Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт ирэх оны хавраас ид өрнөнө гэсэн гэгээтэй мэдээг баталсан үйл явдал өчигдөр боллоо. Оюу толгойн үнэ цэнийн 80 хувийг агуулж байгаа далд уурхайн ханган нийлүүлэгчдийн форум Дуурь бүжгийн эрдмийн театрт болов. Форумд Оюу толгойд ханган нийлүүлэлт хийх хүсэлтэй 29 орны 600 орчим компани оролцож далд уурхайд ханган нийлүүлэлт хийхийн тулд ямар шалгуур хангах ёстойгоо сонирхлоо. Энэ компаниудын дийлэнх нь монголынх байлаа. Тодруулж хэлбэл 400 нь үндэсний компани байсан юм. Гадны компаниудын хувьд Хятад, Канад, Австрали, Америкийн бизнес эрхлэгчид форумыг зорьж иржээ.
“Оюу толгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Эндрью Вүдлэй, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Рио тинто “компанийн Төмрийн хүдэр болон Зэсийн төслүүд хариуцсан захирал Стив Фелис, “Оюу толгой” ХХК-ийн Далд уурхайн захирал Крис Айчисон, Төслийн хангамжийн менежер Эндрью Арнет нарын илтгэлээс далд уурхайн бүтээн байгуулалтын талаар бүх талын мэдээллийг авч болохоор байв.
Бизнес эрхлэгчдээс худалдаж авах зүйлсээ зарлав
Өнгөрсөн жил “Оюу толгой” компани нийт худалдан авалтынхаа 50 хувийг дотоодын компаниудаас хангасан байна. Далд уурхайн бүтээн байгуулалтын явц дахь худалдан авалтын дийлэнх нь монгол компаниуд байхад анхаарна гэж тэд онцлов. “Оюу толгой” төслийн удирдлагууд ханган нийлүүлэгч компаниудад нээлттэй өрсөлдөх боломжийг олгохоо амлалаа. “Оюу толгой” төслийнхөн худалдаж авах бараа, бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг энэ үеэр зарласан юм. Их хэмжээгээр хэрэглэх материалуудад цахилгааны болон харилцаа холбооны хэрэгсэл, хоолой, насос, агааржуулалтын тоног төхөөрөмж, дагалдах үйлчилгээ, галын аюулаас сэргийлэх үйлчилгээ, тоног төхөөрөмж, далд уурхайн хоргодох байр зэрэг оржээ. Мөн метал хийц, төмөр, өрөмдлөг, өрөмдлөгийн тоног төхөөрөмж, хэрэгсэл, гүний уурхайн тулгуур бэхэлгээний материал, хөдөлгөөнт тоног төхөөрөмж, дагалдах үйлчилгээ зэргийг “Оюу толгой” төсөлд ханган нийлүүлэх боломж нээлттэй байгаа аж. Төслийн хангамжийн менежер Эндрью Арнет ямар шаардлага хангасан компаниудтай хамтран ажиллахаа танилцуулсан юм. “Оюу толгой” ханган нийлүүлэгчээ сонгон шалгаруулахдаа аюулгүй ажиллагаа, бизнесийн ёс зүй, үр өгөөжтэй урт хугацааны түншлэл, дэлхийд өрсөлдөхүйц чадвар гэсэн суурь зарчмыг баримтлах аж. Ханган нийлүүлэгчдийн сонгон шалгаруулалт удахгүй эхлэх юм байна.
Б.Бямбасайхан: Арван мянган хүн ажилдаа эргэж орно
“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан “Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил тодорхой хугацаанд удааширсан хэдий ч хувь нийлүүлэгч талууд маргаантай байсан асуудлууддаа ойлголцолд хүрч, түүнийгээ баталгаажуулсан. Гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлснээр 2016 онд Монголын эдийн засаг дор хаяж таван хувиар өсөх боломж бүрдэж байна. Хөгжингүй улсуудын хувьд ДНБ-ий таван хувийн өсөлт боломжийн тооцогддог ч манайх шиг хөгжиж байгаа, жижиг эдийн засагт ийм өсөлт хангалтгүй. Тийм учраас “Оюу толгой” төслөөр өдөөгдөн өсөх эдийн засгийг зөв хөрөнгө оруулалт болгон эдийн засгийн үсрэнгүй хөгжилд бид хамтдаа хүрэх нь чухал. Гүний уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай 4.2 тэрбум ам.долларын санхүүжилтийг олон улсын 19 банк, санхүүгийн байгууллагаас зээлэх ажлыг энэ ондоо багтаан эцэслэхээр ажиллаж байна. Ажил их өөдрөг байгаа. Далд уурхайн ажил эхэлснээр ямар ч байсан нэг тэрбум ам.долларыг Монголын эдийн засагт оруулж ирнэ. Дэд бүтэц, төмөр зам, цахилгаан станц зэрэг томоохон төслүүд “Оюу толгой” төслийн санхүүжилтийг дагаад олон улсаас хөрөнгө оруулалт татах боломжтой болж байна. “Оюу толгой” төсөл Монгол гэх хаалттай зах зээлийг дэлхийд нээж өгч байна.” гэж ярилаа. Далд уурхайг ашиглалтад оруулахад 4.2 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай гэсэн тооцоо гараад байгаа. Олон улсын 19 томоохон санхүүгийн байгууллагаас энэ мөнгийг босгохоор хэлцэл хийж буй. Б.Бямбасайхан далд уурхайд зарцуулах энэ санхүүжилт оны өмнө шийдэгдэнэ гэсэн мэдээг форумын индрээс дуулгасан юм.
Гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлснээр 3000 орчим ажлын байр шинээр бий болох тооцоо гарчээ. Харин “Оюу толгой” төсөлд компаниуд ханган нийлүүлэлт хийгээд эхлэхээр хамгийн багадаа арван мянган хүн ажлын байрандаа эргэж ирэх гэнэ. Ханган нийлүүлэгч компаниудын бизнес сэргээд ирэхээр арилжааны банкуудын үзүүлэлтүүд сайжирч, идэвхжинэ гэж Б.Бямбасайхан онцлов. Төслийн худалдан авалтын 80 гаруй хувийг монгол компаниудад зарцуулахаар төлөвлөжээ. “Оюу толгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Эндрью Вүдлэйгийн хэлснээр Оюу толгойн гүний болон бусад орнуудыг ашиглавал 2100 он хүртэл ашиглах бололцоотой гэнэ. Тэрээр “Далд уурхайн бүтээн байгуулалтыг дагаад маш олон төрлийн бизнесийн боломжууд үүсч байгаа. Барилга бүтээн байгуулалт, төрөл бүрийн мэргэжилтэй боловсон хүчин, бараа материал хангамжийн үйлчилгээ гэж ирээд яривал олон боломж бий. Бид Монголын компаниудтай хамтран ажиллахыг чухалчилж байна. “Оюу толгой” бол Монгол компани. Бид зардлаа хэмнэж, үр ашгаа өсгөхөд анхаарч байгаа. Оюу толгойн ордын нийт нөөцийн 80 хувь нь газрын гүнд бий. Далд уурхай Монголыг зэс, алтны дэлхийн гол тоглогч болгоно. Та бүхэн далд уурхайн бүтээн байгуулалтын нэг хэсэг болно” хэмээн ярилаа. “Рио тинто”-гийн төмрийн хүдэр, зэсийн төслүүд хариуцсан захирал Стив Фэлис “Зэсийн үнэ цэн улам өсөх ирээдүй байна. Эрчим хүч гаргаж авах, хиймэл дагуул, цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэх зэрэгт зэсийг өргөнөөр ашигласаар байгаа. Бид гүний уурхайн бэлтгэл ажлаа эхэлчихсэн. Одоо шаардлагатай зөвшөөрлүүдийг авах ажил үргэлжилж байгаа” гэж онцлов. Сонирхуулж хэлэхэд Оюу толгойн зэсийн баяжмалаар АНУ-ын Луизана муж улсад чийдэн үйлдвэрлэж байгаа гэнэ.
Одоогоор Оюутолгойн далд уурхайд 14 километр урт хөндлөн хонгил бариад байгаа. Цаашид 1300 метрийн гүнд 200 км урт хонгил нэмж барих төлөвлөгөө гаргажээ. Ингэснээр Оюу толгойн үнэ цэнийн 80 хувь нь байгаа гүний уурхайн нөөцийг ашиглах боломж нээгдэх юм.
Ц.СҮРЭН