УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 09.00 цагт товлогдсон байсан ч гишүүдийн ирц бүрдэхийг хүлээсээр 10.10 цагт эхэллээ.
Хуралдааны эхэнд УИХ-аас өмнө нь баталсан нэр бүхий хуулиудын эцсийн найруулгыг сонслоо.
Улмаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж эхлээд байна.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нарны зайн үйлдвэрүүдийн үйл ажиллагааг дэмжих, хэрэглэгчдийг дотооддоо үйлдвэрлэсэн, чанарын шаардлага хангасан, хямд үнэтэй бүтээгдэхүүнээр хангах үүднээс сэргээгдэх эрчим хүчний бүтээгдэхүүн /нарны зайн дэлгэц/ үйлдвэрлэх түүхий эдийг импортын татвараас чөлөөлөхөөр дээрх хуулийн төсөлд тусгасан байна. Тодруулбал, сэргээгдэх эрчим хүчний (нар, салхины) тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслүүд, сэлбэг, үйлдвэрлэлийн түүхий эдийг импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлснөөр хэрэглэгчдэд борлуулах бүтээгдэхүүний үнэ буурч, зах зээл дээрх эрэлт бий болсноор, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн хөгжилд түлхэц болох ба айл, өрх, жижиг, дунд хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэх давуу тал үүснэ гэж төсөл санаачлагчид мөн үзэж байна.