Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Хувцасны цаадахь философи

Фэйсбүүкийг үндэслэгч Марк Цукерберг үргэлж саарал өнгийн пудволк, жинсэн өмдтэй харагддаг. ”Apple”-ийн Стив Жобс хоолойтой хар цамцнаас салдаггүй. Агуу Эйнштейний дуртай хувцас нь саарал костюм. Дээд сургуулийн маань нэг багш “Европчууд биед эвтэйхэн хувцас харвал нэг өнгө, ижил загвар байсан ч хамаагүй хэд хэдийг авчихдаг. Хувцас бол тэдний хувьд энгийн хэрэглээ учраас тэр. Манайд ингэж өмсвөл энэ одоо өөр хувцасгүй юм байх даа гэж өөлнө дөө” гэж ярьсан нь санаанаас гардаггүй юм. Хүний тархинд секунд тутамд 11 сая ширхэг мэдээлэл ирдэг, гэтэл хүн гээч амьтны тархи нэг дор гурван зүйлд л зэрэг төвлөрөх чадвартай, үүнээс ахиад ирэхээр анхаарал нь сарниж, зөв шийдвэр гаргах боломжгүйд хүрдэг гэсэн сонирхолтой статистик бий. Бүтээмж өндөртэй эрхмүүд элдэв зүйлд сатаарахгүй гэсэндээ ижил загварын аятайхан хувцаснаас хэд хэдийг сонгочихдог байж мэдэх л юм. Нээрээ л хувцсаа сонгох гэж дэлгүүр хэсэх, худалдаж авах үгүйгээ шийдэх гэж толины өмнө эргэлдэх, өглөө сэрээд хувцасны шүүгээгээ онгичиход зарцуулсан хугацаагаа тооцоод үзвэл өчнөөн цаг гарах байх шүү. Тийм болохоор “Interstellar” киноны найруулагч Кристофер Нолан “Өглөө бүр юу өмсөх вэ гэж бодох нь энерги барсан, стресстэй зүйл” гэж төвөгшөөсөн байх. Зохиолч Алис Грегори “Өдөр бүр адилхан хувцаслах нь өөрийгөө олонд таниулах хамгийн хэмнэлттэй, хялбар арга. Бас тогтвортой, бие даасан байдлын илэрхийлэл. Хүүхдийн номны гол дүрийн баатрууд үргэлж нэг хувцастайгаар дүрслэгддэг нь бяцхануудыг маань үлгэр дуурайл аваг гэсэндээ тэр” гэсэн нь бий. Шүүгээгээ нээгээд нэг хараарай. Тун цөөхөн нь таны өмсөх дуртай хувцас байгаа даа. Тэгэхээр ухаалаг хувцаслалт танай гэрийн эдийн засагт ч хэмнэлттэй. Мэдээж хувцасны төлөө үрсэн цагаа өөр зүйлд зарцуулахаар бүтээмж тань ч өсөөд ирнэ. Бүтээмж өсөхөөр олох мөнгө дагаад үржинэ. Бидний олонхи өөртөө эвтэйхэн гэхээс илүү бусдад сайхан харагдахын тулд хувцасладаг. Гэтэл эргэн тойронд маань амьдарч буй элит гэгдэх хэсгээ нэг анзаараарай. Тэд энгийн, биедээ эвтэйхэн хувцасласан харагддаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *