Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Ус уухад учир бий

Амралтын өдрийн өглөө уламжлал ёсоороо дөрвөн аяга ус уучихаад буцаад хэвтэж байтал Японы “NHK” телевизээр гарч буй нэвтрүүлэг анхаарал татав. Учир нь усыг хэрхэн зөв уух тухай байсан юм.

Өглөө бүр өлөн элгэн дээрээ хэд, хэдэн аягаар угсруулж ус уух нь буруу гэж ирээд л ярилаа. Тавхан минутын өмнө литр шахуу ус нэг дор уусан болохоор анзаарахгүй өнгөрч чадсангүй. Уг нэвтрүүлэгт оролцож буй эмч нарын яриаг сонстол “Эмэгтэйчүүд, ялангуяа залуу бүсгүйчүүд арьсаа сайхан болгохын тулд ус уух хэрэгтэй” гэж байна. Үргэлжлүүлээд “Өглөө босоод өлөн байх үедээ ус уух хэрэгтэй. Гэхдээ нэг дор их хэмжээгээр уугаад хэрэггүй” гэлээ. Учир нь нэг дор таван зуун граммаас илүү ус уухаар ходоод сунадаг гэнэ. Улмаар ус биеэс гадагшлахад ходоод хоосорч өлсөх учиртай. Энэ үед хоол идэхээр ходоод өмнөх уусан усны хэмжээгээр дүүрч байж сая цадах мэдрэмж төрүүлдэг ажээ. Тиймээс нэг дор их хэмжээний ус уувал ходоод сунаад, идэмхий болдог гэж тайлбарлаж байна лээ.

Манай ихэнх бүсгүйчүүд ус л уугаад байвал жин хасна гэж боддог. Улмаар гэнэт ус уухаа санаад нэг дор 500 грамм орчим ус залгилчихдаг. Харин ингэж уух нь буруу ажээ. Хэрэв та арьсаа чийглэг байлгах, улмаар биеийн жингээ хэвийн хэмжээнд барихыг хүсдэг бол өдөрт 1.8-2.5 литр ус уухад л тохиромжтой юм байна. Гэхдээ бага, багаар биедээ шингээж уугаарай. Ингэхийн тулд өглөө боссон цагаасаа хойш бага, багаар хувааж уусаар 18 цагт зогсоох ёстой юм байна. Учир нь орой уусан ус бөөрөнд ачаалал өгдөг ажээ.

Хэрэв хоолны дараа болон нэг дор их хэмжээгээр ус уувал ходоод сунаж хоол идэх дуршлыг нэмэгдүүлдэг байна.

С.АЛТАНЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *