Categories
мэдээ нийгэм

Олонлог, Хүрээ, И Эс Эм сургуулийн хүүхдүүд үдийн хоолноос хорджээ

Он гарсаар гурван сургуульд хоолны хордлого, хордлогот халдвар гарсан. Энэ дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран хийсэн шалгалтаар үдийн цайг үдийн хоол болгон өргөжүүлж байгаа нь хордлого гаргах нөхцөл болж байгааг тогтоожээ.

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд “Хүрээ”, олон улсын “И Эс Эм”, “Олонлог” бүрэн дунд сургуулийн цайны газрууд хоол үйлдвэрлэлийн технологи, урсгал ажиллагаа, эрүүл ахуйн стандарт шаардлага хангахгүйн дээр багш, ажилчдын урьдчилан сэргийлэх үзлэгийг хуурамчаар бүрдүүлсэн зэрэг зөрчил илэрсэн байна.

Тодруулбал, есдүгээр сарын 13-нд Олонлог бүрэн дунд сургуулийн хүүхдүүдийн дунд бүртгэгдсэн хоолны хордлого, хордлогот халдварын улмаас зургаан хүүхэд хэвтэж эмчлүүлжээ.

Хоолны хордлогын үед 1-5-р ангийн 352 сурагч тандалт судалгаанд оролцоход 167-д нь эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн байна.

Тус сургуулийн цайны газрын

  • хоол үйлдвэрлэлийн технологи, урсгал ажиллагаа стандарт, эрүүл ахуйн шаардлага хангахгүй,
  • үдийн цай, үдийн хоол бүрд технологийн картыг боловсруулж, баталж мөрдүүлээгүй,
  • түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний баталгаажилт хангалтгүй,
  • үдийн цайнд нийлүүлсэн сүү, тараг нь гарал үүсэл, ариун цэврийн гэрчилгээгүй,
  • дотоод хяналт байхгүй,
  • цайны газрын хоёр ажилтан эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамрагдаагүй, нян судлалын лабораторигүй эмнэлгээр нян тээгчийн шинжилгээг хуурамчаар бичилт хийлгэсэн зэрэг зөрчил илэрчээ.

Олонлог сургуулийн гал тогооны ажиллагсад болон бага ангийн багш нарт эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн хуурамч бичилт хийж өгсөн Батном лабораторид мөнгөн торгууль ногдуулсан байна.

Мөн “Хүрээ”, олон улсын “И Эс Эм”, “Олонлог” сургуулийн цайны газарт ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийн мөрдөлт хангалтгүй зэрэг зөрчил илэрчээ.

Тиймээс цаашид сургуулиудын цайны газарт анхаарал хандуулах шаардлагатай учраас нийслэлийн 60 сургуульд шалгалт явуулж байна.

Үдийн цайтай холбоотой хордлого гарсан, гарч байгаатай холбоотойгоор эцэг эхчүүдийг энэ тал дээр анхаарал хандуулж, хүүхдүүдийнхээ идэж буй хоол хүнс, түүний чанар, аюулгүй байдалд анхаарлаа хандуулахыг НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш онцоллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *