Categories
мэдээ улс-төр

Нэг тэрбум ам.долларын зээлийг батлав

УИХ-ын
чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Экспорт,
импорт банк хооронд байгуулах нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий
хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 84 хувь
дэмжсэнээр батлагдлаа. Засгийн газар уг зээлийн 703.5 сая ам.долларыг Эгийн гол
усан цахилгаан станц төсөл хэрэгжүүлэхэд, 102.5 сая ам.долларыг Улаанбаатар-
Мандалговь цахилгаан станцын агаарын шугам барихад, 40 сая ам.долларыг Эрдэнэт
станцын дулааны шинэчлэлд, 40.8 сая ам.долларыг Гацуурт уулзварын авто замын
өргөтгөлд, 66.2 сая ам.долларыг мах боловсруулах үйлдвэр байгуулахад, 20 сая
ам.долларыг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд тус бүр зарцуулахаар
төлөвлөсөн байна. Нөхцөлийн хувьд зээл нь жилийн хоёр хувийн хүүтэй, нийт 20
жилийн хугацаанд эргэн төлөхөөс эхний 7 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Эгийн гол станц барих асуудал
1990-ээд оны дунд үед ярьж байсан, ухарсан. Азийн хөгжлийн банктай ярьсан зээл
өгнө гэсэн тэр чимээгүй болсон. Хятадаас авах 300 саяар тохироод байтал
С.Баярын Засгийн газар байгуулагдсаны дараа өөр зүйлд зарцуулахаар болсон. Одоо
нэг тэрбум зээлийн 80 орчим хувийг зөвхөн Эгийн гол станцад зарцуулах нь.
Юунаас болоод урьдах зээлүүд буцаад байсан юм бэ. Станцаа босгоод авбал
хэрэгтэй. Гэхдээ оросууд Эгийн голыг дэмжихгүй байгаа юм шиг зүйл яриад байна.
Үүн дээр ойлголцсон уу? Энэтхэгийн ерөнхий сайд Моди ирээд нэг тэрбумын зээл
амлаад алга ташуулаад явсан. Ажлын явц ямар байна вэ?” хэмээн асуув. Үүнд
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт хариулахдаа “Эгийн голын
усан цахилгаан станц УИХ-аар гурван удаа, Засгийн газрын төвшинд гурван удаа
яригдсан. 10, 10 жилийн хугацаатай яригдан унаж байсан. ТЭЗҮ нь хамгийн сүүлд
2010 онд шинэчлэгдсэн. Бүх тооцоо судалгаа гарсан. Цахилгаан станцыг зургаан
жилийн дотор барина, 11 жилийн дотор өртгөө нөхнө. Улс төрийн болон тухайн
үеийн тарифтай холботойгоор энэ асуудал эргэж буцаж байсан. ОХУ-ын зүгээс
Байгаль нуурт цутгаж байгаа хоёр гол дээр Монгол усан цахилгаан станц барих гэж
байна гэж ЮНЕСКО зэрэг олон улсын холбогдох байгууллагад хандсан. Дэлхийн өвийн
хорооны 39 дүгээр хурал болоход энэ үеэр Сэлэнгэ мөрний Байгаль нуурт үзүүлэх
нөлөө байхгүй, урсгалд нь нөлөөлөхгүй гэсэн дүгнэлтийг олон улсын зөвлөх
компани гаргасан. Энэ дүгнэлтээ ЮНЕСКО-д танилцуулсан. Оросууд Шүрэнгийн усан
цахлигаан станц дээр асуудал ярьдаг. Энэтхэгийн зээлийн асуудлын тухайд Ерөнхий
сайд дээр ажлын хэсэг гараад ажиллаж байна. Хэд, хэдэн удаа яамдуудтайгаа
ярилцсан. Энэтхэгийн зүгээс зээлээ дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт хийнэ,
ингэхдээ өөрийгөө нөхөх чадвартайд хийнэ гэсэн саналтай байгаа. Гэхдээ 18 сарын
дотор багтаан төслөө өгөхгүй хүчингүй болох зээл. Энэтхэг улстай Монгол Улс
зээлийн харилцаан дээр муу түүхтэй. 20 сая ам.долларын зээлийг маш удаан
хугацаанд хийсэн. Маш сайн ярилцах шаардлагатай. Энэтхэгийн талын оролцоо өндөр
учраас нарийвчлах шаардлагатай. Төрийн зүгээс хязгаарлахгүй байгаа. Зээлийг
Ерөнхий сайдын зөвлөлөөр танилцуулсан. Эрчим хүчний болон дэд бүтцийн
чиглэлийнх байвал зүгээр байна асуудал яригдсан. Ирэх арванхоёрдугаар сард
Гадаад хэргийн сайд Энэтхэгт айлчлал хийнэ. Тэр үед саналаа хүргүүлэх ёстой”
гэв. Үүний дараа нь Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын
тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн
тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг
хийж байгаад завсарлалаа. Энэ асуудлаар үдээс хойш эхлэх чуулганы нэгдсэн
хуралдаанаар санал хураах боллоо. Чуулганы үдээс хойшхи хуралдаан 14.00 цагаас
үргэлжилнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *