-ҮНДСЭН ХУУЛЬД МАШ ОЛОН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛГ НЭГ ДОР ОРУУЛАХ НЬ ТОМ ЭРСДЭЛ ДАГУУЛДАГ-
МУИС-ийн Хуульзүйн сургуулийн Нийтийн эрхзүйн тэнхимийн Үндсэн хуулийн эрхзүйн багш, доктор, дэд профессор Д.Гангабаатартай ярилцлаа.
-Сүүлийн үед Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ид ярьж байна. Улс орнууд ямар тохиолдлуудад Үндсэн хуульд гар хүрдэг юм бэ?
-1992 оны Үндсэн хууль өнгөрсөн хорь гаруй жил Монгол Улсыг ардчилсан замаар хөтөлсөн, үүргээ гүйцэтгэсэн сайн хууль. Ямар ч хуулийг засах, сайжруулах боломж байх ёстой. Үндсэн хууль тусгай статустай хууль тул нэмэлт, өөрчлөлт оруулахад процессын хувьд болон агуулгын хатуу шалгуур тавигддаг. Эдгээр шалгуурыг хангасан бол нэмэлт, өөрчлөлт оруулж болно.
Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хувьд хуульд заасан иргэдийн оролцоог хангах шалгуурыг хангах боломжгүй болоод байна. Иргэдийн оролцоог хангах гэдэг нь иргэний нийгмийн байгууллагууд, судлаачид, эрдэмтэд, иргэд төслийн талаар санал, бодлоо илэрхийлэхүйц хангалттай хугацаа байх ёстой. Сар гаруйхны дотор иргэд, судлаачдын оролцоог бүрэн хангах бололцоогүй.
УИХ төслийг гурван удаа хэлэлцэх ёстой. Төслийн хэлэлцүүлгийн үе шат хоорондын хугацааг иргэд, тэдгээрийн хамт олон, байгууллагад санал бодлоо илэрхийлэх боломж олгохуйцаар тогтоох ёстой юм. Сонгуулиас өмнө тийм хугацаа байхгүй болсон.
-Өөрчлөлт оруулна гэдэг нь манай Үндсэн хууль алдаатай явж ирсэн болж таарч байна уу?
-Хамгийн анхны гээд байгаа АНУ-ын Үндсэн хуульд 200 гаруй жилийн дотор 12000 нэмэлт, өөрчлөлт оруулах санал гарснаас 27-хон нэмэлт, өөрчлөлт нь батлагдсан байдаг. 1991 оноос хойш 842 нэмэлт, өөрчлөлт оруулах санал гарснаас нэг нь ч батлагдаагүй. Японы Үндсэн хууль 1947 онд батлагдсан цагаасаа хойш нэг ч удаа нэмэлт, өөрчлөлт оруулалгүй мөрдөж ирсэн. Энэ нь эдгээр улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах процесс хатуу шалгууртай байдагтай холбоотой. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал гарч байгаа нь Үндсэн хууль алдаатай гэсэн үг биш. Эс бөгөөс АНУ-ын Үндсэн хуульд 12000 нэмэлт, өөрчлөлт оруулах санал гарч байсан тул тун их алдаатай хууль болох нь ээ дээ. Нэмэлт, өөрчлөлт оруулах санал гаргах нь өөрөө аль ч улсад байдаг хэвийн үзэгдэл. Би үүнийг улс төрийн намууд, иргэд нийгэмд тулгараад байгаа бодит асуудлыг шийдвэрлэх гарц, арга зам хайж байгаагийн илрэл гэж харж байна. Төслийн томъёололд хэрэгтэй ч санаа байна. Бусад хуулиар зохицуулаад явж болохоор зохицуулалтууд, огт шаардлагагүй заалтууд ч тусгагдсан байна.
Яагаад сонгуулиас зургаан сарын өмнө Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглодог вэ. Сонгууль дөхөөд ирэхээр улс төрийн хүчнүүд Сонгуулийн хуулийг өөрт ашигтайгаар өөрчлөх, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэдэг нь аль ч улсад гарч болох үзэгдэл. Энэ үзэгдлээс болж, аль нэг нам, бүлгийн ашиг сонирхлыг илэрхийлсэн хөнгөн хуумгай нэмэлт, өөрчлөлт орохоос урьдчилан сэргийлсэн зохицуулалт юм. Нэг ёсондоо эрх мэдлийн төлөөх тэмцэл бидний үнэт зүйлсийг устгахаас сэргийлсэн хамгаалалт юм.
-Үндсэн хуульд байн байн өөрчлөлт оруулах нь ямар сөрөг зүйлүүдийг дагуулдаг вэ?
-Үндсэн хуульд дур зоргоор гар хүрээд байж болохгүй. Үндсэн хуулиар энэ нийгмийн үнэт зүйлс, улс орны язгуур ашиг сонирхлыг хамгаалж байдаг. Түр зуурын олонх нийгмийн үнэт зүйлст халдахаас сэргийлж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад тусгай шалгуур тавьдаг. Тухайн цаг үеийн шинжтэй асуудлыг шийдэхийн тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулбал нөхцөл байдал өөрчлөгдсөний дараа буцааж хүчингүй болгох шаардлагатай болдог.
Цэргийн албан хаагчид иргэний гэрт хүчээр орогнох явдал их байсан тул АНУ-ын Үндсэн хуулийн гуравдугаар нэмэлт өөрчлөлтөөр цэргүүдийг орон гэртээ байлгах эсэхээ шийдэх эрхийг иргэддээ олгосон. Тухайн үед цэргийн баазууд хомс байж. Цаг хугацаа өнгөрч цэргийн байнгын баазууд олноор байгуулагдаж, иргэний орон гэрт байрлах шаардлага байхгүй болсноор онцын шаардлагагүй гэгдэх нэг зүйл заалттай болсон гэх мэт жишээ олон байна. АНУ-ын Үндсэн хуулийн 18 дугаар нэмэлт, өөрчлөлтөөр архи зарж, борлуулахыг хориглосон. Удалгүй энэ нь сөрөг үр дагавартай нь харагдаж 21 дүгээр нэмэлт, өөрчлөлтөөр өмнөх нэмэлт, өөрчлөлтөө хүчингүй болгосон байдаг.
Сургууль болон олон нийтийн газарт бусдыг олноор нь буудаж хөнөөх явдал АНУ-ын хамгийн том асуудал болоод байна. Үндсэн хуулийнхаа хоёрдугаар нэмэлт, өөрчлөлтөөр буу зэвсэг хадгалах, хэрэглэх эрхийг олгосон. Энэ намуудын зөрүүтэй байр сууриас болоод өөрчлөгдөж чаддаггүй. Зохицуулж чадахгүй байсаар олон иргэний амь нас эрсдэлд орж байна. Тиймээс тухайн цаг үеийн шинжтэй асуудлыг шийдвэрлэхийн тулд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болохгүй. Ийм асуудлыг ердийн бусад хуулиар шийдвэрлэх ёстой.
Ялангуяа, манай Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт нэгэнт оруулсан бол найман жилийн дотор уг асуудлаар нэмэлт, өөрчлөлт дахин оруулахыг хуулиар хориглодог. Алдаатай нэмэлт, өөрчлөлт оруулбал дахин найман жил хүлээх хэрэгтэй болно. Хөнгөн хуумгай, яарч тэвдсэн байдлаар Үндсэн хуулийг хөндөх ёсгүй.
-Үндсэн хуулиас болоод төр хямраад байна гэж байгаа нь хэр үндэслэлтэй юм бэ. Ийм зүйл байдаг юм уу?
-Эрх мэдлийн гурван салаа мөчир өвөр хоорондоо зөрчилдөж, асуудлаа шийдэж чадахгүй болсны улмаас төрийн үйл ажиллагаа хэвийн явагдах боломжгүй болох тохиолдол бий. Аль нэг эрх мэдлийн салаа мөчир нь Үндсэн хуулиар олгогдсон эрх мэдлээ урвуулан ашиглах, Үндсэн хууль зөрчих, үндсэн хуулийн зүйл заалтыг харилцан адилгүй ойлгож тайлбарлах зэргээс үүдэн Үндсэн хуулийн хямрал буюу төрийн үйл ажиллагаа хэвийн явагдах боломжгүй болж, гацаанд орох тохиолдлыг бусад улсад Үндсэн хуулийн хямрал гэж нэрлэдэг.
Үндсэн хуулиар төрийн эрх мэдлийг тэнцвэртэй, харилцан хяналт тавих боломжтой байдлаар хуваарилдаг. Ингэснээр аль нэг эрхтэн дархтан хүний эрх, эрх чөлөөг дур зоргоор зөрчихөөс сэргийлдэг юм. Ингэснээр төрийн үйл ажиллагаа ил тод, нээлттэй, хяналттай хэвийн явагдах боломж бүрддэг. Харин Үндсэн хуулиараа эрх мэдлийг тэнцвэртэй, хяналт тавих боломжтой байдлаар хуваарилж чадаагүй үед Үндсэн хуулийн хямрал бий болдог.
Яг манайд Үндсэн хуулиас болоод хямрал бий болоод байна уу гэвэл үгүй. Хагас Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу гэдэг нь шийдэх ёстой асуудал. Засгийн газар тогтвортой ажиллах боломжтой байх ёстой. Бас л шийдэх ёстой асуудал. Аль, аль эрх мэдэл хуваарилахтай холбоотой, аль аль нь нэлээд дээрээс яригдаж байсан асуудлууд. Гэхдээ Үндсэн хуулийн хямрал болоод энэ сонгуулиас өмнө ямар ч аргаар хамаагүй нэмэлт, өөрчлөлт оруулахгүй л бол болохгүй болоод байгаа зүйл байхгүй. Энэ сард багтааж яаран нэмэлт, өөрчлөлт оруулахын тулд зарим хуулийг хүртэл өөрчлөх гэж байгаа нь хардлага төрүүлж байгаа. Сонгууль дөхөхөөр биш, аль эрт хуульд заасан процессын дагуу төсөл өргөн барьж болох л байсан.
-Үндсэн хуулийг өөрчилбөл бидэнд ямар ашигтай юм, өөрчлөхгүй бол ямар хохирол учрах юм?
-Үндсэн хуульдаа төрийн эрх мэдлийн хуваарилалтыг сайжруулж, парламентын засаглалыг бэхжүүлэх чиглэлээр өөрчлөлт оруулах шаардлага байгаа. Энэ асуудлыг шийдэх нэрийн дор өөр олон асуудлыг давхар оруулж байгаа нь буруу. Өөр, өөр бүлэгт хамаарах Үндсэн хуулийн зохицуулалтад нэмэлт, өөрчлөлт оруулахдаа тусад нь оруулж ирэх нь зүйтэй гэж хэлмээр байна. Ер нь Үндсэн хуульд маш олон нэмэлт, өөрчлөлтийг нэг дор оруулах нь том эрсдэл дагуулдаг. 2000 оны нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайд болон сайд нарыг томилоход тулгарсан бэрхшээлийг шийдвэрлэсэн боловч далбаан дор нь орж ирсэн бусад, нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хуулийн зохицуулалтыг дордуулсан.
Тиймээс бид үндсэн хуулийг өөрчлөх нь ашигтай юу, үгүй юү гэсэн ерөнхий асуудал ярих нь ач холбогдол багатай. Үндсэн хуулийн аль зүйл заалтад өөрчлөлт оруулах хэрэгтэй эсэх, шаардлагатай бол ямар томъёоллоор өөрчлөлт оруулах нь зүйтэй вэ гэж тодорхой зүйл заалтаар нь ярих хэрэгтэй.
-УИХ-ын зарим гишүүд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудалд шүүмжлэлтэй хандаж “Эхлээд улс төрийн намууд өөрсдөө шинэчлэгдэх ёстой” гэж үзэж, Үндсэн хууль халдашгүй байх ёстой гэх юм?
-Үндсэн хуулийнхаа тодорхой зүйл заалтыг халдашгүй, хөдөлшгүй зүйл заалт гэж хуульчлах практик улс орнуудад байдаг. Эдгээрт төрийн байгууламж, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай хамаатай заалтууд, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, эрх мэдэл хуваарилах зарчим, ардчилсан дэглэм зэрэг суурь үнэт зүйлс голдуу ордог. Ер нь бол УИХ-ын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эрхийг Үндсэн хуулиар УИХ-д олгосон. Үндсэн хуулийг сайжруулах, хөгжүүлэх боломж нээлттэй.
-Үндсэн хуулийг өөрчлөх үү, эс өөрчлөх үү гэдэг дээр ард түмний санал асуулга явуулахаар яригдаж байна. Та хуульч хүний хувьд ард түмний санал асуулга чухам ямар процесс болж өнгөрдгийг тайлбарлахгүй юу?
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ хэлэлцээд нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар ард нийтийн санал асуулга явуулах нь зүйтэй гэж тогтвол тогтоол гаргана. Тогтоолдоо эхлэх дуусах цаг хугацаа гэх мэт зохион байгуулах журмыг тодорхойлдог. Сонгуулийн эрх бүхий иргэдийн олонхи нь оролцож байж санал асуулга хүчинтэй болдог. Олонхийн саналаар зөвшөөрнө гэсэн санал авсан асуудлыг шийдвэрлэгдсэн буюу Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль батлагдсанд тооцно. Олонхи нь татгалзана гэж санал өгсөн бол уг хуулийг батлагдаагүйд тооцдог.
Ард нийтийн санал асуулгаар батлагдсан хуульд УИХ ямар нэгэн засвар, өөрчлөлт оруулах, Үндсэн хуулийн Цэц хянан хэлэлцэхийг хориглодог тул хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хамгийн лежитимет шинжтэй процесс юм.
-Ард түмний санал асуулгыг ямар хэлбэрээр, яаж явуулбал зүйтэй байдаг юм бол?
-Үндсэн хуулийн зарим зохицуулалтыг сайжруулах боломжтой. Гэхдээ одоо яригдаад байгаа шиг нэмэлт, өөрчлөлт оруулах зүйтэй эсэх тухай ерөнхий томъёоллоор санал асуулга явуулж болохгүй. Сайжруулах нэрээр олон зүйл заалтыг далбаан дор нь шургуулах боломж бүрдэнэ. Ингэж санал асуулга явуулбал хэлбэр төдий болно.
УИХ дээр зүйл, заалт бүрээр нь хэлэлцсэний дараа ард нийтийн санал асуулгаар мөн л зүйл заалт бүрээр нь санал авах шаардлагатай.
-Үндсэн хуульд оруулах нэмэлт,өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрх мэдэл хумигдаж, Ерөнхий сайдынх нэмэгдэнэ гэж ойлгогдохоор байгаа. Үүнийг зарим улстөрч хэн нэгний захиалгат ажил гэж харж байгаа. Хэрэв тийм бол Үндсэн хуулиа захиалгаар өөрчилж болно гэсэн үг үү?
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа улс төрийн аль нэгэн нам, бүлэг, давхаргын ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалахыг хуулиар хориглосон. Гэхдээ судлаачийн хувьд энэ нэмэлт, өөрчлөлтийн төслийн цаана хэн байна гэдгээс илүү оруулж ирсэн санал, томъёолол нь Үндсэн хуульт ёсны зарчимд нийцэж байгаа эсэх, судалгаанд үндэслэсэн эсэх ямар зорилготой, ямар үр дагавартай, үндэсний эрх ашиг, ард нийтийн эрх ашигт нийцэж байна уу гэдэг талаас нь харж байна.