Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбаттай ярилцлаа.
-Бондын зарцуулалтыг шалгасан ажлын хэсэг дэх МАН-ын бүлгийн гишүүд мэдээлэл хийсэн. Энэ талаар ярилцлагаа эхэлье?
-Сүүлийн үед манай байгууллагатай холбоотой ташаа мэдээлэл олон нийтэд цацагдаж байна. УИХ-ын Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан олон улсын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт, хэрэгжилтийн явцтай танилцаж дүгнэлт гаргах чиглэл бүхий хамтарсан ажлын хэсгийн хурал болох байсан ч болсонгүй. Гэвч энэ үеэр тараасан тараах материалд манайхтай холбоотой буруу мэдээлэл байсан. Үнэндээ тус хамтарсан ажлын хэсэг Хөгжлийн банкийг шалгах бус Чингис бондын арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт, санхүүжүүлсэн төсөлд үнэлэлт өгч, холбогдох байнгын хороонд танилцуулах байсан. Гэтэл Хөгжлийн банкийг шалгаж буй мэт ташаа мэдээлэл олон нийтэд цацаж байна. Хөгжлийн банк улс төрөөс хараат бус байгууллага. Улс төрийн хүчин асуудлыг мушгин гуйвуулж байгаад харамсалтай байна. Өөрөөр хэлбэл, байнгын хорооны гишүүдэд тараасан материалд үндэслэлгүй зүйл бичсэн байна лээ. Мөн зөвхөн нэг улс төрийн хүчин өөрийн байр суурийг тусгасан байгаа юм. Үүнээс гадна Сангийн яамны ажлын хэсгийн шалгалтын материал гэсэн учир битүүлэг юм явж байгаа. Бид энэ талаар тус яамнаас тодруулахад “мэдэхгүй” гэсэн хариулт өгсөн. Тиймээс хаанаас ийм материал гаргаж ирснийг бид тодруулахаар ажиллаж байна.
-Ажлын хэсгийн дүгнэлтэд Хөгжлийн банк УИХ-аар батлаагүй, зөвхөн Засгийн газраас баталсан төслийг санхүүжүүлсэн нь хууль зөрчсөн гэж байсан. Энэ ямар учиртай юм бэ?
-Ажлын хэсгийн дүгнэлт гэсэн материал байхгүй шүү дээ. Энэ бол зөвхөн улс төрийн хүчний боловсруулсан бичиг баримт. Тэгэхээр ажлын хэсгийн дүгнэлт гэж үзэх боломжгүй. Тэгэхээр тус тайланд дурдаад байгаа зүйлийг Үндэсний аудитын газраас шалгах ёстой. Уг нь аудитын газар хоёр удаа шалгаад албан ёсны дүгнэлтээ гаргасан. Тэрийг нь албан ёсоор УИХ-д танилцуулж, олон нийтийн сайтад нь байршуулсан. Хөгжлийн банк хуулийн дагуу зөвхөн УИХ, Засгийн газраас баталсан төслүүдийг л санхүүжүүлдэг. Түүнээс огт гажаагүй. Одоог хүртэл бид үүгээрээ л явж байна.
–Гэхдээ аудитын газраас гаргасан хоёр дүгнэлт зөрсөн гэсэн?
-Хоёр тайлангийн нэг нь 2013 онд гарсан, нөгөөх нь 2014 оныг дамжаад 2015 онд эцэслэгдсэн тайлан байдаг. Бид аудитын газарт танайх зөрчилтэй тайлан гаргасан юм уу гэсэн хүсэлтээ албан ёсоор тавьчихсан байгаа. Ер нь хоёр байгууллагын хоорондох материалыг ажлын хэсгийн гишүүд олж аваад тайландаа нэгтгэчихсэн нь сонин байна. Тэгээд ч энэ үндэслэлтэй материал биш.
-Увс аймагт зам тавьсан компани хоёр тэрбум төгрөгөөр ажил хийсэн байхад Хөгжлийн банк 10 тэрбум төгрөг шилжүүлсэн гэх асуудал гарсан. Үүнд тайлбар өгөөч?
-Зарим сонин хэвлэлд гаргасан үндэслэлгүй материалыг ашигласан байсан. Энэ асуудлаар тайлбар өгөөч гэж “Гудамж” төслийнхөнд хандсан. Улмаар бид өөрсдөө ч судалгаа хийсэн. Сангийн яамны шалгалт гэж нэрлээд буй материалд буруу ойлголтоор орсон байсан. Хоёр тэрбум төгрөгийн зам нь “Гудамж” төслийн ажилд ороогүй, орон нутгийн хөрөнгөөр барьсан зам. Шал ондоо ажлыг андуурчихсан байгаа юм. Гэтэл “Гудамж” төсөлд хамаагүй ажлыг холбож, алдаатай материалыг шууд авч, УИХ-ын түвшинд гаргаж, олон нийтэд ташаа мэдээлэл өгч байна.
-“Чингис”, “Самурай” бондын хөрөнгийг улсын төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулсан юм уу?
-Улсын төсвийн алдагдлыг бондын мөнгөөс нөхөх ямар ч боломжгүй. Бид холбогдох тогтоолын хүрээнд Засгийн газрын бондод тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Гэхдээ зөвхөн өөрийн хөрөнгөөсөө. Угаасаа ч Засгийн газрын тогтоолд “Чингис” бондын мөнгөөр болохгүй, зөвхөн Хөгжлийн банкны өөрийн босгосон мөнгөөр хөрөнгө оруулалт хийнэ” гээд тодорхой заачихсан байдаг юм. Тодруулбал, бид арилжааны банкны хадгаламжаас арай өндөр хүүтэйгээр байршуулах замаар тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Харамсалтай нь үүний дагуу хөрөнгө оруулалт хийсэн ч үүнтэй холбоотой хэл ам гарсан учраас болиулсан.
-Үүнээс гадна ажилчдаа гадаадад өндөр төлбөртэй эмнэлгийн үзлэгт хамруулсан гээд байгаа?
-Манайх улсын төсвөөс нэг ч төгрөгийн санхүүжилт авдаггүй. Өөрийн үйл ажиллагааны орлогоороо санхүүждэг учраас ХХК гэж болно. Сүүлийн гурван жилд манай ажилчид 250 орчим тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Хөгжлийн банк байгуулагдсан эхний хоёр жилд Солонгосын банк энэ банкийг удирдаж байсан. Харин удирдлагыг монголчууд өөрсдөдөө шилжүүлж авснаас хойш ашигтай ажиллаж байгаа. Бүр өндөр ашигтай шүү. Өнгөрсөн онд манайх шилдэг татвар төлөгч болсон. Тийм ч учраас бид ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх ёстой. Тэр хүмүүс бүхий л хүчин чармайлтаа ажилдаа зарцуулж байхад удирдлагууд нь нийгмийн асуудлыг нь шийдэх нь зүйн хэрэг. Тэгээд ч манай ажилчид гадаадын эмнэлэгт үзүүлээгүй. “Гранд мед” гээд дотоодын эмнэлэгтээ үзүүлсэн. Үүний төлбөр нь нийтдээ 40 орчим сая төгрөг болсон байдаг. Манайхтай ижил үйлчилгээтэй банкууд 1000 гаруй ажилчинтай байдаг.
Харин манайх 100 ажилтантай. Тэд маань ажлын ачаалал ихтэй байдаг. Иймэрхүү зүйлийг жижиг, явган улс төрөөр харлуулж болохгүй.
-Тэгвэл буцалтгүй тусламж өгсөн гээд байгаа нь ямар учиртай юм бэ?
-Буцалтгүй тусламж биш. Бид хөнгөлөлттэй зээл маягаар асуудлыг шийддэг. Ер нь аливаа байгууллага, иргэний нэр хүндийг унагах зорилгоор гүтгэх асуудал Монгол Улсын хуулиар хориотой байдаг. Тэгэхээр нэг улс төрийн хүчин асуудлыг ингэж мушгин гуйвуулж байгааг бид хуулийн дагуу арга хэмжээ авахуулна. Угаасаа ч үүнээс өөр сонголт байхгүй.
Ж.БАЯРСАЙХАН