Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод УИХ-ын гишүүн А.Бакей нарын 16 гишүүний санаачлан боловсруулсан Сонгуулийн хуулийн төслийг өнөөдөр өргөн барилаа.
Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын хөгжлийн хурдац, үүнээс үүдэн гарсан нөхцөл байдал, хууль тогтоомжийн чанар, уялдаа холбоог сайжруулах шаардлага зэргийг харгалзан сонгуулийн үндсэн зарчим, журмыг улам тодорхой болгох, Үндсэн хуульд заасан иргэний сонгох, сонгогдох эрхийг баталгаатай хангах, түүнчлэн сонгуулийг зохион байгуулж явуулах удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн орчинг сайжруулах, хуулийн хэрэгжилтийг нэг мөр хангахад чиглэгдсэн өөрчлөлтийг хийх зэргээр сонгуулийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг бүхэлд нь эргэн харж улам боловсронгуй болгох шаардлагын үүднээс хуулийн төслийг боловсруулжээ.
Сонгуулийн хуулийн төсөл нь хоёр хэсэгтэй бөгөөд хэсэг тус бүр бүлэг, дэд бүлэгтэй, нийт 19 бүлэг, 164 зүйлтэй юм.