Categories
мэдээ нийгэм

Сонгуулийн хуульд ямар өөрчлөлт орох вэ

УИХ дахь АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Сонгуулийн нэгдсэн
хуулийн төслийг хэлэлцэж, дэмжсэн байна. Мөн УИХ-ын гишүүн А.Бакей
Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөлд ямар зохицуулалт орж байгаа талаар
танилцуулсан юм.

  1. Сонгуулийн тогтолцоо 48:28 буюу холимог пропорцианаль хэвээр үлдэнэ.
  2. Нэг тойрогт нэг мандаттай.
  3. Сонгуулийн үйл ажиллагаа явуулах хуваарь, графикийг сонгуулийн санал авах өдрөөс өмнө зохион байгуулах.
  4. Иргэнд иргэний цахим бүртгэл хамрагдсан. Тийм учраас санал өгөхөд
    заавал цахим үнэмлэх шаардахгүйгээр, хурууны хээгээр баталгаажуулж,
    саналаа өгөх боломжтой.
  5. УИХ-ын сонгууль Орон нутгийн хурлын сонгуулийг нэг өдөр зохион байгуулна .
  6. Дахин сонгуулийн хуваарийг тодорхой болгох. Тодруулбал, жил бүрийн
    зургаадугаар сарын эхний ням гараг, аравдугаар сарын эхний ням гарагт
    дахин сонгууль, санал хураалт явагдана.
  7. Шинэ нам, эвсэл сонгуульд өрсөлдөхөөр бол санал хураалтын өдрөөс 180 хоногийн өмнө бүртгүүлж, баталгаажсан байх.
  8. Сонгуулийн маргаан хянан шийдвэрлэх нийт хугацааг 60 хоногоос илүүгүй байлгах.
  9. Сонгуулийн кампанит ажлын зардлыг байж болох хамгийн бага төвшинд
    барих. Үүн дотроо нэр дэвшигчийн хувиасаа гаргаж байгаа мөнгөн хөрөнгөд ч
    бас тодорхой хяналт, зохицуулалт хийх.

Гэх зэргээр сонгуулийн нэгдсэн хуульд тусгагдаж буй шинэ
зохицуулалтуудыг танилцууллаа. Мөн бүлгийн хуралдаанаар Үндсэн хуульд
өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцсэн байна.

Энэ талаар бүлгийн дэд дарга С.Одонтуяа “Үндсэн хуульд өөрчлөлт
оруулахад гишүүд хэд хэдэн зүйлийг онцолсон. Тухайлбал, хууль тогтоох
болон гүйцэтгэх засаглалын хооронд эрх мэдлийн зөрчил байгаа. Тийм ч
учраас Засгийн газар тогтворгүй ажиллаад байна. Үүнийг өөрчлөх ёстой.
Мөн засаг захиргааны хувьд дүүргийг сумын төвшинд адилтган авч үзэж
байгаа нь өрөөсгөл. Нийслэлийн зарим дүүргийн нэг хороо нь л гэхэд
сумаас олон хүнтэй байгаа. Тэгэхээр энэ асуудлыг бас анхаарах хэрэгтэй
гэж үзсэн” гэлээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн А.Бакей “Өргөн баригдсан
сонгуулийн хууль Үндсэн хуулийн өөрчлөлтийн үзэл баримтлалтай уялдаж
байгаа. Үндсэн хууль болон Сонгуулийн хуулийн өөрчлөлтийг бид аль болох
богино хугацаанд, хуулийн хугацаандаа багтаагаад хийхээс өөр аргагүй.
Тэгж чадахгүй бол 2016 оны сонгуульд аль ч нам нь гарсан ялгаагүй.
Засаглалын тогтворгүй байдал, хүндрэл, хямрал үргэлжлэх эрсдэлтэй. Тийм
учраас хуулийн хугацаандаа багтаад, Үндсэн хууль болон Сонгуулийн
хуулийн өөрчлөлтийг хийх ёстой” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *