэхээр яаж дуртай байхав, арчин хаяж таарна. Уг нь “GP Morgan” “Тесла”-гийн спонсор байсан юм. Ийм шалтгаанаар спонсороосоо татгалзсан. Хэрвээ “GP Mor­gan” АНУ-ын хаан байсан бол үүнийг зөвшөөрөх байсан. Учир нь улсын бүх мөнгө хааны өмч учраас экологид ээлтэй бодлого явуулдаг. Америкийн эрдэмтэд ардчилсан засаглал нь автоматаар авлига үүсгээд, тэр нь ногоон дэлхийг сөнөөсөн гэдгийг хүлээн зөвшөөрч, одоо ямар засаглалаар явах тухай ярьж байна. Ардчилсан засаглал руу орсон бүх улс оронд хууль гууль болдог, авлига автоматаар үүсдэг нь дэлхийн түүх. Ямар ч улс ялгаагүй. Монголчууд муухайдаа хийгээд байгаа юм биш. Тэр авлига нь дэлхий даяар тархаад дэлхийг цөлжүүлж байна л даа. Африкийг цөлжүүлсэн. Одоо хуучин соц орон байсан Киргиз, Монгол зэргийг цөлжүүлж байна. Бид ардчиллын буянаар уух ус, амьсгалах агааргүй болох өндөр эрсдэл дунд байна. Үр уршгаар нь Хойд мөсөн далай хайлж цагаан баавгайнууд усанд живж үхэж байна. Үүний эсрэг хүчтэй тэмцсэн хүмүүс баатар болж байна. Эдвард Сноуден, Жулиан Ассанж нарт хүмүүс хайртай байгаа нь ийм учиртай. Өөрсдийнхөө амь насыг үл тоогоод дэлхийн дулаарлын эсрэг, авлигын эсрэг тэмцэж байгаа учраас тэд дэлхийн баатрууд.

-Таныг саяхан дэлхийн эрдэмтдийн зөвлөл хүлээн зөвшөөрөөд НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралдаанд оролцох эрх өгсөн гэж сонслоо…?

-Парламентын гишүүдийг хэдэн зуу хүргээд ч хөгжил урагшлахгүй. Учир нь энэ нь чанарын өөрчлөлт биш. Миний хувьд NaNyam гэж улс төрийн саармагжилтын онол гаргасан юм. Хэрвээ энэ онолоор явбал чанарын өөрчлөлт гарна. Энэ онол маань дэлхийн эрдэмтдийн зөвлөлөөр орж 90 хувийн саналаар ялсан. Улс төрийн саармагжилтаар ардчиллыг байгуулдаг түүхтэй, ардчилсан онолоор ардчиллыг байгуулах боломжгүй гэдгийг дэлхийн эрдэмтэд хүлээн зөвшөөрөөд намайг дэмжсэн юм. Экс коммунист орнуудын эрдэмтдийн хувьд нь өмнө нь ийм боломж олдоогүй. Дэлхийн эрдэмтдийн зөвлөлөөс томилж байсан улс дандаа капиталист орныхон байсан түүхтэй. Тэдний сонгосон хүмүүс нь дэлхийн тоглоомын дүрмийг НҮБ-ын Ерөнхий ассамблейн хурлаар хэлэлцдэг. Тэрэнд анх удаа экс социалист нийгмээс оролцох гэж байгаа тохиолдол боллоо. Ганц би биш монгол эрдэмтэд оролцоосой гэж хүсч байна. Гэхдээ доктор профессорууд биш шүү. Дээд сургуулийн хууль зүйн эрдэмтэд ч биш. Хууль зүйгээр арав, хорин жил, насаараа ажилласан Ц.Нямдорж шиг “хатуу самар”-ууд, Дамдин сайд шиг, Содном дарга шиг чадвартай хүмүүст мэдлэг бий. Практик ажлын туршлагатай залуус надтай хамтарч энэ хуралд оролцож ажиллах боломжтой. Амжилттай оролцвол НҮБ-д ажиллах боломж ч олдоно. Учир нь дэлхийн Ардчилсан засаглалын дампуурал нь НҮБ -ыг эрэлд хайгуулд оруулсан байгаа. Монтесткегийн онолыг буруу гэдгийг математик загвараар баталж, мөн Монтесткегийн онол заадаг Харродс гээд Америкийн их, дээд сургуулиудын доктор, профессоруудыг гэрийн хорионд хийе гэдэг санал тавьж 90 хувийн саналаар дэмжигдсэн юм. Тэгэхээр тэд өөрсдийгөө хүлээн зөвшөөрч байна гэсэн үг.

-Таныг дэлхийн эрдэмтдийн зөвлөлөөс аль орныхон хамгийн их дэмжсэн бэ?

-Хятад, орос, америкууд. Хятад, Оросын хувьд засаглалын босоо тогтолцоотой. Миний онолоор бол тэр нь зөвхөн нэг хэсэг нь. Америкийн хувьд миний онолыг сонсоод гарцаа оллоо гэж байсан. Харин Америкийн эрдэмтэд нь диктатур луу орох хэрэгтэй гээд огт буруу гарц руу оруулах гээд байгаа. Бараг бүх эрдэмтэд нь нэг хүний диктатурт оръё гэж ярьж байна. Коммунизм руу оръё гээд коммунист хөдөлгөөнүүд хүртэл үүсчихсэн. “Баячуудын хорооллыг усанд живүүлье” гэдэг хөдөлгөөн хүртэл байна.

-Мэдээж монгол хүн бүр л эдийн засгаа хөгжөөсэй гэж хүсч байгаа. Гэхдээ илт зөрүү байр сууриуд сонсогдоод байх юм. Таныхаар шалтгаан нь юундаа байна вэ?

-Эдийн засгийг яаж хөгжүүлэх вэ гэдэг асуудал дээр монголчууд үзэл суртлаараа гурав хуваагдчихдаг. Учир нь Монгол гэдэг улс гурван янзын түүхтэй.

Нэг хэсэг нь Америкийн доктор, профессоруудаас чөлөөт өрсөлдөөн гэдэг хаана ч туршигдаагүй буруу онол сураад ирчихсэн. АНУ, Англи өөрсдөө одоо ч нууц монополь зах зээлээр хөгжиж байгаа. Хэзээ ч чөлөөт өрсөлдөөнөөр хөгжиж байгаагүй. Америкийн доктор, профессорууд баялаг бүтээж үзээгүй атлаа баялаг бүтээх дүрэм заадаг. Чөлөөт өрсөлдөөн гэдэг худлаа онол заадаг. Тэр онолыг сураад ирсэн хүмүүс Ерөнхий сайд, намын даргын зөвлөх хийдэг. Ямар ч практик туршлагагүй тэд яг гамин шиг бидэнд саад болоод байна. Харин Монгол банк, Сангийн яаманд олон жил ажилласан хүмүүст олон улсын монополь зах зээлийн мэдлэг мэдээлэл бий.

Хоёр дахь хэсэг нь Сүхбаатар жанжин шиг хүмүүс. Америкийн доктор, профессорууд чөлөөт өрсөлдөөн ярьж байхад олигархи том компаниуд нь огт өөр замаар гарч ирсэн. “Уучлаарай оюуны өмчөө хамгаалахын тулд, хөл дээрээ бат зогсч, эдийн засгаа хөгжүүлэхийн тулд монополь байх ёстой” гээд цус нөжөөр, мафийн шугамаар гарч ирсэн. Социализм үүнийг хуулиар хийсэн учраас мафийн систем үүсээгүй юм. Капитализмыг хууль бусаар, мафиар хийсэн учраас ардчилсан улсуудад мафийн систем сайн хөгжсөн. Тэр монополь компаниудад нь ажиллаад ирсэн хүмүүс өчнөөн бий. Женерал электрик, Alstom-д олон жил ажиллаад бүх юм нь монополь гэдгийг мэдэрч боолын вирус-ээсээ салсан азтай хувь заяандаа би баярлаж явдаг. Англид чөлөөт өрсөлдөөн гэж байдаггүй, импортоо хамгаалдаг дипломат арга байдгийг сураад ирсэн хүн. Яг тэр аргаар NaNyam гэдэг стандартаар Монголын бүх технологийн импортыг хамгаалж чадна. Бидний очиж сурсан газар өөр учраас хоорондоо дайсан болчихоод байна л даа. Гурав дахь хэсэг нь Барон Унгерн, атаман Семёнов шиг, цагаан армийнхан. Тэд коммунист вирустэй. Төр хүчтэй байхын тулд төр инженерийн яамны сайд байх ёстой гэж сэтгэдэг улс. Хулгай хийх гээд популист улсыг сайдаар аваачаад тавьчихдаг. Хулгай хийхээ боль гэхээр “Өөрийг чинь Ерөнхий сайдаас огцруулчихна шүү” гэж айлгадаг. Англи, Америк ардчилсан засаглалтай хэрнээ манайд байдаг ийм төрлийн авлига тэнд байдаггүй. АТГ гэж байхгүй. Яагаад гэвэл популист сонгуулиас өмнө лордын сонгуулиа хийгээд бүх зах зээл нь эзэнтэй болчихсон юм. Тэгэхээр популистуудад нь социалист аргаар инженерийн яам байгуулж дамын наймаа шахааны бизнес хийх орон зай боломж байхгүй гэсэн үг. Англид барилгыг нэг л компани барьдаг. Зах зээл болгон эзэнтэй учраас популистуудад хулгай хийх боломж байхгүй. Манай популистууд дэлхийн түүхэнд байгаагүй азтай популистууд.

-Цагаан армийнхан коммунист вирустэй юм бол гамингууд нь ямар вирустэй байж таарахав?

-Америкаас чөлөөт өрсөлдөөн гэж буруу юм сурсан нь боолын вирус. Үүний ачаар бид дэлхийн хэрэглэгч болчихоод сууж байна. Энэ хоёр вирусыг устгаж байж эдийн засгаа хөгжүүлнэ. Тэгвэл эдийн засаг автоматаар хөгжинө. Инженерийн яам гэж байхгүй болчихвол популистууд хулгай хийх боломжгүй болно.

Эцэст нь дүгнэхэд хоосон онол ярихын оронд буруу бодлогынхоо муу үр дүнг хараад бодлогоо философио өөрчилмөөр байна.

Хэнийг ч дуурайж хуулалгүй өөрсдөө бодоод хөгжсөн бүх улсын түүх яг ижил. Энэ бол монополь зах зээл. Миний хувьд Английн гурван том монополь глобал ХХК-д ажиллаж дэлхий монополь гэдгийг олж харсан. Гэтэл бид яагаад чөлөөт өрсөлдөөн гэдэг бусдын буруу онолоор дампуурах ёстой юм бэ?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *