Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөл хуралдав

Монгол Улсын
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн ээлжит хурал өчигдөр орой
болжээ. Энэ үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНХАУ-д хийсэн айлчлалын үр дүнгийн
талаарх товч мэдээллийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн өгсөн байна. Хоёр
талын хамтын ажиллагааны чиглэлээр 11 баримт бичигт гарын үсэг зурсан айлчлал
өндөр ач холбогдолтой болсон. Тухайлбал, нэг тэрбум ам.долларын зээл, Хятадын
талын 300 сая юанийн буцалтгүй тусламж, БНХАУ-д мах экспортлох зэрэг олон талт
хамтын ажиллагааг баталгаажуулсан байна. Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий
сайд Нарендра Моди 2015 оны тавдугаар сарын15-16-нд манай улсад төрийн айлчлал
хийх үеэрээ нэг тэрбум ам.долларын зээл олгохоо мэдэгдсэн. Энэтхэгийн “Эксим”
банкнаас 8 жилийн хугацаатай, эхний хоёр жилд зээлийн үндсэн төлбөрөөс
чөлөөлөгдөх жилийн LIBOR+0,5 хувийн хүүтэй энэхүү зээлийг ямар салбарт хэрхэн
зарцуулах, хувийн хэвшлийнхэн хэрхэн хамрагдах талаар Сангийн яамнаас мэдээлэл
хийжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөл хуралдлаа

Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөл хоёр дахь удаагаа хуралдлаа. Тус зөвлөлийн анхны хурлаар бизнесийн орчныг сайжруулах, гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, макро эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгох, бүтээн байгуулалтын том төслүүдийг урагшлуулах гэсэн дөрвөн чиглэлээр санал, зөвлөмж боловсруулан ажиллахаар болсон. Энэ удаагийн хурлаар эдгээр чиглэл бүрт дэд бүлэг байгуулах, УИХ-ын тогтоолоор батлагдсан Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр, татварын бодлогоор эдийн засгийг дэмжих арга хэмжээний тухай гэсэн гурван асуудлыг хэлэлцлээ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Улсын Их Хурлын 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 41 дугаар тогтоолоор батлагдсан Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газар Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж байгааг хэлээд эдийн засгийн зөвлөлийн гишүүдийн саналыг хүлээн авч, нэгтгэхээ мэдэгдлээ. Ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулж, хэрэгжилтийг хангуулан ажиллах юм. Мөн Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт зөвлөлийн гишүүдэд Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөрийн талаар танилцууллаа.

Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат Засгийн газраас Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, хуулийн нэр томъёог тодорхой, нэг мөр болгох, татварын өр төлөх хугацааг сунгах, хүчингүй болгох зохицуулалтыг оруулах, татварын байцаагчийн эрх, үүргийг нарийвчлан тусгах зэрэг өөрчлөлтийг оруулж байгаа гэлээ. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Татварын ерөнхий хуулийн хувьд хуулийн нэр томьёог татварын байцаагч, аж ахуйн нэгж өөр өөрөөр тайлбарлан хэрэглэдэг. Иймд нэр, томъёог ойлгомжтой, нэгдсэн болгох асуудал дээр анхаарч байгаа гэв. Мөн татвар төлөгчид татвар төлөхдөө цаг хугацаа бага зарцуулах боломжийг бүрдүүлж, цахимжуулна гэлээ.

Танилцуулгын дараа зөвлөлийн гишүүд голчлон татварын бодлогоор эдийн засгийг дэмжих асуудлын талаар байр сууриа илэрхийллээ. Хувь хүний орлогыг бодитой тодорхойлж, орлогын татвар ногдуулах, Эдийн засгийн ил тод байдлын тухай болон Өршөөлийн тухай хуулийг батласны дараагаар татварын шинэчлэлээ эхлүүлэх зэрэг саналуудыг хэллээ. Энэ хурал дээр хэлсэн болон бичгээр ирүүлсэн саналыг нэгтгэн хүлээн авахаар тогтлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *