Сэтгүүлчээс муу хүн байхгүй болов. Чухам муу хэлж, хөдөлмөрийг нь үгүйсгэж л байвал хүнд тооцогдох шиг авирлаж байна. Хог шавхруунууд энд цуглаж, хамгийн ядуу, хамгийн арчаагүй хүмүүс энэ ажлыг хийдэг гэж бодогсод олшров. Ийм мэдээллийг санаатай хийгээд санамсаргүй түгээгчид шуургаллаа. Үүнийг нь дагаад нийгмийн хуйлран давалгаалагч хэсэг ч тэр чигээр нь хүлээн авч байна. Ялангуяа цахим ертөнцөд энэ ойлголт тун чиг хүчтэй. Магадгүй мэдээлэл хүлээн авах арга боломжийн хувьд харьцангуй боломжтой тэр хэсгийнхэн өөрсдийгөө мэдээлэл дамжуулах гол цөм гэж ойлгож эхлээд байгаа учраас сэтгүүлчийн мэргэжил хэрэггүй мэт, сэтгүүлчийн хөдөлмөр амар мэт, сэтгүүлчид байхгүй байлаа гэхэд тэдний гүйцэтгэж ирсэн ажлыг амжуулчих мэт санагдаж байх шиг. Цахимаар мэдээлэл дамжуулах боломж бидэнд олон шинэ өөрчлөлтийг авчирсан нь үнэн. Гэхдээ энэ нь сэтгүүлчийн хөдөлмөрийг орлон хийнэ гэсэн үг биш юм. Твиттерийн жиргээ мэдээ гаргасан сонины редакц шиг хариуцлага хүлээдэггүй учраас хүлээн авагчийн итгэл үнэмшлийн асар том зөрүү бий гэдэг. Тэр утгаараа сэтгүүл зүй гэгддэггүй.
Сэтгүүл зүй нь мэдээллийг олж цуглуулж, боловсруулж тараах цогц ажиллагаа байдаг. Энэ цогцын ялимгүйг гүйцэтгэж байгаагаа сэтгүүлчийн ажлыг өмнөөс нь хийчихэж байгаа шиг санаж үгүйсгээд байж болохгүй л дээ. Монголын нийгэмд сэтгүүлчдийн нэр хүнд асар унажээ. Энэ нь өнгөрсөн баасан гаригт, хэвлэлийн хурал “хийнгээ” өөрийгөө галдагчийн хэрэг явдлын үеэр тун тод харагдлаа. Тэр хүн ямар зорилготой ийм алхам хийсэн, үнэхээр цөхөрч аргаа барсных уу, улс төрийн захиалгаар ингэсэн үү гэдгийг энд шүүх гэсэнгүй. Харин үйл явдлын зэрэгцээ сэтгүүлчдэд хандаж байгаа хандлага дэндүү гэмээр байлаа. Зүгээр л энэ салбарт ажилладаг бүх хүмүүс рүү бензин цацаад галдах мэт дайрлаа.
Хүн өөрийгөө шатааж байхад сэтгүүлчид микрофоноо авч зугтсан талаар шүүмжилж, ерөөсөө хүний адаг, хорвоогийн хогнууд нь тэнд байсан мэт бичиж эхлэв. Мэдээж, цахим ертөнц бол тухайн хүний үзэл бодлоо хуваалцах индэр учраас элдэв олон санал байж л таарна. Гэхдээ нарийн учрыг нь мэдээгүй атлаа нэгнээ дагаж хуухирсан хөөрөлхөл илт харагдаж байлаа. Харин сэтгүүлчдийн хөдөлмөрийг гадарладаг ганц нэг хүмүүсийн зоригтой хариу дайралт, “Өдрийн сонин”-ы жиргээ, сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн байр суурь, МСНЭ-ийн ерөнхийлөгч Л.Галааридын сэтгүүлчид ажлаа мэргэжлийн түвшинд хийсэн тухай мэдэгдэл тэднийг жаал хазаарласан юм.
Тэнд байсан сэтгүүлч, зураглаачид галыг хүрмээрээ унтраах гэж оролдож, түргэн дуудаж, галын хор авчирч цацсан мэдээлэл сэтгүүлчдийг жадлагсдыг арай тайвшруулсан бололтой. Гэхдээ л микрофоноо авсан гэж буруутгаж, С.Эрдэнээс асуулт асуусан гэж шүүмжилж, сүүлдээ гал асч байхад зураг авсан гэж яллаж байна. Уучлаарай, хэрэв тэнд тэр хэдэн адлуулаад байгаа нөхөд байгаагүй бол энэ мэдээллийг та мэдэх байсан уу. Хэн нэгэн өөрийгөө галдаж байхыг харна гэдэг тийм ч амар, тийм ч хүсмээр зүйл биш. Жирийн нэгэн хэвлэлийн хуралд очсон хүмүүст энэ цочирдом явдал. Тэр дундаа дөнгөж хорь гаруйхан настай, бүсгүй голдуу сэтгүүлчдэд. Үйл явдал өөрөөр эргэж байхад ажлын багаж зэвсгээ хямгадаж, шинээр өрнөж буй тэрхүү мэдээ сурвалжлагаа хүмүүст хүргэхээр бэлэн байдлаа хангаж байгаа тэр хүмүүсээс мэргэжлийн алдаа олж хараагүй. Харин ч мэргэжлийн гээд ярих юм бол тэд зөвхөн үндсэн ажлаа л хийх байсан гэж яригдахыг ч үгүйсгэх аргагүй.
Өөрийгөө галдсан С.Эрдэнийн зурагтай зэрэгцүүлээд зулын гол болж буй гадны ламын зургийг олон нийтэд цацсаныг манайхан анзаарсан л байх. Вьетнамын буддын шашинтан Тич Куанг Дак 1963 оны долдугаар сарын 11-нд Сайгоны төвд олон нийтийн өмнө өөрийгөө галдан шатаасан түүхэн зураг. Тэрбээр Вьетнамд түрэмгийлэн орж ирсэн гадны Засгийн газрын католик сүм хийд нь буддистуудыг дарангуйлж буйг эсэргүүцэн амиа егүүтгэсэн юм билээ. Харин уг зургийг Сайгон дахь Ассошиетед Пресс агентлагийн Малколм Браунэ дарж, улмаар энэ зургаараа оны шилдэг гэрэл зургийн эзэн болж байсан. Тэгэхэд Малколм Браунэг замын голд завилан суугаад өөр дээрээ шатамхай бодис асган шүдэнз асаасан ламыг аварсангүй гэж хэн ч буруутгаагүй. Харин ажлаа сайн хийжээ гээд шагнасан байгаа биз дээ.
Польшид ч гэсэн 1968 онд нэг нөхөр өөрийгөө олны өмнө шатааж байсан удаатай. Ургацын баярын фестивальд оролцож байгаа 100 мянган хүний нүдэн дээр тэр дундаа улс төрийн лидерүүд, дипломат албаныхны өмнө болсон энэ хэрэг гэрэл зурагт мөн л үлдсэн байдаг. Монголд энэ жишээнд сэтгүүлчид нь буруутахын үлгэрт ярих юм алга.
Ер нь яагаад сэтгүүлчийн нэр хүнд, энэ мэргэжлийн нэр хүнд ингэтэл уначихав аа.
Энэ нь нэг талаас бидний өөрсдийн маань ажлаа хийж байгаа байдал, хариуцлагагүй явдлаас үүдэлтэй байж болно. Гэхдээ сэтгүүлчдийн хөдөлмөрийг үнэгүйдүүлэх, тэдний нэр хүндийг ямагт дор байлгаж, үүгээрээ ашиг хонжоо олох бүлэг хүмүүсийн олон жилийн зорилгот ажлын үр дүн иймд хүргэжээ. Албан тушаалтан, эрх мэдэлтнүүд ямар ч үед сэтгүүлчийг нэр хүнд муутай, шударга биш гэж тодорхойлохыг хүсдэг бөгөөд өөртэй нь холбоотой элдэв булхайг нь сэтгүүлч дэлгэх үед “Тэд л худлаа хэлдэг” хэмээн уснаас хуурай гарах бэлэн жор, бэлтгэлтэй явдаг. Ийм хүмүүст сэтгүүлчид ядуу дорой, үнэт зүйлээ өчүүхэн хэдэн цааснаас худалдчихаар байх нь тун хэрэгтэй байдаг. Бас тэдний нэр хүндэд халдахад тун амар. Ердөө л “Хуулийн байгууллагад хандана. Захиалгатай мөнгө авч хийсэн” гэж ам таглах бөгөөд цаашлахаараа редакцийг хаалтын гэрээ хийсэн гэж буруутгана.
Үнэхээр тэгсэн үү, тийм юм байдаг уу гэдгийг хэн ч мэдэхгүй. Худал хэлснийхээ төлөө ямар ч хариуцлага хүлээхгүй, эцэст нь энэ мэргэжлийнхний нэр хүнд унасаар.
Тэднийг ингэтэл “замнуулснаараа” сэтгүүлчид буруутай. Тухайлбал бид хэзээ ч нэр хүндэд маань халдаж, сэтгүүлчийн хөдөлмөрийг үгүйсгэж байхад эсэргүүцэж нэгнээ өмөөрдөггүй гэмтэй улсууд. Нэг талаасаа өөрсдөө хүнийг шүүмжилдэг болохоороо хэр баргийн зүйлст урваганаж гоншигонохоо байчихдаг. Сэтгүүлчийг гүтгэж доромжлох байтугай айлгаж, сүрдүүлж амь насанд нь заналхийлж байхад даваад гарчихдаг. Иймдээ ч “Муу л бол хойд гэрийн хар овоохой” гэсэн шиг хандсаар ирсэн хүмүүсийн өөдөөс юм хэлэлгүй, нэгийгээ өмөөрч хамгаалахгүй байсаар байгаад өдийг хүргэжээ. Сүүлдээ ингэж муулуулж, доромжлуулсаар байгаад хамгийн ядуу салбарын хамгийн ядуу алба хаагчид болоод хувирчихлаа.
Баялаг бүтээгчдээ үзэн яддаг, гадаадын хөрөнгө оруулалтыг үгүйсгэдэг, үндэсний чадалтай бизнесмэнүүдээ үзэн яддаг хөөсөрсөн нийгмийн аяыг дагасаар байгаад өнөөдөр салбар маань юу болов. Эрх мэдэлтнүүдийн хувьд хэвлэл мэдээллийн салбар ядуу, сэтгүүлчид тарчиг байх нь хамгийн чухал байдаг. Тийм тохиолдолд гар хөлийнхөө үзүүрээр зарна гэсэн төлөвлөгөөгөөр тэд ажиллаж, сэтгүүлчид ч арганд нь унажээ. Гэхдээ энэ ганцхан сэтгүүл зүйн салбарын эмгэнэл биш юм шүү. Мэдээлэл хүртэх, мэдээлэл авах эрхтэй бүх иргэдийн хувьд эмгэнэл болж байна. Редакц хүчтэй, редакц эдийн засгийн хувьд хөл дээрээ тогтож чадах нь дурын улстөрчийн аливаа бусармагт санаархсан сарьсан хоншоорыг хага цохиж чаддаг болгодог. Өнгөрсөн жилийн өдийд Засгийн газрыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мөнгө тараасан гэж ихээр буруутгаж байсныг санаж байгаа байх. Хэвлэлүүдэд 5-10 сая төгрөгөөр мөнгө шилжүүлж гэж ирээд л аль алийг нь зүхэж байсан даа. Гэтэл төр засаг хийсэн ажлаа, хэрэгжүүлэх шийдвэрүүдээ түмэн олонд хүргэхийн тулд бизнесийн байгууллагуудад мөнгийг нь төлөх ёстой биз дээ. Төлөхгүй гэвэл дээрэм болно. Харин ч энгийн бизнесийн байгууллагуудын дэргэд бүтэн жилийн хугацаанд мэдээллээ таван сая төгрөгөөр гаргана гэдэг дээрэм л байсан байх. Мэдээлэхгүй гэвэл иргэдээсээ бүхнийг нуусан буруутан болно. Гэвч энэ хийрхэл явсаар Ц.Оюунбаатар гишүүний санаачилгатай нийлж бодит үр дүнд хүрсэн. Үр дүнд нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд суларч, ард түмний мэдээлэл авах эрх нь хөсөр хоцорсон. Шилэн дансны хууль хэрэгжиж эхэлснээр хэвлэл рүү мөнгө шилжүүлж, үйл ажиллагагаа олон түмэнд нээлттэй хүргэх зоригтой хүн алга болов. Хэрэв хэвлэлийн байгууллага руу мөнгө шилжүүлсэн бол Исламын бүлэглэлийн алан хядагчдад мөнгө өгснөөс илүүтэй үзэн ядаад эхлэх тул өнөөдүүл нь ч айдаг болжээ.
Тэгэхээр сэтгүүлчийн ажил хөдөлмөр юу байдгийг олон түмэнд ойлгуулах нь чухал болжээ. Ингэхийн тулд бид эвлэлдэн нэгдэж, эрх ашгийнхаа төлөө дуугарч өнгөрсөн амралтын өдрүүдэд нүүр номын хуудсаараа мэргэжлийнхээ онцлогийн төлөө зоригтой дуугарч байсан шигээ аливаад нэгийгээ өмөөрөх хэрэгтэй юм байна. Мэргэжлийнхээ нэр хүнд, салбарынхаа нэр хүндийг хамгаалж, боломж л олдвол шавартай хутгачих гээд байдаг буруу ойлголттой хүмүүст нь мэдрүүлж, зорилготой гутаадаг хүмүүст гишгэх газар өгөхгүй байх ёстой юм байна. Сэтгүүлчийн мэргэжил гэдэг уурхайчны мэргэжилтэй эн дүйцэх хүнд хөдөлмөр юм шүү дээ. Энэ нь дэлхийн сэтгүүл зүйд жишигжсэн ойлголт. Сайн нийгмийг бүтээхийн тулд сэтгүүлчдийн боловсрол, амьдрал ахуй, ажиллах эрх зүйн орчныг сайжруулах нь үндэстний, ард түмний эрх ашиг байх учиртай. Чингэтэл, нийгмийг доройтуулж байгаа бүхнийг, ард түмний оюун санаанд дэлгэж, зэм магтаалыг зэрэгцүүлж, оюун дүгнэлт хийлгүүлснийхээ төлөө яллуулах ёсгүй. Телевиз, радиогоо унтрааж, сониноо хамхивал, хөгжил хамт хамхигдана. Хүний эрх, эрх чөлөө хаа нэгтээ гээгдэнэ. Тиймээс сэтгүүлчдийнхээ тухай ойлголтыг хамжааргатайхан сэнхэрвэл зохино биз ээ. Өнөөдрийн сэтгүүлчид төгс төгөлдөр биш байж магад. Гэвч сэтгүүлч гэдэг мэргэжил бол төгс тийш тэмүүлсэн мэргэжил гэж хэлбэл хилсдэхгүй. Тиймийн тул бүх сэтгүүлч сэтгүүлч шиг сэтгүүлч байх хэрэгтэй. Нийгмийн сэтгэл засалчид байх ёстой. Тэгвэл жинхэнэ зэмлэлийг нийгмээрээ тургиж үл чадах биз ээ.