Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголд хувь хүний биш багийн спортыг хөгжүүлье

Монголд багийн спортыг дэмжиж хөгжүүлэх хэрэгтэй байна. Энд сагсан бөмбөг, гар бөмбөг, хөлбөмбөг, хоккей зэргийг нэрлэж болно. Олон хүнээс бүрдсэн ийм спорт хувь хүнд зөв ухамсар, төлөвшлийг суулгаж, бас бусадтай хамтран ажиллах чадварыг сургадаг юм. Дээрээс нь багийн сахилга баттай болгоно. Нэг ёсондоо тэр олон хүн нэг эрх ашгийн дор зангидагдаж, зорилгынхоо төлөө тэмцэж чаддаг. Тиймээс ач холбогдол, үр дүн нь ганц хүний гаргасан амжилтыг дагуулахааргүй илүү байдаг. Харин багийн спортоос хэн нэгэн нь тодорч гарахыг хичээж хувийн тоглолт хийвэл тэдний бүгдийнх нь амжилт үгүй болно. Нөхдөөсөө онцгойрох гэсэн хувь хүний амбиц багаа “алах” ийм аюултай. Шулуухан хэлэхэд Монголд хувь хүний спорт хэрээс хэтэрсэн. Энэ нь ч монголчуудын амиа хичээсэн амбицтай нь холбоотой. Хоёр хүн байсан ч нэг нь тодорч ялгарахыг боддог. Тиймээс монголчуудын унаган увайгүй занг дэвэргэсэн спорт нэлээд дэлгэрсэн дээ. Жишээлбэл, үндэсний бөх, жүдо, чөлөөт ууланд авиралт, бокс, сур харваа, гүйлт, усанд сэлэлт, шатар, даам гэх мэтчилэн дандаа л ганц хүнийг тодотгосон спорт байна.

Үнэндээ гадаадын орнуудад бол хувь хүний энэ спортоор амжилт гаргасан тамирчныг улс нь тийм ч өндрөөр үнэлээд тоогоод байдаггүй. Тив, дэлхийн уралдаан тэмцээнд түрүүлж, олимп, дэлхийн аварга болоход нь хүртэл шүү. Учир нь “Тэр манай улсын нэрийг ашиглаж, хувийн амжилт гаргаж байна” гэсэн философи үйлчилдэг юм. Ер нь бол хувь хүний спортын амжилтын үндэс нь тухайн тамирчны өөрийнх нь л сурталчилгаа болдог. Тэрнээс улс орны нэрийг тэнгэрт тултал нь мандуулаад байгаа гавьяат үйл явдалд тооцогдохгүй.

Энэ жишгээр ганц хүний спортод гаргасан амжилт Монголын сурталчилгаа гэдэг бол хатуу үнэн биш ээ. Аль нэг улсын тамирчин дэлхийн хаана ч очиж тэмцээн уралдаанд оролцоход эхлээд нэрийг нь зарладаг. Дараа нь аль улсынх болохыг нь дууддаг. Тэгэхээр хувь тамирчны амжилт хичнээн мундаг байсан ч улс орны нэр ямагт хоёрт тавигддаг гэсэн үг. Тухайлбал, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярыг хаана ч очиж барилдсан “Олимпийн аварга” гэж ирээд л хамгийн түрүүнд нэрийг нь зарладаг шүү дээ. Харин Монгол Улсын нэрийг сүүлд нь зарладаг байх жишээтэй. Аварга маань бөмбөрцгийн хаана ч очсон өөрийгөө эхэлж цоллуулаад л барилддаг. Тэгэхээр хувь хүний спортоор улсынхаа нэрийг дэлхийд гаргана гэдэг бол сүйдтэй зүйл биш юм. Улсаа сурталчлах ажил болж ч чадахгүй. Тиймээс хувь хүний спортыг дэмжихээс илүүтэйгээр багийн спортыг хөгжүүлмээр байгаа юм.

Ядаж л багийн спортын клубүүд улсаараа овоглогддог биз дээ. Тэднийг дэлхий дахинд зарлахдаа нэг бүрчлэн нэрлээд байхгүй. Шууд л тэр улсын баг гэдэг шүү дээ. Английн “Манчестер сити”, Испанийн “Барселона” гэхчилэн хөлбөмбөгийн багуудыг дандаа улсыг нь эхэлж онцолдог. Багийн спортыг дэмжиж хөгжүүлье гээд байгаагийн учир нь энэ юм. Улсын нэр хүндийг тэргүүнд тодотгож, дараа нь баг хамт олныг цоллодог.

Багийн спортын бас нэг онцлог нь тамирчид бие биедээ тусалж, хамтарч сурдаг. Хувиа хичээсэн зан чанар ямар ч амжилт олохгүй гэдгийг ойлгуулдаг. Гэтэл монголчууд өөрөөсөө бусдыг хүн гэж үздэггүй. Танихгүй л бол ямар ч монгол байсан дайсан мэт үздэг байдал нь багийн спортыг хөгжүүлэхэд саад болж байна. Энэ бол бидний эмгэнэл. Монголчууд танихгүй ч гэсэн үндэстнээ өмөөрч, хамгаалж сурмаар байна. Монгол хэлээр ярьж байгаа нэгэндээ баярлаж, хайрлах хэрэгтэй. Тэгэхээр багийн спортыг хөгжүүлбэл цөөхөн хэдхэн монголчууд бидний зүрх нэг нэгнийхээ төлөө цохилдог, дэмнэж, дэмждэг тийм уур амьсгалыг бүрдүүлнэ дээ.

Монголд хувь хүний спорт ямар хөгийн байдгийг саяхан дуулиан болсон чөлөөтийнхний хулгайн хэрэг нүцгэн үнэнээр харууллаа. Бакуд болсон Алтан Гранпри тэмцээнээс ОУХМ Э.Бэхбаяр мөнгөн медаль хүртэж 5000 ам.доллараар шагнуулсан. Гэтэл тэрээр шагналынхаа 4200 ам.долларыг ирэх замдаа хулгайд алдсан хачирхалтай хэрэг гараагүй юу. Нэг групп болоод явсан чөлөөтийн тамирчдын дундаас нэг нь түрүүлээд их хэмжээний мөнгөн шагнал авсан нь бусдад нь огт хүртээлгүй. Тэгэх нь битгий хэл түүний дасгалжуулагч багшид нь ч хамаагүй. Энэ бол тухайн тамирчны л өмч болно. Тиймээс л ийм хулгайн хэрэг гарч байгаа юм шүү дээ. Болсон үйл явдлыг ажиглаад байхад мөнгөө алдсан нь ч, хулгай хийж байгаа нь ч тэр таарсан юм гэж хэн хүнд бодогдохоор. Яахаараа мөнгөө өөртөө хадгалж чадахгүй бусдад найдав. Хүүхэд шиг гэнэн занг нь далимдуулж нөгөөх нь мэхэлж л байдаг. Ёстой л харь дайснууд мэт бие биедээ хандацгаалаа. Өлсгөлөн нохдын өмнүүр мах баривал юу болдгийг энэ үйл явдал тод харуулсан. Спортод хувь хүний амжилт өөртөө дайсан хураадгийн нэг жишээ энэ. Адилхан бэлтгэл хангачихаад амжилтын оргилд бусдаасаа түрүүлж гарсан нэгэндээ атаархаж, жудаггүй авир гаргах нь олонтаа. Ер нь бол хувийн спорт тэмээний сүүл мэт өгөөжгүй байгаагийн тод жишээ л дээ. Харин тэдний оронд багаараа амжилт гаргасан тамирчид ямар их бахархалтай, ярих хууч зөндөөтэй ирцгээх байсан бол. Нэг удирдлаган дор, нэгдмэл байж гаргасан амжилтаа баяртайгаар ард түмэнтэйгээ хуваалцах нь лавтай. Иймээс л Монголд хувь хүний биш багийн спортыг дэмжиж, хөгжүүлмээр байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *