Categories
мэдээ цаг-үе

С.Нарангэрэл: Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг шинжлэх ухааны үүднээс дэмжих боломжгүй

“Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлт ба шинжлэх ухаан” онол, арга зүйн хэлэлцүүлэг өчигдөр боллоо. Тус хэлэлцүүлгийг Шинжлэх ухааны Философийн хүрээлэнгийн хуулийн салбар, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн, судлаачид хамтран зохион байгуулсан аж. Энэ үеэр академич С.Нарангэрэлтэй ярилцлаа.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар гадуур янз бүрийн л яриа гарч байна. Харин энэ удаа эрдэмтэн судлаачид байр сууриа илэрхийлж байгаа нь зөв байх. Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар та ямар бодолтой явна вэ?

-УИХ-ын нэр бүхий 40 гаруй гишүүн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн барьчихлаа. Өргөн барина гэдэг бол үндсэндээ албан ёсны болж хэлэлцүүлэг хийхэд бэлэн болсон хэрэг юм. Бид хэлэлцүүлгээрээ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд шинжлэх ухааны дүгнэлт, шүүмж гаргах гол зорилгыг агуулсан. Юуны өмнө яг төсөлд бол урьдчилаад эрдэмтэд, судлаачдын дүгнэлтийг аваагүй юм билээ. Тийм учраас бид санал дүгнэлтээ зайлшгүй өгөх шаардлагатай.

-Судлаачид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар ямар байр суурийг илэрхийлж байна вэ?

-Нэмэлт, өөрчлөлт Үндсэн хуулийн гол гол үзэл баримтлал тэр тусмаа төрийн байгуулалтын үзэл баримтлал, нутгийн өөрөө удирдах ёс, Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж гэсэн зарчмын чухал асуудлуудад суурь өөрчлөлт оруулахад чиглэгдсэн. Үндсэн хуулийг бүхэлд нь хянах редакц хийсэн ийм төсөл болсон байна. Энэ төсөл батлагдах юм бол Монголын нийгэмд маш их сөрөг үр дагаврыг авчирна гэдгийг судлаачид маш нарийвчлан цохон тэмдэглэж байгаа. Бүхэлд нь аваад үзэхэд минийхээр бол Ерөнхий сайдын хэмжээгүй эрх мэдэлтэй улс төрийн дэглэмийг Монголд бий болгохоор болсон байна. Хэрвээ ийм дэглэм бий болговол дур зоргын авирлал газар авна. Мөн хүний эрх, эрх чөлөөний хамгаалалт суларна. Нөгөө талаар хамгийн осолтой юм бол ерөөсөө ардчилалд аюултай. Ард түмнийхээ үгийг сонсох, ард түмнийхээ олонхийн санал хүсэлтээр ялангуяа улс орныг удирдах, нийгэм эдийн засаг, нутаг дэвсгэрийн шинжтэй асуудлуудыг шийдвэрлэх боломж хумигдсан. Зөвхөн төв буюу Ерөнхий сайд асуудлыг дангаараа шийдвэрлэдэг ийм байдал руу орж болзошгүй нөхцөл байдал судалгаагаар тогтоогдож байна. Тийм учраас энэ төслийг шинжлэх ухааны үүднээс дэмжих боломжгүй гэсэн дүгнэлтийг хийж байгаа.

-Ерөнхий сайд хэмжээгүй эрхтэй болно гэлээ. Үүнийгээ жаахан тодруулахгүй юу?

-УИХ-ын сонгуулиар ялсан юм уу, олонхи болсон намын дарга Ерөнхий сайд болно. Тэр Ерөнхий сайд УИХ-тай зөвшилцөхгүйгээр Засгийн газрын бүрэлдэхүүнийг бүрэн хэмжээгээр буюу багаар нь оруулж ирж батламжлуулна. Тэгээд Ерөнхий сайд хэзээ дуртай үедээ өдөр болгон ч хамаагүй Засгийн газрын гишүүдээ өөрчлөх ийм байдал руу орно. Үүнд УИХ хяналт тавьж чадахгүй. Уг нь бол УИХ-ын төсөл өргөн барьсан зарим гишүүд Засгийн газар, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд тогтвортой ажиллахгүй байна гэдэг үндэслэлээр л оруулсан шүү дээ. Үзэл баримтлал гэсэн танилцуулга дээрээ 1992 оны Үндсэн хуулиас хойш Ерөнхий сайдыг хэдэн удаа, Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанаас нь өмнө хэдэн удаа, Засгийн газрын гишүүдийг хэдэн удаа өөрчилсөн тухай жагсаалт гаргасан байна. Гэхдээ тэр жагсаалтад ямар шалтгаан, үндэслэлээр өөрчлөх болсон гэж байхгүй. Тэр жагсаалтад хийсэн миний дүгнэлтээр бол жишээлэхэд Засгийн газрыг арван удаа, Засгийн газрын гишүүнийг арван удаа өөрчлөх саналыг парламентын зарим гишүүд УИХ-д оруулж хэлэлцүүлж байсан. Тэрний зөвхөн хоёрыг нь УИХ-ын олонхи зөвшөөрсөн. Найман Засгийн газрын гишүүнийг өөрчлөөгүй цаашаа явсан. Тэгэхээр өнгөрсөн 15 жилд УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүдийг тогтвортой ажиллуулах байр суурийг баримталсан байна гэдэг нь харагдаж байгаа юм.

-Ерөнхийлөгчийнхөө эрх хэмжээг багасгаад, УИХ-ын гишүүдийн тоог олон болгох тухай өөрчлөлтөд тусгахаар төлөвлөсөн байна л даа. Энэ нь манай улсын хувьд хэр нийцтэй юм бол?

-УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх хамгийн гол үндэслэл бол манай улсын хамгийн идэвхтэй буюу сонгох эрх бүхий иргэдийн тоо юм. Жишээлбэл, өнөөдөр төрж байгаа хүүхдийг энэ тоонд оруулж болохгүй шүү дээ. Сонгуулийн эрхтэй хүн гэдэг нэгдүгээрт 18-аас дээш настай, ухаан мэдрэл бүрэн байх ёстой. Шоронд ял эдэлж байгаа 10 мянга орчим хүн нийгмээс тусгаарлагдсан шалтгаанаар санал өгөхгүй. Ингээд тооцож үзвэл сая гаруй хүн болно. Магадгүй хэвтэрт байгаа үхлүүт хүн санал өгөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болчихно. Тиймээс гурван сая биш харин сая гаруй идэвхтэй хүний төлөөллийг сонгох ёстой. Тэр төлөөлөл 76 байх нь хангалттай. Түүнчлэн одоо төсөл санаачлагчдын баримталсан үзэл баримтлалд дүгнэлт хийхэд Монгол Улс цаашдаа ерөөсөө олон толгойтой байж болохгүй. Нэг толгойтой өөрөөр хэлбэл эзэнтэй байх ёстой гэсэн санаа явж байна. Энэ төслөөр бол Ерөнхий сайдын хэмжээгүй эрхтэй нэг хүний засаглалыг бэхжүүлэх чиглэл рүүгээ явчихсан байгаа юм. Үүнээс үндэслээд эрдэмтний хувьд миний бие ямар дүгнэлт хийж байна вэ гэвэл ерөөсөө УИХ-ын гишүүд Монгол Улсад Ерөнхийлөгчийн засаглал тогтоохоос өөр аргагүй болж байна гэдгийг битүү үгээр хүлээн зөвшөөрчихсөн байна. Түүнийгээ харин Ерөнхий сайдын хязгааргүй эрхийг бэхжүүлэх ийм чиглэлээр гаргажээ. Миний бодож байгаагаар бол магадгүй 2016 оны сонгуультай хамт ч юм уу бүх ард түмний санал асуулгыг хийх хэрэгтэй. Тэгэхдээ Монгол Улс цаашид ийм олон толгойтой парламентын засаглалтай байх. Эсвэл хяналт сайтай Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу гэдгийг санал асуулгаар шийдээд ард түмэн аль талд саналаа өгнө, тэр дээр нь үндэслэж Үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй. Энэ нь улс орны хөгжил дэвшилд хамгийн ашигтай, ирээдүйтэй хувилбар байж болох юм.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг явуулахдаа иргэдээс хэрхэн санал авах ёстой вэ. Зарим хүмүүс заалт бүрээр нь санал авах ёстой гэсэн байр сууриа илэрхийлж байсан?

-Одоо санал асуулгыг Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагатай юу, үгүй юу гэж явуулчих гээд байна. Ингэж болохгүй. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай өргөн барьсан төслөө УИХ хууль батлагдах бүх шатандаа хэлэлцэх ёстой. Тэгээд эцсийнхээ үр дүнд үнэхээр өөрчилье гэж байгаа бол “Одоо бид ийм өөрчлөлт хийх гэж байна. Үүнийг ард түмэн дэмжих үү” гэдгээр заалт бүрээр нь санал асуулга хийх ёстой. Тэгж байж жинхэнэ ард түмний хүсэл зориг гарна. Угтаа бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий юу гэвэл байгаа. Энэ бол мөнхийнх шүү дээ. Түүнийгээ бодоод ард түмэн тийм, үгүй гэсэн санал асуулгад шаардлагатай гээд өгчих юм бол өнөө Ерөнхий сайдын хэмжээгүй эрх зэрэг одоо өргөн бариад буй өөрчлөлтийг нь дэмжсэн байр суурь руу орчих гээд байгаа юм.

-Ерөнхий шүүгчийг Улсын Дээд шүүхийн шүүгчид нууц санал хураалтаар сонгодог болох тухай өөрчлөлт явж байгаа юм билээ. Энэ талаар юу хэлэх вэ?

-Одоо бол Дээд шүүхийн шүүгчдийг УИХ-аар заавал зөвшөөрүүлдэг байдалтай байна. Энэ чинь улс төр орно гэсэн үг шүү дээ. Ялангуяа Дээд шүүхийн ерөнхий шүүгчид бол монголд шүүн таслах ажиллагааг авч явдаг, бодлогыг зангиддаг гол хүн. Одоогийн Дээд шүүхийн шүүгчид дотроосоо нэгнийгээ сонгодог түүнийгээ нууц байлгах энэ тогтолцоог бэхжүүлсэн байна. Уг нь цаашдаа ганц Дээд шүүхийн шүүгчдээ ч биш Монголд байгаа үнэхээр чадалтай шударга, Монголын шүүхийг манай ард түмний хүсч байгаачлан ёстой өнөө ариун шударгын сүм болгож чадах ийм хүнийг Дээд шүүхийн гадна байлаа ч томилох боломжийг бий болгож өгөх ёстой. Тэгэхгүй бол дэндүү их явцуурчихсан байна.

Ж.БАЯРСАЙХАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *