Categories
мэдээ нийгэм

Ирэх онд нийслэлд 17 цэцэрлэг, долоон сургууль барина

2016 онд нийслэлийн төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих, шинэчлэх сайжруулах ажлын зураг төсвийг боловсруулж дуусган, хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах юм байна.

Мөн нийслэлийн орон сууцны мэдээллийн цахим нэгдсэн сан байгуулж “Улаанбаатар хотын иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратеги”-ийг үе шаттайгаар хэрэгжүүлэх юм байна. Шинээр 15 мянган ажлын байр бий болгож, 20 мянган иргэнийг байнгын болон түр ажлын байраар хангана гэж заасан байна. Ажил, мэргэжилгүй 12 мянган иргэнийг мэргэжлийн болон давтан сургалтад хамруулж, “Гэрээт цэрэг-Ажлын байр“-ны хүрээнд цэргийн жинхэнэ алба хаасан залуучуудыг ажлын байраар хангана гэж тусгажээ.

Ирэх жил улсын төсвийн хөрөнгөөр найман цэцэрлэг, долоон сургууль барих юм байна. Мөн нийслэлийн төсвийн хөрөнгөөр 11 цэцэрлэг, концессоор зургаан цэцэрлэг, хоёр сургууль шинээр барина. Харин 68 байршилд иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэх аж.
Түүнчлэн Өвөр болон Ар гүнтийн автозам, Багануурын автозамыг шинээр барьж, Концессын гэрээгээр Нарантуул ОУХТ-ын баруун уулзвар болон төмөр зам дээгүүр гүүрэн гарц барих, Морингийн даваанаас Авто худалдааны цогцолбор хүртэл автозам гүүрийн хамт барих Орбит-Баянголын уулзвараас Найрамдал зуслан хүртэлх автозамыг шинэчлэх зэрэг бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэх юм байна.

Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, түргэн шуурхай болгох зорилгоор Төрийн үйлчилгээний төвийг Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт байгуулж, үйл ажиллагааг нь бэхжүүлнэ гэж Нийслэлийн ИТХ-ын 32 дугаар хуралдаанаас баталсан нийслэлийн 2016 оны эдийн засаг нийгмийн зорилтод тусгажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *