Египетийн Синайн хойгт осолдсон Оросын зорчигч тээврийн онгоц “Airbus A321”-ийг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл сүйрүүлсэн болохыг “CNN” агентлаг мэдээллээ. Энэхүү мэдээллийг ОХУ-ын Аюулгүй зөвлөлийн дарга Александр Бортников баталсан байна. Тэрбээр өчигдөр онгоц гадны нөлөөтэй сүйрсэн болохыг Ерөнхийлөгч В.Путинд мэдэгдэж “Онгоц хөөрөхөөс өмнө хэт даврагчид хөдөлгүүрийн хэсэгт нэг кг орчим тэсрэх бөмбөг байршуулсан. Тэд онгоцыг өндрөө авсны дараа дэлбэлсэн. Онгоцны сэгийг шалгаж буй олон улсын шинжээчид онгоцыг сүйрүүлсэн тэсрэх бөмбөгний ул мөрийг олсон” хэмээн хэлжээ.
Тэсрэх бөмбөг онгоцны хөдөлгүүр болон далавчны хэсгийг гэмтээж, дэлбэрчээ. Ослоор 224 хүн амиа алдсан билээ. Мөн хар хайрцагны бичлэгээс тус онгоцонд ямар ч техникийн асуудал үүсээгүй болохыг баталсан байна. Ахмад энэ талаар ганц ч үг дурсаагүй хэмээн Александр Бортников мэдэгдлийнхээ үеэр дурьджээ.
Ерөнхийлөгч Путин тайлантай танилцсаныхаа дараа ослын буруутанг барьж, хариуцлага хүлээлгэхийг тушааж, заавал хариугаа авахаа мэдэгдсэн байна. Египетийн тал зорчигчдын дунд амиа золиослогч байсан байх магадлалтай гэж мэдэгджээ. Ослын дараа хэт даврагчид онгоцыг сүйрүүлсэн хэмээн мэдэгдсэн ч Египет, Оросын удирдлагууд эрс үгүйсгэж байсан юм.