Өглөө болгон хаалгаар нь оронгуут халуун дотноор угтан мэндэлдэг нэг газар бий. Тэр бол нийслэлийн Сүхбаатар дүүргийн 69 дүгээр цэцэрлэг юм. “Өглөөний мэнд, сайхан амарсан уу бяцхан үрс минь. Сайхан амарцгаав уу ээж, аав нар аа” гэж жижүүр багш чин сэтгэлээсээ инээсээр угтах нь сайхан. Бүтэн өдрийн энерги, ажиллах эрч хүчийг минь өгөх шиг л болдог юм. Тус цэцэрлэг урьд жилүүдэд ийм байгаагүй гэдгийг эцэг, эхчүүд бүгд мэддэг болохоор анхандаа багш нарыг ингэж мэндчилэхээр нэг л дасч өгдөггүй байв. “Хаалгаа хаагаач ээ, гутлаа арч, улавчаа өмс” гээд л үүдээр оронгуут хэн нэгний орилох дуу сонсогддог байсан сан. Харин энэ хичээлийн жилийн эхний өдрөөс багш нар ээлжээр үүдэнд жижүүрлэж, өглөө бүрийг найрсгаар угтаж, оройдоо инээмсэглэлээр үддэг болсон юм. Нойроо харамлан уйлагнан орж ирэх хүүхдүүдийг “Манай энэ ч ёстой мундаг шүү” гэж онгирооно. Тэгээд орой явахад нь “Өнөөдөр миний хүү хамгийн сайн нь байсан, маргааш заавал ирээрэй” гэхчилэн үднэ. Тийм болохоор хүүхдүүд цэцэрлэгт явах тун дуртай болцгоожээ. Одоо энэ цэцэрлэгийн хүүхдүүд томчуудтай хэрхэн мэндлэхээ хэнээр ч заалгахгүй мэднэ. Жаахан бүрэг дуугүй байсан хүүхдүүд нээлттэй болсон нь анзаарагддаг юм. “Манай ангийн тэрний аав, ээж байна. Та сайн байна уу” гээд л өөдөсхөн хүүхдүүд мэнд мэдэх нь эгдүүтэй.
Ер нь бусадтай зөв мэндэлж, эргээд тэдний хүндэтгэлийг мэдрэх шиг сайхан зүйл хаа байхав. Хэн ч гэсэн “Сайн байна уу” хэмээн амар мэндийг нь эрж байгаа хүний урдаас уурлаж, ярваганаад байхгүй. Тиймээс бие биетэйгээ элэгсэг дотноор мэндэлцгээж байя. Харилцааны хамгийн анхны бөгөөд дээд хэлбэр нь мэндчилгээ гэдгийг эрдэмтдийн олон арван бүтээлд онцолсон байдаг шүү дээ.
Монголчууд танихгүй л бол ямар ч хүн байсан мэндлэхийг мэддэггүй улс. Дэлхийн хөгжилтэй орнууд болох Япон, Солонгосын ард түмэн бие биедээ хүндэтгэл үзүүлж, бөхөлзөн тонголзож мэндчилж байгааг нь харахад нуруу хугармаар бодогддог биз дээ. Тэдгээр улсуудын амжилтын нэг үндэс нь яах аргагүй энэ хүнлэг мэндчилгээ гэдэгтэй судлаачид маргадаггүй юм. Тэгвэл манай цэцэрлэг, сургуулиуд сайхан мэндэлдэг багш, ажилтан, сурагч, хүүхдүүдийг шалгаруулж яагаад болохгүй гэж. “Хамгийн шилдэг мэндэлдэг хүүхэд” гэж өргөмжилье л дөө. Ингээд шилдгээ долоо хоног, сар тутамд шалгаруулж, хүүхэд бүрт энэ алдрыг хүртээе. Энэ нь тэднийг ирээдүйдээ хөлөө олоход нь хамгийн том хөрөнгө оруулалт болох ч юм бил үү.