Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ 99 суудалтай болж, бүрэн эрхийн хугацаа нь таван жил байна

Монгол Улс 1992 онд шинэ Үндсэн
хуулиа баталсан. Түүнээс хойш 2000 онд
нэмэлт, өөрчлөлт оруулж байлаа. Аль
ч УИХ-ын
үед Үндсэн хуульд нэмэлт
өөрчлөлт оруулах эсэх тухай
сэдэв анхаарлын төвд байж, Үндсэн
хуульдаа гар хүрэх эсэх
талаар мөнхийн маргаан үүсч
байдаг. Өмнөх парламентын үед
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах
эсэхээр ажлын хэсэг байгуулагдаж
ажилласан ч шийдэлд хүрэлгүй
бүрэн эрхийн хугацаа нь
өндөрлөсөн. Мөн энэ парламентын
үед ч Үндсэн хуульд
нэмэлт өөрч­лөлт оруулах
нь зүй­тэй хэмээж
ажлын хэсэг бай­гуулж,
УИХ-ын гишүүн Н.Батбаяраар ахлуулсан. Тус ажлын хэсэгт
УИХ-ын гишүүн Н.Лүндээжанцан, Су.Батболд, Д.Дэмбэрэл, Р.Гончигдорж, С.Баярцогт, Н.Батцэрэг нарын
хүмүүс багтсан юм. 1992 оны
шинэ Үндсэн хуулийг батлахад
гар бие оролцож байсан
туршлагатай, тулхтай хүмүүс цөөнгүй
багтжээ хэмээн тэд­нийг
олон нийт үнэлж байлаа.
Юутай ч тэд хоёр
жил орчим Үндсэн хуульд
нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуу­лийн төсөл дээр
ажиллаад дараахь өөрчлөлтүүдийг тусган
санал оруулж байгаа юм
бай­на. Одоогийн байдлаар
уг хуулийн төслийг АН,
МАН, ИЗНН, “Шударга ёс”
эвсэл, бие даагчдаас бүрдсэн
47 гишүүн дэмжиж гарын үсэг
зураад байгаа ажээ. Энэхүү
өөрчлөлтүүдийг нэг бүрчлэн харцгаая.

Нэр өөрчлөх тухай. Ажлын
хэсгийнхэн Үндсэн хуулийн нэрийг
“Монгол Улсын Эх хууль”
хэмээн өөрчлөх санал оруулж
ирж байгаа юм байна.
Тэд үүнийгээ “Нийгмийн харил­цааг зохицуулах
эрх зүйн хэм хэмжээний
эх сур­валж нь
болж байгааг харгалзан үзэж
“Эх хууль” гэж нэрлэх
нь зохистой байна” гэж тайлбарлажээ.
УИХ-ын гишүүдийн тоог
99 болгоно. Олон улсын парламентын
гишүүдийн тоог хүн амтай
нь харьцуулсан судалгаа, 1992 оноос хойших хүн
амын өсөлтийг харгалзан УИХ-ын төлөөлөх
чадавхийг дээшлүүлэх үүднээс гишүү­дийн
тоог нэмэгдүүлж 99 бол­гоно гэжээ.
Засгийн газрын бүрэн эрхийн
хугацаа таван жил болно.
УИХ, Засгийн газрын бүрэн
эрхийн хугацаа дөрвөн жил
байгаа нь Засгийн газар
мөрийн хөтөлбөрөө хэрэг­жүүлэхэд хангалтгүй
гэж үзжээ.

Тиймээс энэ хугацааг таван
жил болгон нэмснээр Үндсэн
хуулийн 21 дүгээр зүйлд өөрчлөлт
оруулах шаардлага гарч байна. Хэрэв
УИХ-ын бүрэн эрхийн
хугацааг таван жил болговол
орон нутгийн ИТХ, Засаг
даргын бүрэн эрхийн хугацааг
ч сунгах юм
байна. Үүний тулд Үндсэн
хуулийн 21 дүгээр зүйлийн хоёр
дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн хоёр
дахь хэсэг, 30 дугаар зүйлийн хоёр
дахь хэсэг, 40 дүгээр зүйлийн нэг
дэх хэсэг, 59 дүгээр зүйлийн гурав
дахь хэсэг, 60 дугаар зүйлийн хоёр
дахь хэсгийн “дөрвөн жил” гэснийг
“таван жил” гэж өөрчлөх
ажээ.

Ерөнхий сайд танхимаа өөрөө
бүрдүүлнэ. Нэг ёсондоо Ерөнхий
сайд Засгийн газрын гишүүдийг
томилно, чөлөөлнө, огцруулна гэсэн үг. Засгийн
газрын тэргүүний танилцуулсан гишүүдийг бүрэлдэхүүнээр нь УИХ-аас
батлан томилох ажээ. Засгийн
газрын бүтэц, бүрэлдэхүүний тоог
Үндсэн хуулиар тогтоох, УИХ-ын гишүүн Засгийн
газрын гишүүнээр хавсран ажиллах хязгаарыг
тогтоох, Ерөнхий сайдыг огцруулах,
дараагийн Ерөнхий сайдыг томилох
асуудлыг хамтад нь тавьж
шийдвэрлэдэг болгохоор өөрчлөлт оруулсан байна.

Ерөнхийлөгчийг
ард түмэн сонгохгүй. Монгол
Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх, түүнийг
сонгох журмыг төрийн тэргүүн,
ард түмний эв нэгдлийг
илэрхийлэгч институт болох зарчмынх нь
хувьд нийцүүлэн өөрчлөх ажээ. Ингэснээр
Ерөнхийлөгчийг ард түмэн биш
УИХ, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын
болон аймгуудын ИТХ-ын дарга
нар нууц санал хураалтаар
сонгох юм байна.

Гурван хоттой болно. Монгол
Улсын нутаг дэвсгэр, засаг
захиргааны хуваарь, нутгийн өөрөө удирдах
ёсны байгууллагын эрхзүйн зохицуулалтыг өнөөгийн
шаардлагад нийцүүлэн өөрчлөхөөр болжээ. Тухайлбал, Дархан,
Эрдэнэт хот гэж тодорхойлсон
заалт өмнө нь Үндсэн
хуульд байгаагүй. Тэгвэл Улаанбаатар, Дархан,
Эрдэнэт хот нь засаг
захиргааны тусгай нэгж мөн
гэж үзээд тэдгээрийн удирдлагын
эрх хэмжээ, засаг захиргааны
зохион байгуулалт, үйл ажиллагааны журамд
өөрчлөлт оруулах юм байна.

Засгийн газар есөн яамтай
байна. Үндсэн хуулийн гуравдугаар
бүлгийн 39 дүгээр зүйлийн хоёр
дахь хэсэгт өөрчлөлт оруулан
Засгийн газрыг есөн яамтай
болгохоор өөрчилжээ. Үүнд, Сангийн яам,
Дотоод хэрэг, хууль зүйн
яам, Гадаад хэргийн яам,
Байгаль орчин, хөгжлийн яам,
Батлан хамгаалахын яам, Гэгээрлийн яам,
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын
яам, Хөдөө аж ахуйн
яам, Дэд бүтцийн яам
багтах юм байна. Мөн
Ерөнхий сайд шаардлагатай гэж
үзвэл Засгийн газрын үйл
ажиллагааны тодорхой асуудал хариуцсан гурваас
илүүгүй гишүүн нэмж болно.
Ерөнхий сайд Засгийн газрын
бүрэлдэхүүний саналаа УИХ-д
өргөн мэдүүлнэ гэжээ.

Ерөнхий шүүгчийг Улсын Дээд шүүхийн
шүүгчид нууц санал хураалтаар
сонгоно. Үндсэн хуулийн гуравдугаар
бүлгийн 51 дүгээр зүйлийн хоёр
дахь хэсэгт “Шүүхийн ерөнхий
зөвлөлийн санал болгосон Улсын
дээд шүүхийн шүүгчдийг УИХ-ын зөвшөөрснөөр, бусад
шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн
санал болгосноор тус тус Ерөнхийлөгч
зарлиг гарган батламжилна” гэжээ.
Мөн Ерөнхий шүүгчийг Улсын
дээд шүүхийн шүүгчид дотроосоо
гурван жилийн хугацаагаар олонхийн
нууц санал хураалтаар сонгохоор
болжээ. Сонгогдсон хүнийг нэг удаа
улираан сонгож болох юм
байна. Ингэснээр Ерөнхий шүүгчийг Ерөнхийлөгч
томилдог биш, шүүгчид дотроосоо
сонгодог болон өөрчлөх ажээ.

Сумын Засаг даргыг иргэд
өөрсдөө сонгоно. Үндсэн
хуулийн гуравдугаар бүлгийн жардугаар зүйлд
“…Сум, хотын Засаг даргыг
иргэд таван жилийн хугацаагаар
шууд сонгож, аймгийн Засаг
дарга батламжилж, мөн хуульд заасан
үндэслэлээр чөлөөлж, огцруулна. Сум, хотын Засаг
даргын сонгуульд улс төрийн нам
нэр дэвшүүлж оролцохгүй бөгөөд иргэн зөвхөн
өөрийн нэрийг дэвшүүлнэ” гэж
заахаар төсөлд тусгажээ.

Улсын ерөнхий прокурорыг Ерөнхий
сайд нэр дэвшүүлнэ. Үндсэн
хуулийн гуравдугаар бүлгийн 56 дугаар зүйлийн хоёр
дахь хэсэгт “Улсын ерөнхий
прокурорыг Ерөнхий сайд нэр
дэвшүүлж УИХ-ын зөвшөөрснөөр
Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар
зарлиг гарган батламжилна” гэж
заажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *