Categories
мэдээ цаг-үе

КИНО ЕРТӨНЦ: Mission: Impossible-Rogue NationMission: Impossible-Rogue Nation

Кино урлагийн түүхэн дэх хамгийн алдартай бөгөөд ашиг орлогоороо тэргүүлэгч франчайзуудын нэг Mission: Impossible буюу Биелэгдэшгүй даалгавар цувралын сүүлийн анги Юнивишнийн Холливууд Бокст нэмэгдлээ.

1966-1973 оны хооронд цацагдаж байсан Америкийн телевизийн тагнуулын сэдэвтэй ижил нэрт цувралаас сэдэвлэсэн энэ франчайзын эхний анги 1996 онд гарсан нь чамгүй өндөр орлого олсон тул 2000-2015 оны хооронд дахин дөрөв, нийт таван ангийг бүтээхэд хүргэжээ. Бүх ангийн гол дүр тусгай ажилтан Итан Хантад Холливуудын од Том Круз тоглож өөрийгөө энэ дүрээр дархалж чадсан юм.

Тус франчайзын Mission: Impossible – Rogue Nation буюу Биелэгдэшгүй даалгавар: Сөрөгчид хэмээх сүүлийн ангийг Кристофер МакКуарри найруулж, Том Круз гол дүрийн жүжигчнээс гадна продюсерээр ажиллажээ. Харин туслах дүрүүдийг Жэрэми Рэннэр, Саимон Пэг, Рэбэкка Фэргүсон нар бүтээсэн. Парамаунт кино компанийн зүгээс шинэ ангийг Дрю Пирсийн зохиолоор бүтээх болсныг зарлаад өмнөх ангид тоглосон Жэрэми Рэннэр, Саимон Пэг, Вин Рэимс нар энэ ангид тоглохоор болсны дараа шинээр Алек Болдвин, Шон Харрис, Саимон МакБүрни, хятадын жүжигчин Жан Жинчү нар нэмэгдсэнийг мэдэгджээ. Харин зохиолыг найруулагч Кристофер МакКуарри өөрөө бичихээр болсон байв.

Зураг авалт 2014 оны наймдугаар сард Австрийн Веннад эхэлж, Марокко, Их Британид үргэлжилж 2015 оны гуравдугаар сард дуусчээ. Хөгжмийн зохиолыг Жои Крамэр бичсэн бөгөөд тэр найруулагч МакКуарритай өмнө хоёр ч бүтээл дээр хамтарсан туршлагатай.

Кино компанийн зүгээс Биелэгдэшгүй даалгавар: Сөрөгчид киног энэ жилийн Зул сарын баяраар нээхээр төлөвлөж байсан ч хугацааг долдугаар сарын 31-нд болгон урагшлуулжээ. Үүний учир нь Жэимс Бонд-ын шинэ анги Спектр, Оддын дайн: Сэргэлт кинонуудтай зэрэгцэхээс болгоомжилсон хэрэг. Америк, Канад улсуудад тус кино долби кинотеатруудад гарсан Парамаунт кино компанийн анхны бүтээл болсон. Мөн энэ үеэр сүүлийн жилүүдэд эрчтэй нэмэгдэж байгаа үзэгчдийн очих дуртай аймакс кинотеатрийн форматад хөрвүүлсэн киногоо гаргахаа Парамаунтын зүгээс мэдэгджээ. Тус кино нээлтээ хийхээс 13 хоногийн өмнө дууссан нь хугацаа нь хэтэрхий тулсан явдал болсон хэмээн кино компанийнхан үзэж байжээ. Энэ нь ч аргагүй юм. Учир нь нээлтийн хугацаа нь хэдийнээ товлогдсон энэ бүтээл хугацаандаа амжихгүй бол Парамаунт кино компанийн зүгээс киноны сурталчилгаанд зарцуулсан 42 сая ам.доллар салхинд хийсэх аюултай байлаа.

Зуун тавин сая ам.доллараар бүтсэн Биелэгдэшгүй даалгавар: Сөрөгчид кино Хойд Америкийн зах зээлээс 195 сая, олон улсаас 487, нийт 682 сая ам.долларын орлого олж, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ хүртэж чаджээ.

Mission Impossible – Rogue Nation

Paramount Pictures

CIA-ын дарга Ethan Hunt-ын удирддаг багийг тараах шийдвэр гаргана. Учир нь тэрээр Ethan-ыг бүх ажиллагааны ард нуугдаж буй хэмээн итгэсэн байдаг. Ингээд Ethan болон түүний багийнхан байдаг хэсэг нь ч мэдэгдэхгүй Syn­dicate хэмээх байгууллагын үйл ажиллагааг илчлэх ээлжит даалгаварт сайн дураараа нэгдэцгээнэ.

Phenomenon

Walt Disney

George Malley бол авто механикийн жижиг дэлгүүр ажиллуулдаг энгийн л нэг залуу. Найзуудын хамт төрсөн өдрөө тэмдэглэж дуусаад гэрлүүгээ харьж явах замдаа тэрээр тэнгэрт хурц гэрэл олж хардаг. Энэ гэр түүний IQ-г өсгөж, тэрээр газар хөдлөлт болон бусад аюулын талаар хүмүүст хэлнэ. Гэвч жижиг тосгоны хүмүүст шинэ George таалагдахгүй бөгөөд түүнийг хуурамч, худалч нэгэн хэмээн тэд дургүйцдэг.

Pixels

Sony Pictures

Sam Brenner, Will Cooper, Ludlow Lamonsoff, болон Eddie нар хамтдаа видео тоглоом тоглож өссөн найзууд юм. Харин одоо насанд хүрсэн томчууд болсон тэд дэлхийг аврахын тулд дахин нэг удаа хамтдаа багадаа тоглож байсан тоглоомоо тоглох хэрэгтэй болно.

Signs

Walt Disney

Номлогч Graham Hess эхнэрийнхээ ослын дараа бурханд итгэх итгэлээ алдаад байлаа. Тэрээр өөрийн хүүхдүүд болон дүүгийн хамт ферм эрхэлдэг байшин худалдан авч, тэндээ амьдардаг. Нэгэн шөнө гэрийнхэн гадаа хачирхалтай чимээ сонстох бөгөөд харийнхан түүний тариалангийн талбайд тэмдэгээ үлдээн явсан байна.

The Exorcism of Molly Hart­ley

20th Century Fox

Molly Hartley 2 хүн хөнөөсөн гэдгээ санахгүй байх бөгөөд түүнийг сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтүүлэн эмчилнэ. Түүний дотор байгаа чөтгөр Molly-н биеийг бүхэлд нь залгихаас өмнө түүнийг аврах ёстой байлаа. Molly-н эцсийн найдвар нь нэгэн санваартаны уншлага байж чадах болов уу?

Face

CJ Entertainment

Гавлын ясны тусламжтай хохирогчдын нүүр царайг сэргээх ажилтай Hyun-min учир битүүлэг хэргийн мөрөөр ордог. Цуврал аллага үйлдсэн хэрэгтнийг олуулахын тулд хохирогчдын нэгнийх нь сүнс түүнтэй холбоо тогтоож байгаа талаар уг кинонд өгүүлэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *