Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх, хяналт тавих журмыг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд нийслэл, дүүргийн холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс тулгамдаж буй асуудлаар санал авах хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, дүүргүүдийн холбогдох албаныхан оролцов. Шинэчилсэн журмын төсөл нь тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлдэг байсан 8 төрлийн баримт бичгийг 3-4 болгон цөөрүүлж, тусгай зөвшөөрөл олгох шат дамжлагыг багасгаж, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нэг цэгийн үйлчилгээнд хандаж зөвшөөрлөө авах боломжтой болгосон.
Хүсэлт гаргагч шинээр үйл ажиллагаа эхлэхээс өмнө нэг цэгийн үйлчилгээний Хүнс худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтнээс мэргэжлийн зөвлөгөө авч, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх тохижилт хийж, хотын албан татвар суутгагчаар бүртгүүлсэн байна. Тухайн дүүргийн харьяалах татварын албанд татвар суутгагчаар бүртгүүлээгүй болон суутгасан татварын тооцоо хийгээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх болон хүчингүй болгох юм.
Журмын хэрэгжилтэд мэргэжлийн хяналт болон цагдаа, онцгой, татварын байгууллагууд чиглэлийн болон төлөвлөгөөт шалгалтыг хийж тогтмол хяналт тавьж ажиллах юм.