Categories
мэдээ нийгэм

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Хохиролтой үлдсэн хэлмэгдэгсдийн гэр бүл

СБД-ийн IV хорооны өндөр настан Ш.БАТСҮХ

Миний эцэг Барбай овогтой Чойсон одоогийн Сүхбаатар аймгийн “Дэрсэн хашаат”-ын хийдэд шавилан суудаг лам байсан. 1938 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр машинтай гурван хүн хүрч ирээд баривчилж аваад явав. Би үед машин гэдгийг хараагүй, гадны танихгүй хүмүүсийг ч үзээгүй, таван настай хүүхэд байлаа.

Аавыг аваад явснаас хойш ээжийн маань бие нь муудаад байдаг болчихлоо. Миний эгч айлын бэр болоод явчихсан байснаа ээж бид хоёртой байдаг болов. Гэтэл ээж маань бүүр хэвтэрт орж, эгчийн асаргаанд байхад нас барж, би бүтэн өнчирч, эгчийнхээ асрамжинд үлдсэн. Бага балчир насандаа өнчрөл зовлонгийн хүнд бэрхийг туулсаар өдгөө 83 насыг зооглоод байна.

Монгол Улсад ардчилал ялж, нууц байсан зүйл ил болоход архивын материалиас үзэхэд аавыг маань ОБЭК-ын 1938 оны тавдугаар сарын 13-ны өдрийн 18 дугаар тогтоолоор буудан хөнөөх ялаар шийтгэжээ. Энэхүү ялыг нь 1993 оны тавдугаар сарын 22-ны 126 дугаар магадлалаар цагаатгасан юм. Хилс хэргээр цаазлагдаж, цагаатгагдагсдын төрөл төрөгсдөд нөхөн олговор олгох тухай 1998 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдрийн шийдвэрээр надад нэг сая төгрөг олгосон.

Хүний аминаас үнэтэй зүйл энэ хорвоо дээр хаана ч үгүй гэдэг нь тодорхой учраас би эцгийнхээ амь насны нөхөн төлбөрийг нэг сая төгрөгөөр үнэлэх ёсгүй гэж үзээд, энэ тухай өөрийн санал, өргөдөл гомдлоо төр засгийн бүхий л албан тушаалтнуудад болон харьяаллын шүүхэд хүртэл бичсэн. Өнөө болтол ямар нэг хариу өгсөнгүй. Харин 2006 оны арваннэгдүгээр сарын 8-нд ЦАУЗБУК-ын дарга Д.Лүндээжанцан миний өргөдөлд ирүүлсэн хариу бичигтээ “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн хүүхдүүд, ялангуяа цаазлагдсан хэлмэгдэгсдийн хүүхдүүдэд нийгмийн халамжийн зарим туслалцаа үзүүлэх (мөнгөн тэтгэмж өгөх, орон сууц, гэр олгох гэх мэт) асуудлыг манай комисс энэ оноос онцгойлон авч үзэж УИХ, Засгийн газарт хүсэлт тавихаар бэлтгэж байна” гэсэн билээ.

Манай төр засаг хилсээр хэлмэгдсэн бол эрт, эдүгээ гэж ялгахгүйгээр адил тэгшээр нөхөн олговрыг нь бүрэн хэмжээгээр өгөх ёстой гэж бодогдоно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *