Нийслэлийн ИТХ-ын ээлжит 32 дугаар хуралдаан өчигдөр болж, нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтын хэрэгжилт, нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2016 оны зорилт, Нийслэлийн өмчөөс 2016 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт, 2014, 2015 оны хувьчлалын жагсаалтаас хасах тухай, “Нийслэлийн өмчийн концессын жагсаалт”, Нийслэлийн 2015 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, нийслэлийн 2016 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөө, нийслэлийн 2016 оны төсвийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуралдаанд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид асуулт асууж, санал хүсэлтээ илэрхийлэв. Эдгээр асуудлыг нийслэлийн ИТХ-ын Хот байгуулалт дэд бүтцийн хороо, Ухаалаг Улаанбаатар хөгжлийн хороо, Нийгмийн бодлогын хороо, Байгаль орчин, экологийн хороо, Хууль зүй, төрийн байгуулалтын хороо, Төсөв санхүү, эдийн засгийн хороо, Өргөдөл гомдлын хороод хэлэлцэж, энэ сарын 30-ны өдөр буюу Даваа гарагт нийслэлийн ИТХ-ын хуралдаанаар дахин хэлэлцэх юм.
Харин нийслэлийн ИТХ-ын ээлжит 31 дүгээр хуралдаан энэ сарын 23-нд болж нийслэлийн 2014 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай, 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн батлах байсан ч НИТХ дахь МАН-ын бүлэг уг асуудлаар ажлын гурав хоногийн завсарлага авсан юм. НИТХ ээлжит 31 дүгээр хуралдаан өнөөдөр үргэлжлэх бөгөөд уг асуудлыг дахин хэлэлцэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.