Монголын мэргэжлийн тулаанч Legend FC холбооны хөнгөн жингийн аварга, “ONE” холбооны хагас хөнгөн жингийн дэлхийн аварга Ж.Нарантунгалаг өнгөрсөн жил дэлхийн аварга болсноосоо хойш анхны тулаанаа өчигдөр ОХУ-ын тулаанч Марат Гафуровын эсрэг хийлээ. Харамсалтай нь Ж.Нарантунгалаг маань өрсөлдөгчийнхөө боох мэхэнд орж, ухаан алдснаар тэмцээнээ ялагдлаар өндөрлөсөн байна.
Ж.Нарантунгалаг энэхүү тулааныхаа талаар “”Марат Гафуров жиү жицү, боксоор хичээллэж байсан тамирчин. Надтай хэвтээгээс тулалдахаар төлөвлөж байгаа болов уу. Би эхний үед аль болох босоогоос тулалдахыг зорьж байна. Түүнийг цуцаж эхлэхээр хэвтээгээс тулалдах байх. Түүний хувьд бяртай, хурдтай тамирчин гэдэг тулаануудаас нь харагдаж байна” хэмээн хэвлэлд ярилцлага өгч байжээ.
Тэдний тулаан өчигдөр БНХАУ-ын Бээжин хотод болсон бөгөөд Ж.Нарантунгалаг энэхүү тулааны бэлтгэлээ эх орондоо базаагаад Бээжинг зорьсон юм.