Categories
мэдээ улс-төр

Ц.Элбэгдорж: Монголчууд өөрсдөөрөө бахархаж байх юм бол олон хүнтэй улсаас дутахгүй хөгжиж дэвжиж чадна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар уламжлал болгон 5 дахь жилдээ гаргаж буй “Мөнх тэнгэрийн бичиг” монгол бичгийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Уран зургийн галарейн үзэсгэлэнгийн танхимд боллоо.

Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, А.Ганбаатар, эрдэмтэн мэргэд, монгол бичгийн мэргэжилтнүүд, оюутан сурагчид, иргэдийн төлөөлөл оролцов.

Өмнөх жилүүдэд гаргасан үзэсгэлэнд монгол уран бичлэгийн үзмэрээр дагнан бүтээлийн үзэсгэлэн дэглэдэг байсан бол энэ удаа монгол бичгийн 1000 жилийн түүхийг харуулан үзэгчдэд хүргэсэн нь “Мөнх тэнгэрийн бичиг-2015” үзэсгэлэнгийн онцлог байв. Үзэсгэлэнд эртний монгол бичгийн дурсгалууд, зоос, бичиг сурвалжууд, 1985-2015 оныг хүртэл монгол бичгийн талаар төрөөс гаргасан тогтоол, шийдвэрүүд, цахим монгол бичгийн машин бичүүрүүд, “Хүмүүн бичиг” сонины түүх, Монголын сайхан бичигтнүүдийн бүтээлүүд, ЕБС-ийн монгол хэл, уран зохиолын 60 багшийн сургалтын бүтээлүүд зэргийг дэлгэн харуулсан байна. Мөн цахим монгол бичгийн галарейг анх удаа мэдрэгчтэй дэлгэцээр тайлбарлан хүргэж байгаа юм.

Үзэсгэлэнг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Энэ танхимд хүрэлцэн ирсэн эрхэм хүмүүсийн түмэн амгаланг айлтгая. Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр-Монгол бахархлын өдөр өнөөдөр ч үргэлжилж байгаа. Монгол бахархлын өдөр гэдгийн цаана хоёр гол агуулга байгаа юм.

Монголын хамгийн гол бахархал бол монгол хүн юм. Монгол эх орноороо, монгол түүхээрээ, уламжлал соёлоороо, монголчуудын сайн сайхнаар бахархаж , түүнийг бүтээдэг, тээж явдаг монгол хүн бол Монголын хамгийн том бахархал. Монгол хүмүүний хаан бахархал нь Эзэн богд Чингис хаан юм. Эзэн богд Чингис хаан бол хүний биед төрсөн, ээж ааваас заяасан хүн. Бид бүхэн ч хүний биед төрсөн, ээж ааваас заяасан хүмүүс юм.

Монголчууд хийж бүтээж байгаагаараа бахархая. Бие биенээрээ бахархая. Гэр бүл дотроо аав ээжээрээ бахархая. Ах дүүгээрээ бахархая.Танай гэр бүл дотор сайн үйлс бүтээж байгаа, сайн зүйл хийж байгаа хүмүүсээрээ бахархая. Тэднийхээ хөдөлмөр, бүтээлийг дэмжие гэдэг санаа Монгол бахархлын өдрийн ард байгаа юм. Ерөөсөө монголчууд өөрсдөөрөө бахархаж байх юм бол олон хүнтэй улсаас дутахгүй хөгжиж дэвжиж чадна. Монголчууд бусдаас дутуу бодно гэж байхгүй. Бусдаас дутуу сэтгэнэ гэж байхгүй. Монголчууд бусдаас дутуу урлана гэж байхгүй. Дутуу бүтээнэ гэж байхгүй. Монгол хүнд бусдаас дутах юм байхгүй. Бидэнд нэмж хэрэгтэй байгаа зүйл бол хөдөлмөрлөх хэрэгтэй. Залхуурахгүй байх хэрэгтэй. Хөдөлмөрлөж байгаа, ажил хийж байгаа, түүгээрээ өөрийнхөө амьдралыг авч яваа тэр хүмүүсээр, тэр иргэнээрээ бид бахархдаг байх ёстой. Хэрэв энэ бахархлыг бий болгож чадах юм бол монголчууд өөдлөн дэвжинэ. Өөртөө итгэдэг болно. Бид өөрсдөдөө маш их итгэх ёстой.

Ийм аугаа түүхтэй ард түмэн, аугаа зүйлийг бүтээж явсан ард түмэн, ийм аугаа соёлыг тээж яваа ард түмэн өөрөөрөө бахархах хэрэгтэй. Аугаа зүйлийг бүтээх боломжтой. Ийм учраас бид үүний төлөө явах ёстой. Үүнийг ухааруулах, ойлгуулах, мэдрүүлэх, тал талаасаа нийлж дэмжих өдөр бол Монгол бахархлын өдөр юм.

Хоёрдугаарт миний хэлэх гэсэн санаа бол өдөр болгон Монгол бахархлын өдөр болж байгаасайгэж бодож байна. Монгол бахархал айл бүхэнд өдөр болгон байж байгаа шүү дээ. Хүн бүхний сайн үйлээр, сайн бодлоор, сайн санаагаар, сайн хөдөлмөрөөр, сайн бүтээлээр хэрэгжиж биелж байгаа. Ийм учраас Монгол бахархлын өдөр гэж нэг өдөр байдаг биш, бүх өдөр байнга үргэлжилж байгаасай гэсэн ийм сайхан бодол байдаг юм.

Монгол хүмүүний бүтээсэн гайхамшигтай, дэлхийд хосгүй бүтээлүүдийн нэг бол монгол бичиг маань байгаа юм. Монгол хүн байя, монгол бахархалтай байя гэвэл монгол хүн бүхэн бичгээ хэрэглэдэг, бичдэг байх нь монгол хүнийг, Монгол Улсыг, монгол үндэстнийг тодорхойлох хамгийн гол тодорхойлолт юм. Тийм учраас энэ “Мөнх тэнгэрийн бичиг” гэдэг монгол бичгийн үзэсгэлэнг жил бүхэн Монгол бахархлын өдрөөр гаргадаг, нийт ард түмэндээ таниулдаг, энэ соёлыг тээж, бүтээж яваа бүтээлч хүмүүсээ таниулдаг, ийм өдөртэй болсон.

Энэ жилийн үзэсгэлэн бол онцлогтой. Нэгд, өмнө нь монгол уран бичлэгийн авьяастнуудын бүтээсэн зүйлийг харуулдаг байсан. Энэ жилийн үзэсгэлэн дээр монгол бичиг яаж бий болсон тухай түүх, түүхэнд яаж уламжлагдаж ирсэн бэ гэдгийг харуулах эд өлгийн зүйлсийг дэлгэн харууллаа.

Хоёр дахь гол онцлог нь монгол бичиг орчин цаг үетэйгээ зохицож яваа. Цахим компьютерээр монгол бичгийг хэрхэн бичиж байна вэ. Зөвхөн хүн гараараа бичдэг биш, цахим орчинд яаж хэрэглэж байна, яаж хэрэглэж болж байна гэдэг ололтуудыг харуулсан үзэсгэлэн бас энд гарч байна. Гурав дахь онцлог нь монгол бичгийг зааж, түгээж явдаг дунд сургуулийн багш нар, эрдэм шинжилгээний ажилтнууд энэ үзэсгэлэнд бүтээлээ дэлгэж сургах арга зүй зэргээ олон нийтэд таниулж байна.

Хамгийн гол нь монгол бичгийн гарын авлага, хэл бичгийн холбогдолтой гарын авлагуудыг дэлгэн үзүүлсэн. Үүгээрээ энэ жилийн “Мөнх тэнгэрийн бичиг” гэдэг үзэсгэлэн агуулгын хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хийж ирсэн ажил бүтээлийг толилуулан үзүүлж байгаагаараа их агуулгатай зүйл болж байна. Олон монголчууд, олон ард иргэд маань энэ үзэсгэлэнтэй ирж танилцаасай гэж бодож байна.

Одоо хэд хэдэн зүйл хэвшээд байна. Юм дээрээсээ эхэлж дадал болж байх ёстой. Монгол Улсыг төлөөлж гадаад улс орон руу явуулж байгаа бичгийг монгол бичгээр явуулдаг болсон. Үүнийг их сайн үзүүлэлт гэж бодож байгаа. Мөн монгол хүн үүсч, төрж, баяр бэлэглэж ирдэг үйл явдлыг баталдаг хамгийн гол зүйл болох төрсний гэрчилгээг кирилл, монгол бичгээр хослуулж бичиж өгч байгаа. Оюутан, сурагч залуучуудын сургууль төгссөн төгсөлтийн гэрчилгээг монгол бичгээр бичиж өгдөг болсон. Эдгээрийг энд хэлэх нь зөв байх. Ийм байдлаар монгол бичгийн хэрэглээ цаашаа нэмэгдэж байх ёстой.

Нэг ч гэсэн зүйл дээр монгол бичгийн хэрэглээ нэмэгдээсэй гэж бодож байгаа. Ямар зүйлүүд дээр нэмэгдэж байгааг та бүхэн энэ үзэсгэлэнгээс харах болно. Энд монгол бичгийн хань хамсаатнууд гэж хэлж болохоор монгол бичгийг насан туршийн зорилгоо болгосон сайхан буурлууд, алдартай хүмүүс хүрэлцэн ирсэн байна. Монгол бичгээрээ шимтэн бичиж байгаа, оролдож байгаа залуучууд, оюутан, сурагчид, залуу үеийн төлөөлөл ирсэн байна. Багш,сурган хүмүүжүүлэгчид ирсэн байна. Та бүхний хүчин зүтгэлээр монгол бичгийн тархалт, суу алдар улам цаашаа өргөжин дэвжих болтугай гэсэн өлзийтэй ерөөлийг өргөе. Та бүхэнд их баярлалаа” гэлээ.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үзэсгэлэнд дэлгэн тавьсан үзмэрүүдийг үзэж сонирхов.




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *