Categories
мэдээ нийгэм

Гурил үйлдвэрлэлд 108.0 мянган тонн буудай нийлүүлэв

Энэ онд улсын хэмжээгээр 389.3 мянган га-д үр тариа, үүнээс 360.7 мянган га-д буудай, 12.5 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 78.5 мянган га-д тосны ургамал, 19.5 мянган га-д тэжээлийн ургамал, 5.4 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 512.3 мянган га-д тариалалт хийсэн.

Ургацын урьдчилсан балансаар 265.0 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай, 117.3 мянган тонн төмс, 75.3 мянган тонн хүнсний ногоо, 28.7 мянган тонн тосны ургамал, 53.9 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авах мэдээ гарсан.

Гэвч тариалангийн бүс нутгаар 5 дугаар сард хүйтэн сэрүүн, хур тунадас багатай, 6 дугаар сард олон хоног үргэлжилсэн аагим халуун болж хөрсөн дээрх хамгийн их температур 60-64 градуст хүрч 18-27 хоног үргэлжилсэн нарны хэт их халалт явагдсан нь гангийн нөхцөлийг үүсгэсний зэрэгцээ 08.12-09. 20-ийг хүртэл тариалангийн бүс нутгаар нэлээд хэмжээний хур тунадас орж, дулаан байсан нь тариа хэнзлэх, хог ургамал их хэмжээгээр түрж ургах нөхцөлийг бий болгосон.

Түүнчлэн 9 дүгээр сарын 24-30, 10 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд нийт нутгаар их хэмжээний хур тунадас, нойтон цас орсон нь ургац хураалтын явцыг сааруулсны зэрэгцээ ургацын хаягдалыг нэмэгдүүлж байгаагаас урьдчилсан байдлаар балансаар тогтоогдсон ургац 30 орчим хувиар буурах нөхцөл байдал үүссэн байна.

10 дугаар сарын 30-ны байдлаар 50.7 мянган га-г ангилан хадаж, 50.0 мянган га-г цайруулан, 228.4 мянган га-г шууд хурааж, нийтдээ 278.7 мянган га-гаас 211.3 мянган тонн үр тариа, үүнээс 200.0 мянган тонн буудай, 163.9 мянган тонн төмс, 71.6 мянган тонн хүнсний ногоо, 42.8 мянган тонн малын тэжээл, 21.0 мянган тонн тосны ургамал тус тус хураан авч, гурил үйлдвэрлэлд 108.0 мянган тонн буудай нийлүүлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *