Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Хаянхярваа: Хоёр нам нэгдлээ гэхэд МАН гэх үү, МАХН гэх үү гэдэг нэрний асуудал яригдаж таарна

УИХ дахь МАНын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваатай ярилцлаа.

МАН, МАХНыг ирэх оны сонгуульд хамтдаа орох ёстой гэдэг өргөх бичгийг хоёр намын ахмадууд намын дарга нартаа өргөн барилаа. Нэгэн дээвэр доор явж байгаад тус тусын замыг хөөсөн хоёр нам нэгдэж явах боломж байгаа юм уу. Ашиг сонирхлын зөрчил гарах байх даа?

-Өнгөрөгч долоо хоногт МАН, МАХН-ын ахмадууд буюу цагтаа нам төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан хүмүүс хоёр нам нэгдэж, хамтарч ажиллах ёстой гэдэг албан ёсны шаардлагыг МАН, МАХН-ын дарга нарт гардуулсан. Үүнээс улбаалан нийгэмд энэ чигийн яриа их гарч байх шиг байна. Би энэ процессыгнийгмийн захиалга юм уу даа гэж харж байгаа шүү. Монгол Улсад улс төрийн нам олдсон уу гэхээс цөөдөөгүй. Өнөөдөр улс төрийн намуудын чанар чансааны асуудал яригдах ёстой. Тиймээс эдийн засаг хямарчихсан, улс төр нь хямралтай амаргүй байгаа энэ цаг үед улс төрийн намууд хүчээ нэгтгэх, улс төрийн хүчнүүд бодлогоо нэгтгэх, өөрсдийн байр суурийг тодорхой болгох хэрэгтэйбайгаа учраас нийгэм өөрөө шаардаж байгаа юм болов уу даа.

Хоёр нам нэгдлээ гэхэд үзэл бодлын зөрүү гарах байх. Хоёр намынхан хэдэн жил бие биенийгээ үзэж чадахгүй, газар доогуур ортол нь муулаад явсан даа?

-Би бол үзэж чадахгүй гэдэг үгтэй санал нийлэхгүй. Орон нутгаар явж байхад хоёр намын гишүүд “Бид нэг нам нийлэх ёстой” гэдэг байсан. Үзэл бодлын зөрүү гээд байгаа зүйл чинь толгой дотор л байдаг. Толгой дотроо намын эрх мэдэл бүхий хүмүүсийн хүрээнд ойлголцлоо бий болгож чадвал гишүүд нэгдэхгүй гэж хэлэхгүй, Ардын нам муухай, Хувьсгалт нам муухай гээд орилолдоод байхюм байхгүй ээ. Тиймээс улс төрийн нам гээчийн толгойд байгаа хүмүүс нь эв эе, учир зүйгээ ололцоод явчихвал ердийн гишүүд бодлогыг дагаад явчих ийм л зүйл. Үүн дээр МАН-ын удирдлагуудын зүгээс тодорхой алхмуудыг хийж, уулзалт зохион байгуулж байгаа гэсэн мэдээлэл бий. Өнөөдрийн байдлаар уулзаад ийм шийдэлд хүрсэн гэсэн мэдээлэл хараахан алга.

Танай намын хувьд хоёр нам нэгдэх асуудлыг Их хурал, Бага хурал, удирдах зөвлөлийнхөө алинаар нь шийдэх вэ?

-Хоёр нам намынхаа Бага хурал юм уу, Их хурлыг хуралдуулах байх. Хурлаас гарсан шийдвэрээ тодорхой болгоод явах ёстой гэж харж байгаа.

Гэхдээ МАН гэдэг нэрээрээ явах уу, МАХН гэдэг нэрээр явах уу гээд л маргаан үргэлжлэх нь дамжиггүй?

-Үнэн. Хоёр нам нэгдлээ гэхэд цаашид МАН гэх үү, МАХН гэх үү гэдэг нэрний асуудал яригдаж таарна. Хоёр намын аль нэг нэрээр нэрлэлээ гэхэд дахиад өөр улс төрийн хүчин гарч ирээд нөгөө нэрийг нь ашиглаад байхааргүй нөхцөл боломжийг үүсгэх шийдвэр гаргаж байж эцсийн байдлаар шийдэх ёстой.

Хоёр нам сонгуульд нэгдэж орохоор болбол үр дүн нь ямар байх бол?

-Одоогийн байгаа түвшнээс харьцангуй дээгүүр байх магадлал нэмэгдэнэ гэж харж байгаа.

Хоёр нам өрх тусгаарлах болсон шалтгаан дарга нарын хоорондын зөрчил шүү дээ. Хоёр нам нэгдлээ гэхэд дахиад л хоёр том фракц бий болчих юм биш үү?

-Миний хувьд фракц болоод задраад явчих зүйл гарахгүй болов уу гэж бодож байна. Үндсэндээ улс төрийн хүрээлэл дотор ажиллаж байгаа МАН, МАХН аль алиных нь гишүүд нэг нам байж, нэг зорилготой учир зүйгээ олоод л явдаг байсан. Тиймээс хүндрэл гээд байх зүйл гарахгүй байх. Мэдээж улс төрийн нам л болсон хойно нам дотор байдаг эрүүл, саруул мэтгэлцээн гарна. Эхэн үедээ зарим нэг асуудлаас болоод бие бие рүүгээ хатуу, хөтүү үг чулуудах л байх. Гэхдээ манай хоёр намын улс төрд явж байгаа, ялангуяа тэргүүлэн явж буй хүмүүсийг улс төрд хатуужсан хүмүүс гэж ойлгодог. Харилцан бие биенээсээ ирэх томоохон чулууг тэсээд гарчих, хоёр намын дунд хаясан чулууны учрыг нь олоод тойроод гарчих, хүний хатгаасыг зөв, буруугаар нь ялгаад салгачих ажил, амьдралын туршлагатай улстөрчид байгаа учраас айхтар хүндрэл гарахгүй.

Та төсвийн ажлын хэсэгт орж ажиллаж байгаа гишүүн. Ирэх оны төсөв хэрхэн батлагдах төлөвтэй байна. Төсөв дээр засаж янзлах зүйл их байгаа талаар ярьж байсан?

-УИХ-ын даргын байгуулсан төсвийн ажлын хэсэгт орж ажиллаж байгаа. Бүлэг дээрээ төсвийн ажлын хэсгийг ахалсан. Төсвийн тодотгол хэлэлцэхээс эхлээд байр сууриа тодорхой илэрхийлж ирсэн. Хамгийн гол нь орлого, зарлага хоёроо зөв тооцох ёстой. Тэгж байж төсвөө өнөөгийн нөхцөл байдалдаа нийцүүлж, зөв бодлогоор явах шаардлагатай. Төсвийн тодотгол хэлэлцэж байхад “Танай саналыг авлаа” л гэсэн. Ойр зуурын жижиг санал авсан хэрнээ хамгийн гол санал аваад хамтарч ажиллах зүйл дээрээ чадахгүй байна. Орлогоо зөв тооцоолж, хасч болох бүх зардлаа таная гэдэг манай бүлгийн саналыг аваагүй.

Төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хувийг тав биш гурван хувь руу оруулъя гэдэг зарчмын саналыг төсвийн тодотголоороо хүлээж авсангүй. 2016 оны төсөв батлах гээд хэлэлцэж байгаа энэ үед өнөөх л байдал руугаа орох маягтай явж байна. Манай намын зүгээс гаргасан шинээр барилга байгууламж барихыг тэвчин хуучин барилгуудаа гүйцээх хэрэгтэй гэдэг саналыг зарчмын хувьд хүлээж авч байх шиг байна.

Үр дүн гарч л байгаа юм байна. Гэтэл МАНынхан бүгдийг л үгүйсгэж яриад байдаг

-Гэхдээ нэг жишээ хэлье. 24 тэрбум төгрөгийг төмөр замын цэрэгт зарцуулахаар оруулж ирж байна. Үүнийг нь харахаар энэ бол сонгуулийн шоу л байна гэж харахаар байгаа юм. Цэргүүд төмөр зам барина ч гэж юу байхав дээ. Төмөр замыг Валасовын арми барьдаг байсан тэр үе, өнөөдрийн цаг үе хоёр тэнгэр, газар шиг ялгаатай. Үүнийг ард түмэн ойлгож байгаа. Үүнийг би маш сайн мэдэж байна. Сонгууль дөхсөн тул 24 тэрбум төгрөгөөр баахан залуучуудыг ажилтай болгож төмөр зам бариулна гэж бүртгээд “Манай намын төлөө саналаа өгөөрэй” гэж хэлэх гэж байгаа башир арга байна л гэж хараад байгаа шүү. Үүнийг би шударгаар хэлж байна. Энэ мөнгө нь төсөв дээр батлагдах л юм бол ийм юм болно. Харж л байгаарай. Ийм маягаар төсвийн зарлагыг үрэлгэн байдлаар оруулж байгаад харамсаж байгаа юм. Энэ бол нэг л жишээ.

Малын хашаанд гэхэд нэг тэрбум төгрөгөөс эхлээд төсвийн үрэлгэн зардал нэлээд харагдаж байсан. Ирэх оны төсвийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийх обьект гэхэд сургууль, цэцэрлэг, соёлын төв гээд хөвөрч байна. Магадгүй сонгуулийн мөнгөө хардалт багатайгаар ингэж оруулж ирж байгаа болов уу?

-Би болсон, болоогүй найман удаагийн төсөв батлах ажилд оролцлоо. Барилга обьектыг шинээр эхлэх асуудал дээр зөвхөн сонгуулийн өмнөх жил ч биш бусад жилүүдэд ч шүүмжлэлтэй ханддаг.

Шинэ сургууль, цэцэрлэгтэй болохыг дэмждэггүй гэсэн үг үү?

-Яалаа гэж. Би анх гишүүн болохдоо барилга обьектууд дээр цөөн ч хамаагүй хэдэн төгрөг тавиад ажлыг нь эхлүүлчихвэл миний нэр хүнд орон нутагтаа өснө. Дараагийн сонгуулиар ногоон гэрлээр сонгогдоно гэж боддог байсан. Ганц би ч биш бүх гишүүд тэгж боддог. Гэтэл үнэндээ тийм биш гэдгийг ойлгосон. Жилийн жилд барилгын ажил эхэлж байгаа бол тухайн жилд нь дуусгах зарчмаар явах ёстой. Сургууль, цэцэрлэгийн барилгыг монголчууд өөрсдөө нэг жилийн дотор барьчихдаг болсон. Энэ бүхнээ бид тооцож богино хугацаанд барьж ашиглалтад оруулдаг зарчим руу орохгүй бол талаар нэг тараадаг.

Тэр нь юу гэсэн үг вэ?

-20 суманд цэцэрлэгийн ажил эхлүүлээд хаядаг. Тэр нь тухайн жилдээ дуусдаггүй.

Дараагийн жилд нь ажил нь үргэлжлэхээр ханшийн зөрүү гэдэг дэмий зүйл рүү орж мөнгө идэх үүсвэр болдог. Үүнээс улбаалан барилга нь чанаргүй болдог талтай. Манайхан төсөв хэлэлцэх явцад иймэрхүү зүйл ноёлж байна. Үүнийг УИХ-ын гишүүд бид ухамсраараа ойлгоод зогсоох ёстой атал тэгдэггүй. Ардчилсан намынхан л тэгж байна гэж буруу чихээд байх хэрэггүй. Бүх гишүүдэд ийм ойлголт байдаг. Бид жинхэнэ утгаар нь төсөв хэлэлцдэг болъё гэвэл гишүүд санал нэгтэйгээр үүнийг зогсоох ёстой. Бодит обьектуудаа санал нэгтэй дэмжих хэрэгтэй л дээ.

Манай орны зээлжих зэрэглэл буурлаа гээд дахин зарлачихлаа. Хонгилын үзүүр дэх гэрэл ч алга болчихов уу даа?

-Монголбанк, улсын төсөвтэй холбоотой өрийн талаар өөрийнхөө хэмжээнд тодорхой мэдээлэл авч байна. Энэ чиглэлийн өндөр боловсролтой хүмүүсээс би зөвлөгөө авдаг. Зөвлөгөө авч байхад өр болохоо байчихлаа гэдгийг олон хүн хэлж байгаа юм. Манайхан ирэх оны эдийн засгийн өсөлтийг 4.1 байна гээд байгаа нь худлаа гэдгийг хэлж байна. Ч.Хүрэлбаатар гишүүн Дэлхийн банкны хамгийн сүүлийн мэдээг авчихсан явж байна лээ. Үүн дээр Дэлхийн банк 0.8, Олон улсын валютын сан 0.6 хувиар манай улсын эдийн засгийг өснө гээд тооцчихсон байна. Тиймээс 2016 оны төсвийг 4.1 гэдэг өсөлттэйгээр шууд төсөөлж болохгүй. Үүнийгээ багасгах ёстой. 0.8 биш юмаа гэхэд 2.1 гэдэг ч юм уу бодит байдал руугаа оруулахгүй бол 2016 он дуустал гадны хөрөнгө оруулалт орж ирэхгүй нь тодорхой болчихлоо. Японы Элчин сайд Шимизү гуай “Монголчууд гадаадын хөрөнгө оруулагчдад дэндүү хатуу ханддаг. Англи, Америк, Герман гээд барууны хөрөнгө оруулагчид одоо байхгүй. Хятадын цөөн хэдэн компанийн хөрөнгө оруулалт үлдлээ” гэх худал мэдээллийг Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн айлчлалын дараа Л.Эрдэнэчимэг гишүүн олон нийтэд өгсөн гэж ярьсан байна. Таван толгойн ТЭЗҮ-ийг 2015 ондоо багтааж өгнө гээд танай сонинд ярилцлага өгсөн байсан. Тэрийг нь Японы Элчин сайд нь “Тийм юм байхгүй. Худлаа мэдээлэл өгч байна” гээд ярилаа. Энэ мэтчилэн улстөрчид бид хэлэх үгээ мэдэж, болгоомжтой ярих ёстой. Мэдэхгүй бол худлаа шоу маягаар ярьж болохгүй. Ялангуяа гадаад харилцаатай холбоотой асуудлаар шоудаж болдоггүй юм. Энэ чинь өөрөө манай орны нэр хүндийн асуудал шүү дээ. Түүнээс биш гишүүд бид хоорондоо МАН, АН болж талцаад улс төр хийж байгаа зүйл биш. Энэ гадаад талд УИХ-ын гишүүн гэдэг биднийг төрийн бодлого тодорхойлох түвшний хүмүүс гэж хүлээж авдаг. Гэтэл төрийн бодлого тодорхойлдог хүмүүс нь ийм ороо бусгаа зүйл яриад байвал Монголын парламентыг ийм л гэж харна. Их хурлын гишүүн гэдэг чинь парламентын тусгал байдаг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *